Илон Маск Твиттерээс болж Саудын хунтайжтай "муудалцав"

Саудын Арабын хунтайж Tesla-г үүсгэн байгуулагч, дэлхийн толгой баян Илон Маскт Твиттерийг 41 тэрбум ам.доллароор зарахаас татгалзлаа.
Илон Маск Твиттерээс болж Саудын хунтайжтай "муудалцав"

“Энэ компанийн хувьцааны тодорхой хувийг худалдаж авсныхаа дараагаар одоогийн энэ янзаараа олон нийтийн хэрэгцээнд үйлчлэхгүй, цаашид хөгжихгүй гэдгийг нь ойлгосон. Твиттер одоо хувийн компани болж өөрчлөгдөх ёстой. Тиймээс би твиттерийн хувьцааг 100% худалдан авах санал тавьж байна” гэж Илон Маск мэдэгдсэн юм. Тэрээр твиттерийн хувьцааны 9%-ийг эзэмшдэг.

Нэгж хувьцааны үнийг 54 ам.доллароор тооцож, бүх хувьцааг нь 41 тэрбум ам.доллароор худалдан авах түүний саналыг Твиттерийн томоохон хувьцаа эзэмшигч Kingdom Holding Company хүлээж авахаас татгалзжээ.

Илон Маск пүрэв гарагийн үдээс хойш худалдан авах саналаа бичгээр илгээсэн аж. Тэрээр энэ саналаа “Хамгийн сайн мөн хамгийн сүүлчийн санал” гэж тодорхойлоод муур нохой болж тоглолгүй, шулуухан шийдэхийг хүсэж буйгаа илэрхийлсэн юм.

Энэ талаар Саудын Арабын Хааны гэр бүлийн гишүүн, хунтайж Аль Валид бен Таляль Аль Сауд “Твиттерийн томоохон хувьцаа эзэмшигч Kingdom Holding Company-ийг төлөөлөх эрхтэйн хувьд би энэ саналыг хүлээн авахаас татгалзаж байна” гэж мэдэгдсэн байна.

Илон Маск үүний хариуд "Твиттерийг олон нийтийн чөлөөт индэр байлгахын тулд худалдан авах санал тавьсан. Ардчилсан бус, хүний эрхийг дарангуйлдгаараа зартай улс олон нийтийн сүлжээг удирдах нь зөв үү" хэмээн жиргэжээ.

“Мөнгө, ашигт хэргийн учир байгаа юм биш. Твиттер шиг ийм том олон нийтийн сүлжээ цаашид хүн төрөлхтний соёл иргэншилд чухал нөлөөтэй учир хамгийн үнэн, итгэл дааж чадахуйц байх ёстой гэж би үздэг. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хангана гэдэг нь өөрт таалагдахгүй байгаа зүйлсийг ч твиттерт нийтлэхийг зөвшөөрөхөөс эхэлнэ. Ингэж чадвал сая жинхэнэ үг хэлэх эрх чөлөө хангагдана. Одоогийн нөхцөлд ийм байж чадахгүй байна” гээд Дональд Трампын хаягийг твиттер хаасныг жишээ болгон Илон Маск ярьжээ.

Мөн Илон Маск сүүлийн үед твиттерт олон сая дагагчтай хүмүүс идэвхгүй болж, жиргэхгүй байгаад ч санаа зовж байгаагаа илэрхийлжээ. Тухайлбал, дуучин Жастин Бибер маш олон дагагчтай ч сүүлийн үед жиргээ нь илт цөөрснийг жишээ болгон дурдаад жиргээчдийг илүү идэвхтэй болгох тал дээр ажиллах ёстой гэв.

Эх сурвалж: Dailymail

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn