Банкнууд ирэх 6 дугаар сарын 30-наас өмнө ХК болох хуулийг өөрчилнө

-Банкны системд нөлөө бүхий 5 банк нь нээлттэй хувьцаат компани, бусад нь хувьцаат компанийн хэлбэртэй байхаар хуульд тусгажээ-
Банкнууд ирэх 6 дугаар сарын 30-наас өмнө ХК болох хуулийг өөрчилнө

Банкны тухай хуульд өнгөрсөн 2021 оны 1 дүгээр сарын 29-нд нэмэлт, өөрчлөлт оруулж УИХ-аар баталсан бөгөөд 2021 оны 2 дугаар сарын 25-наас хэрэгжиж эхэлсэн юм. Хуулийн 4.2-т “Банкны системд нөлөө бүхий банк нь нээлттэй хувьцаат компани, бусад банк нь хувьцаат компанийн хэлбэртэй байна” хэмээн заажээ.

Мөн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулагдсан банк 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор холбогдох хуулийн дагуу компанийн хэлбэрээ өөрчилсөн байна” гэж заажээ.

Энэ хуулийн дагуу системийн нөлөө бүхий банкнууд 2022 оны 6 дугаар сарын 30-ны дотор нээлттэй хувьцаат компани болж, санхүүгийн зах зээл дээр олон нийтэд хувьцаагаа санал болгох үүрэгтэй юм. Монголд 11 банк байдгийн 5 нь системийн нөлөө бүхий томоохон банк байна. Тэднээс хамгийн түрүүнд Богд банк ХК болжээ. Тус банкны хувьцааг хөрөнгийн зах зээлд олон нийтэд танилцуулан арилжаалах үндсэн андеррайтераар "Ард санхүүгийн нэгдэл"-ийн охин компани болох “Ард Секюритиз” ҮЦК ажиллахаар болсон тухай өмнө нь мэдээлж байсан юм.

Харин УИХ-ын даргад Монголбанкнаас Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулахтай холбоотой албан бичиг ирүүлсэн байна. Энэ бичигтэй УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн (2022.05.03) хуралдаанаар танилцжээ.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тайлбарлахдаа:

-Дотоод болон гадаадад үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан олон улсын санхүүгийн байгууллагуудаас системийн нөлөө бүхий 5 банк нь богино хугацаанд багтаан анхдагч хувьцаагаа олон нийтэд арилжих үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээний хүндрэл бэрхшээл учрах болзошгүй гэсэн зөвлөмж, танилцуулга ирүүлсэн. Иймд Монголбанкны зүгээс системийн нөлөө бүхий 5 банкны хувьцааг нийтэд нээлттэй арилжихад тодорхой нөхцөл, шаардлагыг хангуулсны дараа эхлүүлэх нь хөрөнгө оруулагч болон банкны салбарын санхүүгийн тогтвортой байдалд нэмэр болох болов уу. Системийн нөлөө бүхий томоохон 5 банк нэгэн зэрэг хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжих нь өрсөлдөөнөөс гадна үнэ цэнд нь нөлөөлөх магадлалтай гэж үзээд хугацааг нь сунгаж өгөх саналыг тавьсан гэв.

Ингээд системд нөлөө бүхий банкнуудын нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжих хугацааг сунгах зохицуулалтыг холбогдох хуульд тусгах саналаа ирүүлэхийг байнгын хорооноос Засгийн газарт чиглэл болгохоор боллоо.

Эх сурвалж:

-Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль.

-Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль.

-Улсын Их Хурал.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn