Цементтэй холбоотой бидний мэдэх, мэдэхгүй зүйлс

Манай улсад бүтээн байгуулалт хийхэд дэд бүтцийг нь хамт шийдвэрлэх шаардлагатай байдаг бөгөөд үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд гадаад болон дотоодын маш олон хүчин зүйлс нөлөөлдөг.
Монцемент үйлдвэр
Монцемент үйлдвэрMoncement.mn

Цемент хэрхэн бүтдэг вэ?

МАК цементийн үйлдвэр
МАК цементийн үйлдвэрIkon.mn

Цементийн үндсэн түүхий эд болох шохойн чулуу нь байгаль дээр цул нягт хэлбэрээр энгийнээр хэлбэл газрын гүн рүү цул хад, чулуулаг хэлбэрээр оршино.

Ийм өндөр хатуулагтай ашигт малтмалыг өрөмдлөг, тэсэлгээний ажлын үр дүнд олборлох боломжтой болох бөгөөд экскаватораар ачин, өөрөө буулгагч буюу автосамосмалаар үйлдвэрийн бутлуур хүртэл тээвэрлэдэг.

Бутлуурт ирсэн шохойн чулуугаа төмрийн хүдэр, нүүрстэй өндөр температурт шатааж хагас боловсруулсан түүхий буюу клинкерийг гарган авна.

Энэхүү клинкерт гөлтгөнө, цеолит, фоксит зэрэг ашигт малтмалыг нэмж тээрэмдэн эцсийн бүтээгдэхүүн болох цементийг үйлдвэрлэдэг.

Цементийн үйлдвэрүүд үндсэн түүхий эд болох шохойн чулууны ордоо түшиглэн босдог учир зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэхийн тулд төмөр зам, автозамаар олон зуун км-т тээвэрлэлт түүнийг дагасан ачилт буулгалтын эцэст хэрэглэгчдийн гарт очдог.

Цементийн үнэ яагаад өссөн бэ?

Хөтөлийн цемент шохойн үйлдвэр
Хөтөлийн цемент шохойн үйлдвэрAP

Монгол Улс бүтээгч гэхээсээ импортлогч улс учир ковидын нөлөөлөлд эдийн засаг нь харьцангуй ихээр өртсөн. Бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн 2 жилийн хугацаанд огцом өсөж, төгрөгийн худалдан авах чадвар мэдэгдэхүйц буурсан бөгөөд инфляцын түвшин 2022 оны эхэнд 14%-д хүрч сүүлийн жилүүдийн оргил түвшиндээ хүрээд байна.

Өнгөрсөн онд барилгын үндсэн хийцийг бүрдүүлэгч арматурын үнэ 1.7 сая төгрөгөөс 3 сая төгрөг болж өссөн судалгааг Тэнхлэг Зууч ХХК гаргасан байдаг. 2021 онд арматурын үнэ 81%, катанк 82% өссөн бол харин цементийн үнийн өсөлт хамгийн бага буюу ердөө 4% байжээ.

Дотоодын цемент үйлдвэрлэгчдийн үр дүнд сүүлийн жилүүдэд харьцангуй тогтмол ханштай байсан цемент 3 дугаар сард 25% орчмоор нэмэгдэхэд юу нөлөөлсөн бол?

- Түлшний зардал: Олборлолт, тээвэрлэлт явуулах гол материал болох түлшний үнэ өмнөх оны мөн үеэс 600-800 төгрөгөөр буюу 50% орчим нэмэгджээ.

- Тэсэлгээний зардал: Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж ОХУ-аас импортолдог тэсрэх бодисын түүхий эдийн үнэ 2 дахин өссөн, хэрэгсэл тодорхой хувиар өссөн.

- Түүхий эдүүдийн үнийн өсөлт: Дээр дурдсан нэмэлт түүхий эд болох төмрийн хүдэр, нүүрс, гөлтгөнө гэх мэт ашигт малтмалын үнэ өссөн.

- Тээврийн зардал: Монгол Улс БНХАУ-тай хилээр бараа материал нэвтрүүлэх асуудлаа одоо ч бүрэн шийдэж чадаагүй байна. Үр дүнд нь тээврийн зардал хэд дахин нэмэгдсэн.

- Шинэчилсэн хөдөлмөрийн хууль: Манай улсын ихэнх уурхай, үйлдвэрийн ажиллах ажлын хуваарь 20/10 буюу 20 хоног ажиллаад 10 хоног амрах зохицуулалтай байсан бол Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгаар 14 хоног ажиллаад 14 амрахаар болгосон. Иймд 1-ээс 2 ээлжийн ажилчид нэмж авах, тэдгээртэй холбоотой цалин, байр, хангамж, хүн тээврийн гэх мэт зардлууд өссөн.

- Эрчим хүчний зардал: Цар тахлын үед Засгийн газраас иргэд, аж ахуйн нэгжүүдийг цахилгааны зардлын хөнгөлөлтөд хамруулсан хэдий ч цементийн үйлдвэрүүдээ хамруулаагүйгээр зогсохгүй эрчим хүчний үнэ улам л нэмэгдсээр байна.

- Бүтээгдэхүүн борлуулалт: Манай улс Мега төслүүдээ эхлүүлж, эдийн засгаа тэлснээр өдийд 3.0 сая тн хүртэл цементийн зах зээлийг бий болгох өөдрөг төлөвтэй байсан ч биеллээ олохгүй байсаар цементийн дотоодын зах зээл дөнгөж 1 сая тн-ыг л давж байна. Ингэснээр цементийн үйлдвэрүүд үндсэн урсгал зардлаа гаргасан хэдий ч хүчин чадлынхаа 30-40%-аар л ажиллаж байна.

- Инфляц: Инфляцын 14.2%-ийн өсөлт төгрөгийн ханшийг тэр хувиар унагаж үйлдвэрлэлийн ажиллагаатай холбоотой бүхий л худалдан авалт, сэлбэг материалын зардлыг өсгөж байна.

- Цементийн үйлдвэрүүдийн анхны хөрөнгө оруулалт хийх үеийн валютын ханш нь өссөн шиг бүтээгдэхүүний борлуулалтын үнэ нь тэр хэмжээнд өсөөгүй явж ирснээр бүтээгдэхүүний өртөг, борлуулалтын орлогыг нэг түвшинд, зарим тохиолдолд хасах утгад хүргэжээ.

Бидэнд хэрэгтэй дүгнэлт

Дотоодын цементийн савлагаа
Дотоодын цементийн савлагааAP

Барилга барих зардлын 50-60% нь материалын зардал байдаг судалгаа бий. Харин дээрх материалын зардлын 16-18% орчим нь цементийнх бол хамгийн их буюу 24% нь арматурын зардал байдаг. Тэгвэл цементийн үнэ 30% хүртэл өсөхөд барилгын зардал дунджаар 3-4%, хамгийн ихдээ 5%-аар л өсөх нь. Иймд цемент өсөх сургаар баригдаагүй байгаа байр, орон сууцны үнийг 5%-аас дээш хувь өсгөж буй барилгын компанийг үнийн хий хөөргөдөл үүсгэж буй гэж үзэж болно.

Манай улс шиг өргөн уудам газар нутагтай, хөгжлийн дунджаас доогуур түвшинтэй улсад аливаа бүтээн байгуулалтыг хийхэд дэд бүтцийг нь хамт шийдвэрлэх шаардлагатай байдаг бөгөөд үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд гадаад болон дотоодын маш олон хүчин зүйлс нөлөөлж байдаг.

Цементийн үйлдвэрүүд төдийгүй, дотоодын үйлдвэрүүдэд үүссэн нөхцөл байдал, шалтгааныг бодитой үнэлэхгүйгээр үйл ажиллагааг нь нийгмээрээ шүүн хэлэлцдэг, олон нийтийн эсэргүүцлийг баялаг бүтээгчид рүүгээ турхирсаар байвал дараа нь хэн зориглож бүтээн байгуулалт хийх вэ?

Дотоодын үйлдвэрүүд ашиггүй ажиллаад эхэлбэл бид гадагш валютын урсгал гаргасаар, төгрөгийн ханш унасаар тэр хэмжээгээрээ бидний авч буй цалин, тэтгэвэр үнэгүйдсээр байх болно.

Эцэст нь хэлэхэд Засгийн газар одоо л аж үйлдвэрийн нэгдсэн бодлогоо тодорхойлж, дотоодын үйлдвэрүүддээ бодитой дэмжлэг үзүүлэн эдийн засгаа эрсдэлээс хамгаалах хэрэгтэй байна.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn