Инфляцаас хөрөнгөө хамгаалах 6 төрлийн хувилбар

Инфляцын түвшин нэмэгдсээр байгаа явдал хүн бүрийн толгойны өвчин болжээ. Тэгвэл энэхүү толгойн өвчнийг анагааж чадах ерөндгийг судлаад үзье.
Инфляцаас хөрөнгөө хамгаалах 6 төрлийн хувилбар

Төгрөгийн ханш суларсаар бараа бүтээгдэхүүний үнэ жилийн өмнөхөөс эрс өөрчлөгджээ. Энэ нь мэдээж инфляцтай холбоотой. Яагаад гэвэл инфляц тодорхой хугацаан дахь бараа, бүтээгдэхүүний үнийн дундаж өсөлтийг илтгэдэг. Тиймдээ ч Монгол Улсын хэмжээнд инфляцын түвшин 2022 оны 5 дугаар сарын байдлаар 15.1%-д хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 2.4 дахин өсөөд байна. Хөрөнгө оруулагчдын хувьд инфляцын түвшин нэмэгдэх нь тэдний хөрөнгө оруулалтын өгөөжийг бууруулж болох бөгөөд хүндхэн мэдээний нэг. Тэгвэл энэ цаг үед ямар төрлийн хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнд хөрөнгө оруулбал та өгөөж хүртэж болох талаар авч үзье.

1. Алт

Ихэнх хөрөнгө оруулагчдын хувьд алтыг инфляцаас хамгаалах найдвартай хэрэгсэл хэмээн үздэг ажээ. Учир нь алтны хөрвөх чадвар сайн ба үнэ цэнээ алдах нь бага юм. Зах зээл уналтад орсон, инфляцын түвшин өндөр үед улс, орнуудын үндэсний мөнгөн тэмдэгт үнэ цэнээ алдах үзэгдэл түгээмэл ажиглагддаг бөгөөд энэ үед төв банкны зүгээс их хэмжээний алт худалдан авах хандлага өндөр ажиглагддаг. Алтны тухайд гарт баригдаж, нүдэнд үзэгддэг нь олон зууны туршид хүмүүсийн анхаарлын төвд оршин байхад томоохон тус болжээ.

Гэвч алт нь инфляцын эсрэг төгс хамгаалж чаддаггүй. Инфляцын түвшин нэмэгдэх үед Төв банкнууд бодлогын хүүгээ өсгөх хандлагатай байдаг нь алтны үнийг бууруулах магадлал өндөр ажээ. Хэрэв та алтанд хөрөнгө оруулахаар сонирхож буй бол SPDR Gold Shares ETF (GLD)-ийг судлаад үзээрэй.

Эх сурвалж: Zlaťáky.cz / Unsplash
Эх сурвалж: Zlaťáky.cz / Unsplash

2. Түүхий эд

Түүхий эдийн хувьд үр тариа, үнэт металл, цахилгаан эрчим хүч, газрын тос, үхрийн мах, жүржийн шүүс, байгалийн хий, түүнчлэн гадаад валют гэх мэт олон зүйлийг багтаасан өргөн хүрээний ойлголт юм. Инфляц болон түүхий эдийн хувьд эерэг хамааралтай буюу түүхий эдийн үнэ өсөх үед инфляцын түвшин нэмэгддэг байна. Үүнээс харвал түүхий эдэд хөрөнгө оруулах нь инфляцын түвшин өссөн байгаа цагт өгөөж авчрах магадлал өндөр ажээ. Хэрэв уншигч та ямар төрлийн түүхий эдэд хөрөнгө оруулахаа ойлгохгүй, эсвэл хэрхэн хөрөнгө оруулалт хийхээ мэдэхгүй байгаа бол эндээс мэдээлэл аваарай.

Гэхдээ түүхий эдийн үнэ тогтворгүй ба хэлбэлзэл өндөртэй санхүүгийн хэрэгсэл гэдгийг дурдах шаардлагатай юм. Тиймд уншигч та хөрөнгө оруулалт хийхээсээ өмнө нийгэм, эдийн засаг, геополитикийн хурцадмал байдал, нийлүүлэлтийн доголдол гэх мэт олон хүчин зүйлийг сайтар судалж, унших хэрэгтэй шүү.

Эх сурвалж: v2osk / Unsplash
Эх сурвалж: v2osk / Unsplash

3. 60/40 хувьцаа болон бонд

60/40 хувьцаа, бондын багц нь хөрөнгө оруулалтын багцын нэг хэлбэр юм. Тус багцын тухайд нийт багцын 60%-ийг хувьцаа, 40%-ийг бонд эзлэх ба ингэж хуваарилж буй нь эрсдэлийг тодорхой хэмжээнд бууруулах аж. Хэрэв та бие даан 60/40 хувьцаа, бондын багцыг бүрдүүлэхийг хүсэхгүй байгаа бол Dimensional DFA Global Allocation 60/40 Portfolio (I) (DGSIX)-д хөрөнгө оруулах талаар бодож үзээрэй. Тус хөрөнгө оруулалтын сул талын хувьд ямар хугацаанд хөрөнгө оруулалт хийхээс шалтгаалж өгөөж нь муу байх тал ажиглагддаг байна.

Эх сурвалж: Ibrahim Boran / Unsplash
Эх сурвалж: Ibrahim Boran / Unsplash

4. REIT

REIT буюу Real Estate Investment Trust нь орлого олох боломжтой үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулж буй санхүүгийн бүтээгдэхүүнийг нэрлэдэг ажээ. Инфляцын түвшин өсөх үед үл хөдлөх хөрөнгийн үнэ болон түрээсийн хэмжээ өсөх хандлага ажиглагддаг. Хэрэв та тус үнэт цаасыг сонирхож байгаа бол Simon Property Group (SPG), Welltower (WELL), Digital Realty (DLR) болон Vanguard Real Estate ETF (VNQ)-ийн талаар судлаад үзээрэй. Нөгөө талаар үл хөдлөх хөрөнгөд ногдох татварын хэмжээ нэмэгдэх үед REIT-д хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагчдын өгөөж буурах хандлага ажиглагддаг байна.

Эх сурвалж: Ibrahim Boran / Tierra Mallorca/
Эх сурвалж: Ibrahim Boran / Tierra Mallorca/

5. S&P 500 индекс

Урт хугацааны туршид хувьцаанд хөрөнгө оруулалт хийх нь өндөр өгөөж хүртэх магадлалыг нэмэгдүүлдэг. АНУ-ын S&P 500 индексийн багцад багтаж буй компаниудын багагүй хувийг технологи, харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниуд эзэлдэг байна. Инфляцын түвшин нэмэгдэх нь тэдгээр компаниудын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болох ч ашиг, орлогын хувьд харьцангуй бага нөлөөлөх талтай ажээ.

Хэрэв та S&P 500 индекст хөрөнгө оруулалт хийхийг хүсвэл тус индексэд багтаж буй компаниуд болох SPDR S&P 500 ETF (SPY)-ийг сонирхоод үзээрэй. Харин сул талын хувьд тус индексэд зах зээлийн өндөр үнэлгээтэй компаниуд жижиг компаниудтай харьцуулахад ихээхэн хэмжээгээр нөлөөлөх боломжтой. Үүнээс харвал томоохон компаниудын хувьцааны үнэ буурах үед индексийн нэгжийн үнэ ч мөн адил буурах боломжтойг санах хэрэгтэй шүү.

Эх сурвалж: Goldavenue
Эх сурвалж: Goldavenue

6. Түрээсийн орлого

Үл хөдлөх хөрөнгийн үнэ инфляцын түвшин нэмэгдэх үед дагаж өсөх хандлагатай байдаг. Учир нь инфляц өсөхийн хэрээр үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ өсөх, түрээсийн төлбөр ч нэмэгдэх үзэгдэл ажиглагддаг аж. Хэрэв та энэхүү хөрөнгө оруулалтыг сонирхож байвал үл хөдлөх хөрөнгөө түрээслэх болон VanEck Vectors Mortgage REIT Income ETF (MORT)-ийг судлахыг зөвлөж байна.

Эх сурвалж: Investopedia
Эх сурвалж: Investopedia

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn