АХБ: Азийн орнууд цар тахлын хүнд үеийг аажмаар давж, хөлөө олж эхэлсэн ч ОХУ, Украины дайн ноцтой эрсдэл дагуулж байна

Азийн Хөгжлийн Банк /АХБ/-аас жил бүр эрхлэн гаргадаг "Азийн хөгжлийн төлөв" эдийн засгийн тайлан мэдээллийг өнөөдөр /2022.04.06/ хэвлэл мэдээлэл, олон нийтэд танилцуулав.
АХБ: Азийн орнууд цар тахлын хүнд үеийг аажмаар давж, хөлөө олж эхэлсэн ч ОХУ, Украины дайн ноцтой эрсдэл дагуулж байна

Азийн Хөгжлийн Банк /АХБ/-аас жил бүр эрхлэн гаргадаг "Азийн хөгжлийн төлөв" эдийн засгийн тайлан мэдээллийг өнөөдөр /2022.04.06/ хэвлэл мэдээлэл, олон нийтэд танилцуулав. Хэвлэлийн хуралд АХБ-ны суурин төлөөлөгч Павит Рамачандран, тэргүүлэх эдийн засагч Деклан Магий, ахлах эдийн засагч С.Болд нар оролцлоо. Анх 1966 онд байгуулагдсан АХБ-ны гишүүн 68 орны 49 нь Ази, Номхон далайн бүс нутагт оршдог бөгөөд бүс нутгийн улс орныг дотор нь зүүн, өмнөд дэд бүсэд хуваан эдийн засгийн байдлын төлөв байдлыг гаргасан байна.

Азийн хөгжиж буй ихэнх орнуудын эдийн засаг тогтвортой өснө

Дэлхий нийтийг хамарсан тодорхой бус байдал улс орон бүрд нийгэм, эдийн засгийн тогтворгүй орчин нөхцөлийг бий болгож байгааг Азийн Хөгжлийн Банк тодотгосон. Тус банкнаас урьдчилан таамаглаж байгаагаар дотоодын эрэлт хурдтай сэргэж, экспорт нэмэгдсэнээр Ази тивийн хөгжиж буй орнуудын эдийн засаг 2022 онд бүс нутгийн эдийн засаг 5.2%-аар өсөх төлөвтэй байна. Энэ өсөлт ирэх 2023 онд ч өөрчлөгдөхгүй 5.3%-ийн өсөлттэй байх магадлалтай ажээ. "Азийн хөгжлийн төлөв" тайланд дурдсанаар Өмнөд Ази, Зүүн Ази зэрэг хэд хэдэн дэд бүсүүдийн эдийн засгийн өсөлт цар тахлын өмнөх үеийн түвшиндээ хүрэх боломжтой гэж үзжээ. Гэвч бүс нутгийн хэмжээнд инфляцын түвшин энэ онд 3.7%-д хүрч өсөх, харин 2023 онд 3.1% болж буурна гэсэн төлөвийг гаргажээ. “Азийн хөгжиж буй орнуудын хувьд ковид цар тахлын хүнд үеийг аажмаар давж, хөлөө олж эхэлж байна” гэж АХБ-ны ерөнхий эдийн засагч Альберт Парк хэлсэн бол ОХУ, Украины дайнаас үүдэн олон улсын санхүүгийн зах зээл цочролд оруулсан бол Азийн эдийн засгийн төлөвт ноцтой эрсдэл дагуулсан гэдгийг дүгнэлтийг ч мөн гаргаад байна.

took

Хөгжиж буй Азийн ихэнх орнууд 2022-2023 онд тогтвортой өсөлт үзүүлэхээр байна. Кавказ болон Төв Азийн орнуудын эдийн засаг энэ онд дунджаар 3.6%, ирэх онд 4%-аар өсөх төлөвтэй. Гадаад худалдаанаас ихээхэн хамааралтай Зүүн өмнөд Азийн эдийн засаг энэ онд 4.9%, 2023 онд 5.2%-аар өсөхөөр байна. Аялал жуулчлалаас ихээхэн хамаардаг Номхон далайн орнуудын эдийн засаг 2021 онд 0.6%-аар агшсан бол энэ онд 3.9%, 2023 онд 5.4%-аар өсөх төлөвтэй байна. Зүүн Азийн эдийн засгийн хамгийн том “тоглогч” болох БНХАУ-ын эдийн засаг экспортын өсөлтийн эерэг нөлөөгөөр энэ онд 5%, ирэх онд 4.8%-аар тус тус өсөх төсөөлөлтэй байгаа юм. Харин Өмнөд Азийн эдийн засаг 7-7.4%-аар тэлэх бол тус дэд бүсийн хамгийн том эдийн засаг болох Энэтхэг улсын дотоодын нийт бүтээгдэхүүн энэ төсвийн жилд 7.5-8%-аар өснө гэсэн төсөөллийг АХБ дэвшүүлээд байна.

Тус банк Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгахад хүчин чармайлт гаргасаар байхын зэрэгцээ хүртээмжтэй, тогтвортой, эрсдэлийг даван туулах чадвартай хөгжлийг бүс нутагт цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна.

Деклан Магий: Монгол Улс татварын шинэчлэл хийх хэрэгтэй

Ази, Номхон далайн тогтвортой өсөлтөд татварын шинэчлэл чухал үүрэгтэйг АХБ онцлох сэдэв болгон тусгай мэдээлэл хүргэсэн. Байгаль орчныг бохирдуулахад төлбөр ногдуулах, жижиг бизнес эрхлэгчдийн бүртгэлийг илүү хялбаршуулах, мөн цахим бараа, үйлчилгээнд ногдуулах татварыг илүү боловсронгуй, үр дүнтэй болгох зэрэг нь бүс нутгийн эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад онцгой нөлөөтэй гэж Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны шинэ тайланд тусгажээ.

Хөгжиж буй Азийн хүн ам насжихын хэрээр улсын төсвөөс тэтгэвэр, эрүүл мэндийн үйлчилгээнд илүү их зардал шаардагдах бол нийгэм чинээлэг болохын хэрээр төрөөс үзүүлэх бараа, үйлчилгээг илүү сайн байлгах хүлээлт нэмэгдэнэ. Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулж, учрах эрсдэлийг даван туулахын тулд цэвэр эрчим хүчний салбарт үлэмж их хөрөнгө оруулалт шаардлагатай болж байна. Эдгээр болон нийгмийн бусад хэрэгцээ шаардлагыг хангахын тулд улс орнууд хувийн хэвшлийн болон төсвийн санхүүжилтийн эх үүсвэрийн боломжуудыг аль болох бүрэн дайчилж, үр дүнтэй ашиглах шаардлагатай тулгарна. Эдгээрийг шийдвэрлэхийн тулд засгийн газраас нэмэгдсэн өртгийн албан татварыг илүү үр ашигтай хураах, татварын урамшууллын тогтолцоог шинэчлэх, албан бус салбарт бизнес эрхлэгчдийг эдийн засгийн харилцаанд албан ёсоор оруулах, хүн амын орлогын албан татвар болон хөрөнгийн татварыг оновчтой болгох зэрэг арга хэмжээг харгалзан үзэх хэрэгтэй гэдгийг тайланд дурдсан байна.

АХБ-ны тэргүүлэх эдийн засагч Деклан Магий өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр Азийн улс орнуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд татварын шинэчлэл онцгой нөлөөтэйг онцолсон. Тэрээр хэлэхдээ:

-Татварын орлого ковид-19 цар тахлаас өмнөх 20 жилийн хугацаанд өссөн хэдий ч харьцангуй бага түвшинд хэвээр байна. Бүс нутгийн хэмжээнд төсвийн орлого эрс буурсан. Улс орны тэргүүлэх чиглэл харилцан адилгүй байгаа ч татварыг оновчтой болгох шаардлага хэвээр байна. Татварын орлогыг бүс нутгийн хэмжээнд дунджаар дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ 3-4%-тай тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлэх боломжтой гэж тооцсон. Татварын хөнгөлөлт чөлөөлөлт нь ихээхэн хэмжээний орлогыг хаадаг учраас түүнийг оновчтой болгох шаардлагатай. Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/ бол орлогын гол эх үүсвэр бөгөөд үүнийг илүү сайн ашиглах ёстой. Азийн хөгжиж буй орнуудын хувьд НӨАТ орлогын гол эх үүсвэр болдог төдийгүй харьцангуй үр ашигтай татвар хэмээн өгүүлсэн.

Хэвлэлийн хуралд оролцсон сэтгүүлчдийн зүгээс Монгол Улсын хувьд татварын шинэчлэлийг хэрхэн явуулбал зохистой талаар тодруулан асуухад ноён Деклан Магий “Монгол Улсад татварын хувь хэмжээ бусад улс орнуудтай харьцуулахад харьцангуй бага байдаг. Тэр дундаа Хүн амын орлогын албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвар, Үл хөдлөх хөрөнгийн албан татвар зэргийг нэрлэх байна. Монголын хувьд татварыг үе шаттайгаар тогтоодог болох их орлого олж, чинээлэг амьдрах тусмаа өндөр татвар төлдөг болох, татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн өгөөжийг тогтоох зэргээр татварыг шинэчилж болох юм. Түүнчлэн бүртгэлийг хялбар болгож, мэдээллийн технологийг ашигласнаар татварын орлого нэмэгдэж, бааз суурь өргөжнө. Гэвч олон нийтийн дэмжлэггүйгээр татварын шинэчлэл хийхэд маш хэцүү” гэсэн хариултыг өгсөн юм.

С.Болд: Монголын эдийн засагт тулгарч буй өөр нэг бэрхшээл нь инфляц

АХБ-ны ахлах эдийн засагч С.Болд “Энэ оны эхний улирлыг өнгөрсөн оны эхний улиралтай харьцуулж үзэхэд энэ жилийн хувьд “Ковид-19” цар тахлын болоод ОХУ, Украины геополитикийн эрсдэл манай улсын эдийн засагт тулгараад байна. 2021 онд Монгол Улсын Засгийн газар цар тахлын үеийн эдийн засгийн хөтөлбөр хэрэгжүүлснээр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжсэн. Тэрхүү хувийн хэвшлийг дэмжсэн бодлого болон айл өрхүүдэд чиглэсэн дэмжлэгүүд нь эдийн засагт багахан боловч дэмжлэг болсон. Тэр үед урд хөрш БНХАУ манай улсын хувьд харьцангуй зөөлөн бодлого барьж байсан бол энэ жилийн хувьд хатуу чанд бодлогын хүрээнд хил гаалийн хязгаарлалттай, худалдаа хийх боломж хомс нөхцөлд байна. Энэ бол эдийн засгийн хувьд эрс тэс өөр орчин” гэсэн юм.

Монголын эдийн засаг тулгарч буй өөр нэг бэрхшээл нь инфляц. Инфляцын хэмжээ 14.2%-д хүрчихлээ. Инфляц өндөр байх нь эдийн засагт асар сөргөөр нөлөөлдөг. Бизнесийн орчны хүлээлт болоод эдийн засгийн дунд хугацааны хүлээлтэд инфляц маш сөрөг нөлөө авчирна гэдгийг тэрээр тодотгож байлаа. Монгол Улсын гадаад төлбөрийн тэнцэл оны эхний хоёр сарын байдлаар 570 сая ам.долларын алдагдалтай гарсан байна. Валютын орох урсгал бага гарах урсгал өндөр байгаагаас Монголбанкны гадаад валютын нөөц 1.2 тэрбум ам.доллароор буурсан дүн гарчээ.

Хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн зүгээс Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого” эдийн засагт нөлөөллийн талаар тодруулан асуусан юм. АХБ-ны суурин төлөөлөгч Павит Рамачандран “Шинэ сэргэлтийн бодлого бол тун удахгүй болох эдийн засгийн чуулганы том сэдэв байх нь гарцаагүй. Эдийн засгийг тогтвортой, хүртээмжтэй байлгахын тулд хэрэгжүүлж буй учир бодлогын томьёоллын хувьд зөв зүйтэй. Харин хэрэгжүүлэх үед сонголт талдаа хүндрэл гарахыг үгүйсгэхгүй. Макро эдийн засгийн түвшинд өрийн удирдамж талдаа онцгой анхаарах шаардлагатай болов уу” гэсэн хариултыг өгсөн.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn