АХБ: Монголын эдийн засаг 2023 оноос тогтворжино

Азийн Хөгжлийн Банкнаас манай улсын эдийн засгийн төлөвт хийсэн шинжилгээ, төсөөллийн тайлангaa танилцууллаа.
АХБ: Монголын эдийн засаг 2023 оноос тогтворжино
@ Business Standard
@ ADB

АХБ-наас жил бүр эрхлэн гаргадаг Азийн Хөгжлийн Төлөв 2022 (АХТ) эдийн засгийн шинжилгээ, төсөөллийн тайланд өгүүлснээр Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 2022 онд үлэмж хязгаарлах асуудлууд:

  • Инфляц өсөж өндөр түвшинд хүрсэн,

  • Гадаад худалдааны тасалдал үргэлжилсээр байгаа,

  • Гадаад санхүүжилтийн нөхцөлүүд урьд өмнөхөөс илүү чангарах хүлээлттэй болсон,

  • Геополитикийн нарийн төвөгтэй асуудал шинээр бий болж эрсдэл нэмэгдсэн.

Харин 2023 онд цар тахлын сөрөг нөлөөлөл буурах, гадаад худалдааны тасалдал арилах боломжтой зэрэг эерэг хүлээлтэд тулгуурлан эдийн засгийн өсөлт нэмэгдэх төсөөлөлтэй байна.

Монгол Улсын эдийн засаг 2021 оны 1.4%-ийн нам түвшний өсөлтөөс 2022 онд 2.3%-аар, харин 2023 онд дотоодын эрэлт, хөрөнгө оруулалт болон хөдөө аж ахуй, аж үйлдвэр, үйлчилгээний салбар дахь сэргэлтийн эерэг нөлөөгөөр 5.6%-аар өсөх төлөвтэй байна.

“Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-тай хийх худалдааны гол боомтууд хаалттай хэвээр байгаа. Мөн Украин дахь ОХУ-ын халдлага, түүний эдийн засаг дахь сөрөг үр дагаврууд Монголын эдийн засагт гол сорилт болж байна” хэмээн АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран хэлээд, “Үүссэн хүнд нөхцөл байдалтай уялдан Монгол Улс стагфляцийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх бодлого буюу хариу арга хэмжээг нэн яаралтай авах шаардлагатай” хэмээн тэмдэглэв.

Монгол Улс богино хугацаанд

Украин дахь ОХУ-ын халдлагын улмаас Монгол Улсын эдийн засгийн төлөвт учрах эрсдэл огцом нэмэгдэж, төлбөрийн тэнцэл, улсын төсөв, инфляц болон бизнесийн үйл ажиллагаанд улам бүр дарамт үүсэж байна. Үргэлжлүүлэн ноён Павит Рамачандран “Монгол Улс макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор мөчлөг сөрсөн багц бодлогыг боловсруулж, гадаад болон дотоод санхүүжилтийн хэрэгцээнд шаардагдах валютын эх үүсвэрүүдийг баталгаажуулан олж авах, үүний зэрэгцээ эдийн засгийн өрсөлдөх чадвар, эрсдэл даах дархлааг сайжруулах бүтцийн шинэчлэлийн чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээг гүнзгийрүүлэх хэрэгтэй байна” хэмээн нэмж тодотгов.

Ойрын жилүүдэд

Монгол Улсын 2022-2023 оны эдийн засгийн төлөв нь БНХАУ-тай хиллэдэг худалдааны гол боомтууд хэзээ нээгдэх, КОВИД-19 цар тахлын халдвар дахин дэгдэх эсэх, түүнчлэн Украин дахь ОХУ-ын халдлагын улмаас эдийн засагт үүсэж байгаа сөрөг нөлөөллийг зөөлрүүлэх чиглэлд бодлогын ямар хариу арга хэмжээ авах, тэр нь ямар үр дүнд хүргэх зэргээс шууд хамаарах болно. Инфляц өндөр түвшинд хадгалагдахын сацуу гадаад худалдаанд үүссэн тасалдал үргэлжилсээр байгаа нь төсвийн болон мөнгөний бодлогын орон зайг хязгаарлаж байна. Иймд, эдийн засгийг эрсдэлээс хамгаалахын тулд макро эдийн засгийн бодлогын тохиргооны нэгдсэн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх шаардлага бий болж байна.

Инфляц энэ жил өсөх ч ирэх жил тогтворжино

Бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн доголдол, гадаад худалдааны тасалдал, түлш шатахууны үнийн огцом өсөлтийн бизнесийн зардал дахь сөрөг нөлөөгөөр инфляц 2022 онд өсөх бөгөөд жилийн дундаж инфляц 12.4% болж огцом нэмэгдэхээр байна. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сулрах нь импортын барааны үнийн өсөлтөөр дамжиж инфляцад сөргөөр нөлөөлнө. Харин 2023 онд эдгээр хүчин зүйлсийн сөрөг нөлөө харьцангуй зөөлөрнө гэж үзвэл дундаж инфляци 9.3% болж тогтворжих төлөвтэй юм.

Эрсдэлүүд

Эдийн засгийн төлөв байдлыг суурь төсөөллөөс бууруулж болзошгүй эрсдэлүүд бий. Үүнд, БНХАУ-тай хиллэдэг худалдааны гол боомтуудын үйл ажиллагаа нээгдэхгүй удах, Монгол Улсаас ОХУ болон Европын орнуудтай хийх гадаад худалдаа тасалдаж огцом буурах болон Украины нөхцөл байдлын улмаас төлбөрийн тэнцэл, улсын төсөвт бий болж буй сөрөг нөлөө улам гүнзгийрэх зэрэг эрсдэл байсаар байна. Түүнчлэн, дотоодын санхүүгийн байгууллагуудын активын чанар үргэлжлэн муудаж чанаргүй зээл өсөх, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа улам хүндэрч эрсдэл хуримтлагдах нь дунд хугацааны эдийн засгийн төлөв болон санхүүгийн тогтвортой байдалд үлэмж эрсдэл учруулж болзошгүй юм.

Азийн Хөгжлийн Банкны тухай товчхон

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ хүртээмжтэй, тогтвортой, эрсдэлийг даван туулах чадвартай хөгжлийг бүс нутагт цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn