
Онлайн орчинд давхар өрнөж буй Орос-Украины кибер дайн шинэ фронтоор өргөжжээ. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын вэбсайт руу халдлага үйлдэж олны анхааралд орж байсан Конти хэмээх хакер бүлэглэл Оросын түрэмгийлэл эхэлсний дараа Оросын талд ажиллана гэдгээ ил тод зарласан. Тэд Оросын ямар ч байгууллага руу халдсан хэнийг ч өршөөхгүй, хариу халдлага үйлдэнэ гэдгээ хэлээд байсан юм.
Тэгвэл уг бүлэглэл өөрөө кибер халдлагад өртөж, дотоод мэдээлэл нь алдагдаж, интернэтэд цацагджээ. Конти-г хакердсан бүлэг "Glory to Ukraine" буюу "Украин мандтугай" гэсэн мэндчилгээтэйгээр мэдэгдэхдээ эхний ээлжид Конти-гийн и-мэйл, чатаар харилцсан мэдээллийг дэлгэж байгаа бөгөөд дахин нэмж тавих мэдээлэл бий гэжээ.
Хакер бүлгүүд шууд утгаараа цус урсгадаггүй боловч үнэн хэрэгтээ үй олон хүний амь нас, эрүүл мэндэд ч хохирол учруулах чадвар чухам тэдэнд байдаг. Учир нь агаарын навигацийн систем, атомын цахилгаан станц, эмнэлэг, холбоо зэргийн цахим сүлжээг хакердах замаар хэчнээн их хор хөнөөл, хэчнээн олон хүний амь насанд аюул учруулж болохыг төсөөлөхөд хэцүү билээ. Иймд энэ төрлийн дайны үр дагаврыг дутуу үнэлэлгүйгээр анхааралтай ажиглах нь чухал юм.
Эх сурвалж: Forbes.com