Хятад Оросоос зайгаа барьж эхлэв үү?

Хятадын албаны байр суурь Орос-Украины дайн эхлэх үед илэрхийлж байсан байр сууриас өөрчлөгдөж байна.
Ван И, Хятадын Гадаад Хэргийн Сайд
Ван И, Хятадын Гадаад Хэргийн СайдGreg Baker/Getty Images

Өнгөрсөн баасан гарагт Хятадын Гадаад Хэргийн Сайд Ван И нөхцөл байдлыг "хяналтаас алдахгүйн тулд" холбогдох талууд хүлээцтэй хандах нь "гарцаагүй шаардлага" болж байна хэмээн мэдэгдсэн нь Хятадын тал Оросоос зайгаа барих гэж оролдож буйн шинж тэмдэг хэмээн ажиглагчид үзжээ.

Синьхуа агентлагийн мэдээнд дурдсанаар Ван И мөн Их Британи, Франц, Европын Холбооны топ дипломатуудтай утсаар ярьсан бөгөөд энэ үеэрээ "Украины асуудлыг Хятад улс анхааралтай ажигласаар ирсэн. Яг одоогийн нөхцөл байдал бол бидний хувьд хүсэшгүй зүйл" хэмээн мэдэгдсэн гэжээ. Тэрээр "Энгийн иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалах, ялангуяа хүмүүнлэгийн томоохон хямралаас сэргийлэх ёстой“ гэж хэлсэн байна.

Үүнээс өмнөхөн Ерөнхийлөгч Ши Жиньпин хямралын талаар анх удаа ам нээсэн ба Ерөнхийлөгч Путинтай утсаар ярих үедээ асуудлыг яриа хэлэлцээрээр шийдэхийг уриалсан байна. Үүний дараахан Путин Украинтай хэлэлцээ эхлүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн юм.

Сүүлийн хэдэн сарын турш улам хурцадсаар ирсэн Орос-Украины харилцааны асуудалд Хятад улс ямагт Оросын талд зогссоор ирсэн. Тухайлбал, Олимпын үеэр хийсэн мэдэгдэлд Хятад, Орос хоёр улсын нөхөрлөлд хил хязгаар үгүй гэж зарлаж байв. Мөн Хятад улс НАТО-гийн дорно зүг рүү тэлж буйг сөрсөн Путины эсэргүүцлийг дэмжиж, хэдхэн хоногийн өмнө НҮБ-ийн Аюулгүй байдлын Зөвлөлөөр Оросын эзлэн түрэмгийллийг буруушаасан тогтоолыг хэлэлцэхэд түдгэлзсэн санал өгч байсан юм.

Гэвч эзлэн түрэмгийлэл эхэлснээс хойш Хятадын байр суурь өдөр өдрөөр өөрчлөгдөж ялангуяа Киев болон бусад хотуудад өрнөж байгаа тулалдаанд санаа зовниж байгаагаа илэрхийлэх болсон. Пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ Хятадын Гадаад Хэргийн Яамны Хэвлэлийн төлөөлөгч "invasion (эзлэн түрэмгийлэл)" гэдэг үгийг ашиглахаас зайлсхийж, энэ хэрэг явдалд Америкийг буруутгах хандлагатай байсан бол баасан гарагт Гадаад Хэргийн Сайд Ван И Украин улсын бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг дэмжиж байгаагаа илэрхийлээд "Хятад улс дунд болон жижиг улс орнуудын" ашиг сонирхлыг хүндэтгэдэг хэмээн хэлсэн юм.

Ван И энэ үеэр мөн Хятад улс бол "Хариуцлагатай их гүрэн" гэж мэдэгдсэн нь Оросын өдөөсөн энэ хэрэг явдал дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятадад хэрхэн нөлөөлөхөд санаа зовж байгааг илтгэсэн хэрэг байлаа. Хятадын ГХ-ийн сайд эцэст нь "Хятад улс хэзээд олон улсын өмнө хүлээсэн өөрийн үүргээ үнэнчээр биелүүлж ирсэн бөгөөд дэлхийд энх тайван, тогтвортой байдлыг тогтооход бүтээлч үүрэг гүйцэтгэж ирсэн" хэмээн мэдэгдсэн юм.

Эх сурвалж: bloomberg.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn