Монголд АЦС хэрэгтэй юу? №4: Атомын цахилгаан станцыг тойрсон асуудлууд

Аливаа улсын цөмийн цахилгаан станц барих асуудал жирийн нэг эрчим хүчний төслийн хүрээнээс хальсан геополитикийн асуудал болж хувирах эрсдэлтэй байдаг.
@yandex
@yandex

Атомын цахилгаан станц геополитикийн "нөлөөллийн хэрэгсэл" болох нь

Төслийн насжилт, тухайн улсын эдийн засагт чухал байр суурь эзлэх байдал нь АЦС-ыг геополитикийн зэвсэг, нөлөөллийн хэрэгсэл болгож ашиглах боломжийг нийлүүлэгч улсуудад олгодог. АЦС-ууд ерөнхийдөө 60 жилийн төлөвлөгөөт ашиглалтын циклтэй байдаг тул:

  • АЦС-ын амьдралын мөчлөгийн дизайн,

  • Бүтээн байгуулалтаас

  • Ашиглалт,

  • Татан буулгах хүртэлх бусад хүчин зүйлүүдийг харгалзан үзвэл энэ нь нийлүүлэгч улс болон хүлээн авагч улсын хооронд бараг зуун жилийн турш үргэлжлэх харилцааг бий болгоно.

ОХУ болон БНХАУ-д төрийн зүгээс бүхий л улс төрийн, санхүүгийн дэмжлэг авдаг төрийн өмчит цөмийн технологийн нийлүүлэгч компаниуд бий. Эдгээр компаниуд барууны нийлүүлэгч компаниудтай харьцуулбал өрсөлдөөний хавьгүй давуу байр суурьтай байдаг аж. Тийм ч учраас 2020 онд АНУ-ын үндэсний аюулгүй байдлын 38 шинжээч Конгресст цөмийн экспортын ач холбогдлын талаар бичиж, эрчим хүчний аюулгүй байдал, гадаад бодлогын өргөн хүрээний ашиг сонирхолд хэрхэн нөлөөлж болохыг анхааруулжээ.

Уг бодлогын хүрээнд АНУ-ын эрх баригчид экспортыг дэмжих, геополитикийн өрсөлдөгчдийн цөмийн технологийн зах зээлд эзэлсэн байр суурийг хязгаарлахад зориулж нэгэн томоохон алхам хийсэн. Энэ бол АНУ-ын Экспорт-Импортын банк болон хөгжиж буй орнуудын төслүүдийг дэмждэг АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Санхүүгийн Корпорацад цөмийн эрчим хүчийг санхүүжүүлэхэд тавьсан хоригийг цуцлах явдал байлаа. Иймээс аливаа улсын цөмийн цахилгаан станц барих асуудал зүгээр нэг эрчим хүчний төслийн хүрээнээс хальсан геополитикийн асуудал болж хувирах эрсдэлтэй юм.

Атомын цахилгаан станц дэлхийн улс орнуудад

Өнөөдөр дэлхийн 32 улсад 437 цөмийн эрчим хүчний реактор бүхий нийтдээ 390 ГВт хүчин чадалтай 178 АЦС ажиллаж байна. 2020 онд эдгээр станцууд 2,553 TWh буюу дэлхийн нийт эрчим хүчний 10 орчим хувийг үйлдвэрлэсэн. АНУ 93, Франц 56, Хятад 51, Орос 38, Япон 33, Өмнөд Солонгос 24, Энэтхэг 23, Канад 19, Украин 15, Их Британи 13, Герман 6 реактортай. Одоогийн байдлаар Хятад, Энэтхэг, Орос, Арабын Нэгдсэн Эмират зэрэг 19 оронд 55 орчим цөмийн эрчим хүчний реактор баригдаж байгаа бөгөөд дундаж реактор нь 1,000-1,200 мегаватт хүчин чадалтай байна. Монголын хамгийн том эрчим хүч үйлдвэрлэгч 4-р дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадал нь 772 мегаватт юм.

Атомын цахилгаан станцыг хэн барьдаг бэ?

ОХУ, БНХАУ, АНУ, Франц, Өмнөд Солонгос, Япон зэрэг цөөн хэдэн улс цөмийн эрчим хүчний технологийн экспорт хийж, атомын цахилгаан станц улс орнуудад барьж өгдөг байна. В.Путин 2000 онд төрийн эрхэнд гарсны дараа ОХУ-ын цөмийн технологийн экспорт бусад бүх улсуудын хэрэгжүүлсэн төслүүдийг нийлүүлснээс их байгаа аж.

2000-аад оны үед ОХУ-ын засгийн газар цөмийн эрчим хүчний томоохон стратеги боловсруулахаар шийдэж, 2007 онд "Росатом" төрийн корпорацыг (Минатомын буюу атомын энергийн яамны өв залгамжлагч) байгуулан уг салбарт дэлхийн хэмжээнд тэргүүлэгч байх зорилт тавьж байв. ОХУ уран олборлох, цөмийн түлш үйлдвэрлэх, эрчим хүч үйлдвэрлэх, цацраг идэвхт хаягдлыг боловсруулах хүртэлх цөмийн салбарт бүрэн үйлчилгээ үзүүлж чадах цөөн орны нэг ажээ. Түүгээр ч зогсохгүй Росатом нь технологи экспортлох, гадаадад АЦС барих чиглэлээр дэлхийд тэргүүлэгч бөгөөд 2030 он гэхэд дэлхий даяар 34 шинэ реактор барих 110 тэрбум ам.долларын захиалгатай гэж цахим хуудсандаа дурдсан байна.

Росатомын барууны өрсөлдөөн сүүлийн жилүүдэд багассан ба АНУ-ын Вестингхаус (Westinghouse), Францын Фраматом (Framatome - хуучнаар Арева, одоо EDF Energy эзэмшиж байгаа) зэрэг цөмийн нийлүүлэгчид олон удаа бүтэлгүйтэв. Дампуурал, барилгын саатал, зардал хэтэрсэн гэх мэт асуудлууд тэдний барилгын төлөвлөгөөг дотоодод болон олон улсад гацааж байна. Цөмийн технологийн ханган нийлүүлэгчид хилийн чанад дахь экспортоос ихээр хамааралтай байгаа энэ үед Вестингхаус 2007 оноос хойш шинэ гэрээ байгуулаагүй бөгөөд Фраматом ганцхан гэрээтэй байх жишээтэй.

Харин Өмнөд Солонгос, Хятадын ханган нийлүүлэгчид тодорхой байр сууриа олж байна. Өмнөд Солонгосын КЕПКО (KEPCO) компани Арабын Нэгдсэн Эмират улсын Баракад дөрвөн блок барих тендерт амжилттай оролцож, эхнийх нь 2019 онд ашиглалтад орсон. Хятадын төрийн өмчит CNNC (China National Nuclear Corp.) нь Пакистанд АЦС барьсан бөгөөд Румын улсад барих ажилдаа удахгүй орно. CNNC Аргентинтай гэрээ хийснээс гадна бусад орнуудын тендерт идэвхтэй оролцдог ажээ.

Ашигласан эх сурвалж: power-technology.com, world-nuclear-news.org, geopoliticalmonitor.com, earth.org

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn