Монголд АЦС хэрэгтэй юу? №3: Цөмийн эрчим хүчний сул талууд

Өмнөх нийтлэлд цөмийн эрчим хүчийг ирээдүйн цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангах хамгийн сайн сонголт болгодог талуудыг авч үзсэн. Гэтэл цөмийн энергид сул талууд ч бий. Энэ тухай өгүүлье.
Монголд АЦС хэрэгтэй юу? №3: Цөмийн эрчим хүчний сул талууд

1.1. Цөмийн цахилгаан станцыг барих өртөг ба хугацаа

Атомын цахилгаан станцыг ажиллуулахад харьцангуй хямд хэдий ч барихад асар өндөр өртөгтэй байдаг. Нэг реактортай 1,100 мегаватт АЦС барих өртөг 7-10 тэрбум ам.доллар бөгөөд барилгын ажлын явцад зардал тооцоолсон өртгөөс байнга давж гардаг ажээ. Атомын цахилгаан станц барих зардлаас гадна үйлдвэрлэсэн хог хаягдлаа аюулгүй байдлын горим бүхий хөргөлттэй байгууламжид хадгалахад хөрөнгө мөнгө төлөвлөж зарцуулах ёстой байдаг. Энэ бүх зардал цөмийн эрчим хүчийг ихээхэн үнэтэй болгодог аж. Дээрээс нь атомын цахилгаан станцыг барихад хугацаа их ордог бөгөөд дунджаар 6-8 жил шаардлагатай юм байна.

1.2. Осол

Атомын цахилгаан станцын талаар ярихад ихэнх хүмүүсийн хувьд 1986 онд болсон Чернобылийн гамшиг юун түрүүнд санаанд нь орно. Чернобылийн ослын улмаас яг хэдэн хүн амиа алдсаныг бид мэдэхгүй ч тус бүс нутагт цацрагийн нөлөөнөөс болж 10 мянга орчим хүн нас барсан гэсэн тооцоо байдаг. Мөн 2011 онд болсон Фукушимагийн цахилгаан станцын осол атомын цахилгаан станцуудыг хэчнээн аюулгүй байхаар төлөвлөж байсан ч осол аваар гарч болохыг харуулсан үйл явдал болсон юм.

1.3. Цацраг идэвхт хаягдал үүсгэдэг

Цацраг туяа аюултай сонсогдож болох ч бид сансрын туяа эсвэл амьсгалж буй агаарт байдаг радоноос бага хэмжээний цацраг идэвхт бодист байнга өртдөг. Бага хэмжээний цацраг туяа хортой биш боловч цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийн цацраг идэвхт хаягдал нь үнэхээр аюултай. Цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл нь үйл ажиллагааны явцдаа ямар ч хүлэмжийн хийн ялгарал үүсгэдэггүй ч цацраг идэвхт хаягдлыг бий болгодог. Энэ бол онцгой ач холбогдол өгч найдвартай хадгалах ёстой хаягдал юм.

Цацраг идэвхт хог хаягдлыг хадгалах нь атомын цахилгаан станцуудад тулгардаг томоохон сорилт. Цөмийн хог хаягдлыг устгах ямар ч арга байхгүй тул цөмийн цахилгаан станцтай орнуудын одоогийн шийдэл бол саванд сайтар битүүмжлэн, газрын гүнд түр зуурын агуулахуудад хадгалдаг байна. Одоогоор дэлхийд цөмийн хаягдлыг эцсийн маягаар хадгалах агуулахтай ганц ч улс орон байхгүй байна. Цөмийн хаягдал нэг сая жил хадгалагдаж байж хор хөнөөлгүй болно гэсэн тооцоо байдаг. АНУ, ОХУ, Бельги, Их Британи улсууд олон арван мянган тонн цөмийн хаягдлаа Атлантын болон Номхон далайд хаяжээ. Одоо улс орнууд орчин үеийн агуулах барих байршлыг судалж, хаягдлыг эцсийн байдлаар боржин чулуутай газар булах зэрэг шийдэл олохыг зорьж байгаа юм. Технологи хөгжихийн хэрээр ирээдүйд цацраг идэвхт хог хаягдлыг хадгалах илүү сайн арга замыг олно гэж эрдэмтэд найдаж байгаа билээ.

1.4. Байгаль орчинд үзүүлэх нөлөө

Атомын цахилгаан станцууд үйлдвэрлэсэн хог хаягдлаасаа илүү байгаль орчинд нөлөөлдөг. Уран олборлох, баяжуулах нь байгаль орчинд ээлтэй үйл явц огтхон ч биш. Ураныг ил аргаар олборлох нь уурхайчдын хувьд аюулгүй боловч цацраг идэвхт тоосонцрыг үлдээж элэгдэлд хүргэх, ойр орчмын усны эх үүсвэрийг хүртэл бохирдуулахад хүргэнэ. Гүний уурхай ч гэсэн аюултай бөгөөд олборлох, боловсруулах явцад цацраг идэвхт хаягдал чулуулгийг үйлдвэрлэхийн зэрэгцээ уурхайчид их хэмжээний цацрагт өртдөг аж.

1.5. Аюулгүй байдалд заналхийлэх

Цөмийн эрчим хүч үндэсний аюулгүй байдалд онцгой аюул занал учруулж болзошгүй байдаг. Террористууд цөмийн гамшиг үүсгэх зорилгоор атомын цахилгаан станцуудыг онилох магадлалтай бөгөөд хэрэв цөмийн хаягдал буруу гарт орвол эрчим хүчийг үйлдвэрлэхэд ашигласан уран “бохир бөмбөг” буюу цөмийн зэвсэг болж хувирдаг. Эдгээр шалтгааны улмаас цөмийн материал, атомын цахилгаан станцын эргэн тойрон дахь аюулгүй байдал онц чухал асуудал юм.

1.6. Хязгаарлагдмал түлшний хангамж

Цөмийн эрчим хүч уран, тори зэрэг элементээс хамааралтай байж эрчим хүч үйлдвэрлэдэг. Хэрэв нийлүүлэлтээ дуусахаас өмнө цөмийг хайлуулах эсвэл үржүүлэгч реактор барих арга зам хайж олохгүй бол ирээдүйд атомын цахилгаан станцуудаараа эрчим хүч бүтээх боломжгүй болно. Эцсийн дүндээ цөмийн эрчим хүч бол маш өндөр үнийн шошготой түр зуурын шийдэл юм.

1.7. Хуучин цахилгаан станцыг буулгах

Ерөнхийдөө цөмийн цахилгаан станцыг ашиглалтаас гаргах гурван үндсэн арга байдаг юм байна. Нэгдүгээрт, станцыг дэс дараатай буулгаж нураах. Энэ буулгах ажил 7–15 жил үргэлжилдэг. Хоёрдугаарт, түлшгүй үйлдвэрийг жаран жил хүртэлх хугацаанд хадгалж, хяналт тавьж, цацраг идэвхт бодисын хэмжээ буурсны дараа буулгаж нураах шат руу орно. Гуравдугаарт, атомын станцын гол хэсэг болох цөмийн реакторыг бетондон цутгаж аюулгүй болгодог байна. 1,100 мегаватт нэг реактортай атомын цахилгаан станцыг буулгаж нураахад 0.6–1 тэрбум ам.долларын зардал гардаг ажээ.

Ашигласан эх сурвалж: world-nuclear-news.org, geopoliticalmonitor.com, earth.org

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn