Зан төлөвийн эдийн засгийн тухай

Хүмүүс бид юу хийх хэрэгтэй вэ. Бид яг үнэндээ юу хийдэг вэ?
Зан төлөвийн эдийн засгийн тухай

Зан төлөвийн эдийн засаг нь эдийн засаг болон сэтгэл судлалын шинжлэх ухааныг хамтад нь ашиглан хүмүүс бодит амьдрал дээр хэрхэн яаж сонголт хийж байгааг тайлбарлахыг хичээдэг салбар юм.

Эдийн засагч нар хүмүүсийг рационал буюу ханамжаа хамгийн их байлгах оновчтой сонголтыг үргэлж хийдэг хэмээн таамагладаг бол зан төлөвийн эдийн засагчид, хүмүүс тэр бүр оновчтой сонголт хийж чаддаггүй гэж үздэг. Америкийн эдийн засагч, Нобелийн шагналт профессор Richard Thaler-ийн тодорхойлж буйгаар зан төлөвийн эдийн засаг нь "хүмүүс юу хийх хэрэгтэй" болон "хүмүүс яг үнэндээ юу хийдэг вэ" гэдгийг судалдаг байна.

Тэрээр University of Rochester-д ажиллаж байхдаа лекцийн ангийн оюутнуудынхаа дунд нэгэн туршилтыг явуулжээ. Түүний хичээл заадаг байсан ангийн оюутнууд 100 оноотой шалгалтаас дунджаар 70 оноо авдаг байсан бөгөөд шалгалтын оноондоо их л сэтгэл дундуур байгаагаа удаа дараа илэрхийлж байв. Профессор шалгалтын оноог 137 болгож өөрчилсөн бөгөөд ингэхдээ шалгалтын материалын бүтцийг хэвээр үлдээжээ. Үр дүнд оюутнууд тус шалгалтад дунджаар 96 оноо авсан ба үнэн хэрэгтээ үүнийг хувьд шилжүүлбэл өмнөх үр дүнтэй яг адилхан гарах байв. Өөрөөр хэлбэл, шалгалтын үр дүнд ямар ч өөрчлөлт гараагүй. Гэхдээ хачирхалтай нь тэдний сэтгэл ханамж тун өндөр байсан гэдэг.

Яагаад хүмүүс дасгал хөдөлгөөн хийвэл өөрт нь хэрэгтэй гэдгийг мэдсээр байж хийдэггүй вэ. Яагаад хүмүүс яг адилхан зураг, яг адилхан амт, яг адилхан магадлалын аль нэгийг нь илүүд үзээд байна вэ. Яагаад хүмүүс ахиу зардал гарган байж өөрт ашиггүй үйлдлийг хийсээр байна вэ?

Дээрх "яагаад" гэсэн асуултад хариулт өгөхийн тулд хүмүүс сэтгэл хөдлөлийн хувьд харилцан ялгаатай, гадаад орчин нөхцөлөөс хамаарч шийдвэр гаргах боломжтой зэргийг авч үзэх хэрэгтэй болдог. Энэ нь уламжлалт эдийн засагч нарын хүмүүс сэтгэл хөдлөлөө төгс хянадаг, тууштай, урт хугацааны зорилгоосоо хазайдаггүй гэх үзэлтэй зөрчилддөг юм.

Алдарт сэтгэл судлаач Daniel Kahneman хүмүүс эрсдэл, тодорхой бус байдалтай нүүр тулгарахдаа ямар үйлдэл гаргадгийг судалжээ. Улмаар хүмүүс бодит тоо мэдээллээс илүү өөрийн дурсамжид буй мэдээлэлд илүү амархан итгэж, үр дүнг таамагладаг болох нь тогтоогджээ. Жишээ нь, менежер хоёр ажилтны аль нэгнийг тушаал дэвшүүлэхээр болсон гэе. Тэд хоёул манлайлах чадвар өндөртэй ч өмнө нь ажлын алдаа гаргаж байж. Эхний хүний хувьд ээлжийн амралтаа авахаас өмнөхөн явуулах байсан чухал цахим шууданг явуулаагүйгээс үүдэн төслийн хугацаа хойшилсон. Хоёрдох хүний хувьд яг адилхан алдаа гаргасан ч тухайн үед менежерийнхээ хажууд ажиллаж байсан. Менежер хоёрдох хүний алдааг илүүтэйгээр санана. Улмаар эхний хүнийг тушаал дэвшүүлэх магадлал нэмэгдэх ажээ.

Daniel Kahneman өөрийн "Thinking, Fast and Slow" номдоо үүнийг "Хүний тархинд хамгийн түрүүнд муу мэдээллийг хүлээж авдаг механизм ажиллаж байдаг" хэмээн тайлбарласан байдаг. Өөрөөр хэлбэл, ийм төрлийн гажуудлууд ихэнх хүний эрсдэлээс зайлсхийдэг /risk averse/ байдлаас бий болдог байна.

Мөн зан төлөвийн эдийн засагт "nudge" буюу бусдын сонголтод нөлөөлөх тухай ойлголт байдаг. Жишээлбэл, нэгэн байгууллага ажилчдынхаа ирээдүйн баталгаатай санхүүгийн эх үүсвэрийг хангах зорилгоор автоматаар цалингаас нь хувийн тэтгэврийн санд мөнгө төлдөг гэе. Тэгвэл ажилчдад тэтгэврийн санд нэгдэх эсэхийг санал болгохоос илүүтэй тэтгэврийн сангаас хүссэн үедээ татгалзах сонголтыг нь өгч байна гэсэн үг.

Зан төлөвийн эдийн засгийн үндсэн зарчмууд нь эдийн засагч нарт хүний зан төлөвийг ойлгоход тусалдаг. Үүгээр зогсохгүй сүүлийн үед засгийн газар, бизнес эрхлэгчдийн бодлогын цаад санаа нь хүмүүсийг оновчтой сонголтод хөтлөх зорилготой болж байгаа билээ.

Та бүхэн зан төлөвийн эдийн засгийн талаар илүү дэлгэрэнгүй судлахыг хүсвэл дараах номуудыг санал болгож байна.

· "Misbehaving" by Richard Thaler

· "Nudge" by Richard Thaler

· "Thinking Fast and Slow" by Daniel Kahneman

Эх сурвалж : www.uchicago.edu

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn