Ирэх арван жилд түүхий эдийн суперцикл үргэлжилнэ

Өнгөрсөн онд дэлхийн зах зээл дээр гол нэрийн түүхий эдийн үнэ ханш өссөн нь дараагийн суперцикл эхэлсний шинж тэмдэг мөн хэмээн Голдман Сакс хөрөнгө оруулалтын банкны шинжээчид үзэж байна.
Ирэх арван жилд түүхий эдийн суперцикл үргэлжилнэ
© Getty Images

Хятадын эдийн засгийн хурдацтай өсөлтийн нөлөөгөөр 2000-2010-аад оны хооронд уул уурхайн салбарт “бүүм” болсон. Гэвч Америкийн санхүүгийн хямрал, Евро бүсийн өрийн хямралын улмаас дэлхийн эдийн засгийн өсөлт, түүний дотор Хятадын өсөлт удааширснаар ээлжит суперцикл өндөрлөж, 2020 оныг дуустал дэлхийн зах зээлд түүхий эдийн үнийн уналт үргэлжилсэн юм.

Гэвч цар тахлын дараах сэргэлт буюу “U” хэлбэрийн өсөлт дэлхийн зах зээлд ажиглагдаж буй бөгөөд АНУ дэд бүтцийн салбараа шинэчлэх 1 их наяд ам.долларын хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон хийгээд хятадын эдийн засгийн идэвхжилээс шалтгаалан ирэх арван жилд түүхий эдийн эрэлт нэмэгдэж, үнэ өсөх таамаг гарчээ.

Түүхий эд нийлүүлэгч компаниудын санхүүгийн байдал сайжирч байгааг шинжээчид эш татсан байна. Тухайлбал, зах зээлийн үнэлгээгээрээ Би Эйч Пи, Рио Тинто, Англо-Американы араас дөрөвт жагсдаг, уул уурхайн магнатуудын нэг Гленкор компанийн хувьцааны ханш өнгөрөгч онд даруй 50 хувиар өссөн. Тэгвэл нэг баррель газрын тосны үнэ жилийн өмнө 52 ам.доллароос 85 ам.долларт хүрснээр газрын тос олборлогч компаниудын санхүүгийн үзүүлэлт ч эерэг гарчээ.

Газрын тосны Даймондбайк Энержи компани 2021 онд нийт 1.3 тэрбум ам.долларын өр дарсан бөгөөд өнөөдөр тус компанийн чөлөөт мөнгөн урсгал 3.5 тэрбум ам.долларт хэлбэлзэж байна. Энэ нь тус компанийн зах зээлийн үнэлгээ болох 23 тэрбумтай харьцуулбал муугүй үзүүлэлт болно. Мөн гангийн Стил Динамикс компанийн чөлөөт мөнгөн урсгалын хэмжээ 2015-2020 оны хооронд 1.2 тэрбум орчим ам.доллар байснаа 2021 онд 2.3 тэрбумд хүрсэн агаад энэ онд 3.3 тэрбумд хүрэх төлөвтэй аж. Харин тус компанийн зах зээлийн үнэлгээ 11.7 тэрбум ам.доллар юм.

Дэлхийн зах зээл дээрх зэсийн эрэлтийн төлөв
Дэлхийн зах зээл дээрх зэсийн эрэлтийн төлөв

Орос-Украины хямрал даамжирсан тохиолдолд газрын тосны үнэ цаашид ч өсөх бөгөөд цахилгаан автомашины үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүчний салбарт зэсийн эрэлт тасралтгүй нэмэгдэх прогнозтой байна. Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч Рио Тинтогийн хувьд ч энэхүү суперциклийг угтан гүний уурхайг ашиглалтад оруулахаар чармайж, Засгийн газарт зарим буулт хийсэн гэж үзэх үндэстэй билээ.

Эх сурвалж: The Motley Fool

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn