Ч.Отгочулуу: УИХ өөрөө инфляцыг өдөөсөн бодлого явуулж байна

Ч.Отгочулуу: УИХ өөрөө инфляцыг өдөөсөн бодлого явуулж байна

Тойргийн усалгаа болсон хөрөнгө оруулалтыг 100%-аар танах хэрэгтэй.

УИХ дахь АН-ын бүлгийн орон тооны бус зөвлөх, эдийн засагч Ч.Отгочулуутай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Үнэ тогтворжуулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэллээ. Та энэ төслийг дэмжиж байгаа юу?

-Тийм бас үгүй. Санаа нь зөв тул дэмжиж байгаа. Инфляц жолоодлогогүй болчихлоо. Энэ үед инфляцыг хазаарлах зорилгоор ийм арга хэмжээ авч байгаа нь зөв. Харин хуулийг нь дэмжихгүй байна. Учир нь уламжлалт бус, нэг удаагийн, түр зуурын арга хэмжээ байх ёстой. Уян хатан зохицуулалттай байх ёстой зүйлийг хуульчилж болохгүй. Хууль бол тогтвортой, тогтмол үргэлжилдэг харилцааг зохицуулдаг. Нэг удаагийн арга хэмжээнд бол тогтоол байхад хангалттай.

АН-ын бүлэг өргөтгөсөн хуралдаанаараа төслийг хэлэлцсэн. Төсөлд хэр оновчтой зохицуулалтууд орсон байна вэ?

-Хуулийн төсөлд орсон зохицуулалтуудаас нөөц бүрдүүлнэ гэдэг нь зөв. Орос, Украинд үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор үр тариа, бордоо, буудай, шатахууны хомсдолд орж магадгүй. Энэ утгаараа зөв. Харин махны нөөц шинээр бүрдүүлэхийг дэмжээд байх шаардлагагүй, өөрөө нэгэнт тогтсон нөөцийн системээрээ явдаг зүйл. Гэхдээ нөөц бүрдүүлэхэд яг хэр хэмжээтэй төсөв гаргах нь тодорхойгүй, ойлгомжгүй байна.

Монголбанкны мөнгөний бодлогын эрх мэдэлд хэт халдана гэх шүүмжлэл нэлээд гарч байна. Энэ талаар?

-Монголбанк бие даасан байх ёстой. Энэ байдлыг нь энэ хуулиар үгүй хийж байна. Мөн энэ хуулиар инфляцыг эцсийн хариуцах эзэнгүй болгож байна. Эцэст нь хэн хариуцлага үүрэх нь тодорхойгүй болно. Хариуцлагагүй болгож байгаагаа л хуульчилж байна.

Гэхдээ энэ хууль батлагдвал богино хугацаанд хэрэгжинэ биз дээ?

-Хуулийн төслийг нь харахад энэ оны 12 дугаар сарын 31 хүртэл хэрэгжинэ гэсэн байгаа юм. Үүнээс үзвэл богино хугацаанд хэрэгжих юм шиг ойлгогдож байна. Гэхдээ үүнд болгоомжтой хандах зүйл бий. Анх Ковидын тухай хууль түр зуур хэрэгжихээр батлагдсан. Дахиж сунгахгүй гэсэн заалттай батлагдсан. Гэтэл өөрчлөлт оруулаад, дахин сунгахгүй гэсэн заалтыг нь авчихсан. Ингээд 2, 3 удаа сунгасан. Ковидын хуулийг далимдуулаад олон хүн шалгалтгүй төрийн албанд орж, төсвийн зарцуулалт нь ямар ч хяналтгүй болсон. Төсвийн зарцуулалт инфляцыг бий болгож байгаа нэг зүйл. Яг үүнтэй адил сунадаг түр хууль гаргах юм бол ямар ч хэрэггүй.

АН олонх байх үед Үнэ тогтворжуулах хөтөлбөр гаргаж байсан шүү дээ. Ер нь хөтөлбөр ч бай, хууль ч тэр үр дүнд хүрдэг юм уу?

-2012-2014 оны Үнэ тогтворжуулах хөтөлбөр 2 жил үргэлжлэхдээ 700 тэрбум төгрөг зарцуулсан. Эргэн төлөлт сайн байлаа. 13%-ийн инфляц 1.3% болж буурч байлаа.

Гэтэл одоо Засгийн газраас оруулж ирсэн хуульд мөнгөний дээд хязгаар байхгүй, мөн гол барааны үнийн зөрүүг улсын төсвөөс төлнө гэж зааж байгаа нь маш буруу. Учир нь төсвийн хулгайчид болон дамын наймаачдад том боломж олгож байгаа хэрэг. Боломжийг ашиглаад дамын наймаачид нөөцлөлт, хүлээлт үүсгэнэ. Өөрөөр хэлбэл, энэ хууль нь өөрөө үнийн өсөлтийг хурдасгах хүчин зүйл болгох эрсдэлтэй. Мэдээж энэ хууль гарлаа гээд инфляц буурахгүй. Дахиад л сунгана.

Хамгийн ноцтой нь Монголбанкны бие даасан байдал алдагдана. Нөгөө талаас Монголбанканд хариуцлага тооцох аргагүй болгож байгаа юм. Учир нь энэ хуулийн дагуу Засгийн газартай хамт л хариуцлага үүрнэ гэсэн бөөрөнхий хариуг хэлэх нь ойлгомжтой. Хариуцлага хүлээх ёстой субъектийг хариуцлагаас нь мулталж байна гэсэн үг.

Ер нь хууль батлангуут шатахуун, гурил, махны үнэ өсөхгүй тогтвортой болчихдог хэрэг үү?

-Үгүй. Хууль бол хууль. Нэгдүгээрт, хууль хэрхэн хэрэгжихээс шалтгаална. Хоёрдугаарт, энэ хууль байгаа онохгүй байгаа нь том асуудал. 2012-2014 онд хэрэгжсэн Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр боомтуудад хөрөнгө оруулалт их хийсэн. Зүтгүүр, вагон, агуулахуудын тоог нэмсэн. Саад болж байсан асуудлаа зэрэгцэн шийдсэн юм. Гэтэл энэ хуульд үндсэн асуудлыг шийдэх нэг ч зүйл алга. Жишээ нь, хил дээр нүүрсний агуулахууд бүгд дүүрсэн. Урагшаа гаргаж чадахгүй хэдэн сая тонн нүүрс бий. Зэсийн баяжмал гадагшаа гаргахад бэлэн байсаар байна. Хил боомт дээр байгаа гацаагаа арилгах ёстой. Энэ жил 36 сая тонн нүүрс экспортолно гэсэн тооцоог гаргасан. Өнөөдрийн байдлаар 3 сая тонн хүрэхгүйг экспортолжээ. Энэ жил дээрх хэмжээний нүүрс гаргаж амжихгүй нь. Уг нь энэ бүх нүүрсээ яаж гаргах тухайгаа ярих, шийдэх ёстой шүү дээ.

Монголын талаас хамааралтай биш урд хөрш халдвараа хумихаар гээд хилээ нээхгүй байгаа юм биш үү?

-Нүүрс тээврийн жолооч нар коронавирусийн халдваргүй гэсэн хуурамч бичиг гаргуулдаг, тэр нь Хятадад очоод баригддаг. Энэ байдлаас болж л хилээ хаалгаад байна. Жолооч нар нь шударгаар ковидын тестээ өгөөд явдаг байхаар зохицуулахад анхаарах ёстой байсан. Хятадын тал 2 жилийн өмнөөс эхлээд халдвар хамгааллын дэглэмдээ хөрөнгө оруулалт хийгээрэй гэдгийг анхааруулсаар байсан. Харамсалтай нь Замын-Үүдэд хэдэн тэрбумаар нь юу хийснийг бүгд харсан. Жишээлбэл, Лаос-Хятадын хил дээр халдвар хамгааллын дэглэм ямар сайн байгаа билээ. Хятадын импорт өссөөр байна. ОХУ, Индонезоос их хэмжээний нүүрс авч байна. Бусад хөрш оронтой эдийн засгийн харилцаа нь идэвхжиж байгаа ч манай улстай тааруу байна. Гол нь хаанаа ямар алдаа байгаа шалтгааныг олж чадахгүй байна. Халдвар хамгааллын тал дээр хөрөнгө оруулалт хийж анхаарахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Хил боомт дээр халдвар хамгааллын дэглэмийг сайжруулж чадаагүйн улмаас тээвэр, тээвэр логистикийн түгжрэл үүсээд байна.

Иргэд үнийн өсөлтөд сөхөрч байна. Шалтгаан нь ердөө хилийн хориг, тээвэрлэлтийн зардал, түүнээс үүдсэн барааны хомсдолтой холбоотой байна уу?

-Зах зээлийн нийгэмд үнийг эрэлт, нийлүүлэлт тогтоодог. Нийлүүлэлт ихсээд ирэхээр мэдээж үнэ буурна. 2012 онд 1 литр бензиний үнэ 2,000 давсан байлаа. 2016 онд 1,500 болж буурсан. Тухайн үед Үнэ тогтворжуулах хөтөлбөр явуулахын зэрэгцээ шатахууны импортыг либералчилсан. Хэн боломжтой нь шатахуун оруулж ирэх боломжийг нь олгосон. Гэтэл одоо энэ бодлого нь явахгүй байна.

Хүнд үед хэмнэлтийн горимд шилжинэ хэмээн дарга нар том машинаасаа татгалзаж эхэлжээ. Ингээд хэмнэлт болж чадах уу?

-Дарга нар том машинаасаа татгалзаж байгаа нь зөв. Гэхдээ том зургаар нь харвал эдийн засагт тийм ч их нөлөө үзүүлж чадахгүй. 2 жилийн хэт хатуу хөл хорионы үр дүнд иргэд ажилгүй, бизнесгүй боллоо. Ийм үед “Ард түмнийг хэмнэлтийн горимд шилж” гэж байгаа нь хариуцлагагүй үг юм. Цар тахлын өмнө эмэгтэйчүүдийн 70% нь ажилтай байсан бол одоо 48% болж буурсан. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн 85% орлогоо нөхөх аргагүй алдсан. Энэ бүхэн ядууралд нөлөөлнө. Захын гэр хорооллын иргэд мах авч чадахгүй дайвар бүтээгдэхүүнээр хооллож байна. Ийм байхад дахиад яаж хэмнэх юм бэ. Хэмнэе гэвэл төр өөрөөсөө эхлэх хэрэгтэй.

Жишээ нь төр нь, улс нь өөр ямар хэмнэлт хийж болохоор байна вэ?

-2022 оны улсын төсөвт 3 их наядын хөрөнгө оруулалт хийх тухай тусгасан. Түүний 700 тэрбумыг “Андлалын хөшөө” шиг зүйлд хөрөнгө оруулалт хийхээр байгаа юм. Тухайлбал, Хэнтий аймгийн сум бүрд иргэдэд мэдээллээр үйлчлэх төв байгуулна. Төсөв нь 1.4-2.8 тэрбум төгрөг байна. Гэтэл Цахим хөгжлийн яам байгуулсан. Дижитал Нэшн гээд асар их мөнгө цацаж байна. Энэ бүхэн хоорондоо уялдаа холбоогүй, хий дэмий мөнгө зарцуулж байна. Сум болгоны төвд жилд ганц хоёрхон ашигладаг улаан булан, соёлын ордон, иргэний танхим бий. Энэ бүхэн байсаар байтал нэмээд мэдээллээр үйлчлэх төв барих ямар хэрэгтэй юм бэ. Тийм их халгиж цалгисан мөнгө байвал цэцэрлэг, сургуулиа барь, зөв зүйлд хөрөнгө оруул.

10 жилийн өмнө манай улсын төсөв 6 их наяд байв. Энэ жилийн төсөв 18 их наяд. 10-хан жилийн дотор манай улсын төсвийн зардал 3 дахин өссөн. Тэгвэл нийтийн үйлчилгээний хүртээмж 3 дахин өссөн үү. Эдийн засаг сайжирсан уу гэвэл үгүй. Жил бүр 70-100 мянган залуус хөдөлмөрийн зах зээлд орж ирдэг. Гэтэл эдийн засаг нь энэ хэмжээгээр ажлын байр бий болгож чаддаггүй. Яагаад гэвэл эдийн засаг нь томрохгүй, өсөлт нь зогссон байгаа. Эдийн засаг томорч байж ажлын байр бий болно шүү дээ.

Одоо төсөвт тодотгол хийх ажлын хэсэг УИХ дээр гаргасан. Дахиад тодотгол хийх нь хэр оновчтой вэ. Үр дүн гарах болов уу?

-Ер нь төсөвт тодотгол хийх шаардлагатай. Анхнаасаа тооцоо судалгаагүй, зардал ихтэй буруу төсөв баталсан учраас дахин дахин тодотгол хийгээд байгаа юм. 2021 оны 11 дүгээр сард улсын төсөв батлах үеэр 2022 оны төсвийг эдийн засагчид маш их шүүмжилсэн. Цар тахалгүй, Орос Украины дайн болоогүй гэж үзье. Тийм байсан ч энэ төсөв нь өөрөө инфляцын төсөв болсон байсан. Хүүхдийн мөнгийг “Ирээдүйн өв сан”-гаас санхүүжүүлнэ. Тиймээс төсвийн зардал нь буурах учиртай ч эсрэгээрээ өссөн.

Төсвийн зардал өснө гэдэг зах зээлд маш их мөнгө нийлүүлэгдэнэ гэсэн үг. Энэ нь инфляцыг бий болгоно. Үүн дээр тойргийн усалгаа болсон дэмий олон төсвүүд багтсан. Энэ нь мөрөөрөө ажиллаж байгаа хувийн хэвшлийг шахаад дарга ангид ойрхон компаниудыг дэмжсээр байгаа. Өөрөөр хэлбэл, УИХ өөрөө инфляцыг өдөөсөн бодлого явуулж байна. Гишүүдийг сонгуулиар санхүүжүүлсэн барилгын компаниуд төсөв авч, болсон болоогүй хөшөө, соёлын, спортын ордон барих жишээтэй. Тэр мөнгө нь Эрээн рүү гараад байна. Хувийн хэвшлийнхэн нь хил гаалиар бараагаа оруулж чадахгүй байхад төрийнхөн нь Ковидын хуулиар далимдуулаад шууд оруулж ирдэг. Ийм нөхцөлд хувийн хэвшил барааны үнээ өсгөхөөс өөр аргагүй.

Үр дүнгүй хөрөнгө оруулалт гэдэгт юуг оруулж байна вэ. Одоо яг ямар хэмнэлт хийж, зардал хасвал оновчтой байхаар эдийн засагч хүнд харагдаж байна вэ?

-“Андлалын хөшөө”-тэй адил олон объект бий. Жишээ нь, хүн явдаггүй суманд зам барьж байхын оронд Дарханы замаа барих хэрэгтэй. Иргэдэд мэдээлэх үйлчлэх төв, иргэний төв, Их түүхийн жимээр, Чингис хаан объект, Дэлүүн болдог онгоцны буудал, далд уурхайн музей барина гэнэ. Гэтэл энэ Ковид дахиад үргэлжилнэ. Ирэх 2, 3 жилдээ аялал жуулчлал идэвхгүй байх нь. Тиймээс эдгээр бүтээн байгуулалтыг болих ёстой. Энэ мэт тойргийн усалгаа болсон хөрөнгө оруулалтыг 100%-аар танах хэрэгтэй. Ер нь улсын төсвийг маш зоригтой танах хэрэгтэй. Дэд сайд, орлогч дарга нараа цомхотго. Төрийн банк гэхэд 10 орлогч захирлаар яах юм бэ. Яг үнэндээ 2022 оны төсөв бол олон улстөрчийн хувийн эрх ашиг орсон, 2024 оны сонгуульд зарцуулах мөнгөө шингээсэн төсөв болсон. Үүнийгээ өөрчилж чадах уу, үгүй юу гэдэг эргэлзээтэй.

Хоёр том хөршийн дунд байгаагийн хувьд, хил боомт гацаатай байгаа үед яах аргагүй ийм байдалд орчихлоо. Манай улсын эдийн засагт ямар ирээдүй харагдаж байна вэ?

-Өөдрөгөөр харах үндэслэл огт алга. Ядуурал гэрлийн хурдаар өсөж, инфляц цаашид ч өндөр байхаар байна. Хилийн хорио тавигдахгүй нь. Манай удирдагчид үнэхээр унхиагүй байна. Ерөнхий сайд 2 удаа гадагшаа явахдаа, хоёр удаа олимп л үзээд ирсэн. Ямар ч үр дүнгүй. Уг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Бээжинд очоод хилээ нээх талаар хэлэлцээр хийгээд явж байх ёстой. Гэтэл тэгж чадахгүй байна. Үүнээс харахад удирдлагууд чадавхгүй байна. Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нарт төсөв мөнгөний бодлого чухал биш, албан тушаалтайгаа зууралдах хувийн ашиг сонирхлоор л асуудалд хандацгааж байна. Эдийн засагт байгаа амин чухал асуудлаа зөв тодорхойлсон, оношоо зөв тогтоосон хүн энэ удирдлага дотор нь алга.

Манай нүүрсний үнэ 400 доллар давсан. Австралийн нүүрс 500 доллар байна. Зэсийн үнэ 10 мянган доллар, алт 2 мянган доллар хүрчихлээ. Сүүлийн 10, 20 жил байгаагүй таатай нөхцөл бүрдэж байгаа нь бидэнд ч гэсэн алтан боломж.

Хятадад гэхэд нүүрсний хомсдол үүсээд байгаа. Гэтэл бид эдгээр боломжоо ашиглаж чадахгүй байна. Ашиглаж чадвал эдийн засаг хурдан сэргэнэ. Харамсалтай нь үүнийг ашигладаг чадавхтай удирдлага алга. Гадаад ертөнцөд манай Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайдыг үнэхээр тоохгүй, нэр хүндгүй байна. УИХ-ын дарга нь чиглүүлж чадахгүй, хяналтаа алдчихлаа. Ерөнхийлөгч нь жижиг зүйлээр хэрүүл хийж, асуудлыг томоор харах ч сөхөөгүй явна. Товчхондоо, эдийн засгийн удирдлага жолоодлогогүй болчихлоо.

Дэлхий нийтээрээ л эдийн засгийн амаргүй нөхцөл байдлыг давж байгаа. Зөвхөн манай улс удирдлагагүй, жолоодлогогүй байна гэж харах нь дэндүү өрөөсгөл юм биш үү?

-Европын орнуудад ажилгүйдэл бараг байхгүй болж, эргээд ажиллах хүчний хомсдолд орсон. Хөгжиж байгаа ядуу орнуудаас ухаантай сайн толгойнуудыг нь яаж сорж авах уу гээд хичээж байна. Хэдий ковидтой байсан ч Хятадын экспорт, эдийн засаг маш сайн өслөө. Дэлхийн бүх л улс ковидын хямралыг туулж, дэлхийн бүх л улс Орос Украины дайны сөрөг нөлөөг мэдэрч байгаа. Гэхдээ дэлхийн ихэнх улс маш зөв удирдлагатай байж хямралыг боломж болгон ашигласан. Том реформ хийж байна. Дэлхийн бүх улс эрчим хүчнийхээ аюулгүй байдлыг сайжруулж байна. Ингээд ихэнх улс эдийн засгийн өсөлтөө хангаж, ирээдүй рүү чиглэсэн реформ хийж байхад манайх л дотроо зодолдоод сууж байна. Дэлхийн хамгийн том нүүрс, зэсийн зах зээл манай урд бий. Дэлхийн хамгийн том зэс хайлуулах үйлдвэр, гангийн үйлдвэрүүд Өвөрмонголд байгуулагдлаа. Үүнийг л боломж болгон олж харах хэрэгтэй.

Эцэст нь Ардчилсан намд өрнөөд буй үйл явцыг сонирхъё. Ингэхэд та аль АН-ын гишүүн нь билээ?

-Би хууль ёсны буюу С.Эрдэнэ, М.Тулгат дарга нартай намын гишүүн. Сая бид Үндсэн дүрмийн өөрчлөлтөө Дээд шүүхэд бүртгүүлсэн. Энэ шинэ өөрчлөлтийн дагуу намаа цэгцлэх, ирэх сонгуульд бэлдэх ажилдаа орно. Харин Монголыг маань Ю.Цэдэнбалын үе рүү ухрааж, Москвагийн дэмжлэгээр хязгааргүй хаанчлах, жанжлах сонирхолтой Х.Баттулга нарын балмад санаархал бүтэхгүй гэдгийг зориуд хэлмээр байна.

Related Stories

No stories found.
Press Center
www.presscenter.mn