Шри-Ланкад бензиний дарааллын улмаас хүний аминд хүрч, цэргүүд хамгаалалтад гарчээ

4 тэрбум ам.долларын гадаад өрийг энэ жилдээ багтаан төлөх ёстой гэнэ.
Шри-Ланкад бензиний дарааллын улмаас хүний аминд хүрч, цэргүүд хамгаалалтад гарчээ

Дэлхийн зарим улс оронд бензиний шатахуун хомсдол бий болж, урт дараалал үүссэний улмаас хоорондоо мөргөлдөх, нэг нэгнийхээ аминд хүрэх явдал гарах болжээ. Шри-Ланкад автомашины бензин түлшний хомсдол нүүрлэсний улмаас төр засгийн зүгээс цэрэг армиа хамгаалалтад ашиглахад хүрсэн байна.

Шри-Ланкагийн төрд харьяалагддаг Ceylon Petrolieum Corporation компанийн Шатахуун Түгээх Станц /ШТС/-уудыг цэрэг армийнхан хяналтдаа авчээ.

Энэ улсад бензинээс гадна керосины үнэ огцом нэмэгдсэн учир хэдэн зуун мотоциклчид хамтран хөдөлгөөн өрнүүлж, замыг хааж эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн байна. Орлого багатай айл өрхүүд керосин ашиглан хоол хүнсээ бэлддэг ажээ.

ШТС дээр урт дараалал үүссэнээс болж хоёр ахмад настан нас барж, мөн хоорондоо муудалцаж зодолдсоны улмаас нэгэн залуу амь үрэгдсэн хэрэг гарчээ. Зөвхөн бензин ч бус мөн эрчим хүчний доголдол нүүрлэж, олон цагаар цахилгаан таслах болжээ. 1948 онд Шри-Ланка улс тусгаар тогтнолоо зарласнаас хойш ийм хүнд хэцүү байдалд орж байгаагүй гэж олон улсын тоймчид дүгнэж байна.

ISHARA S. KODIKARA

Коронавирусийн цар тахлын улмаас аялал жуулчлалын салбар уналтад орсны зэрэгцээ мөн хилийн чанадад ажиллаж амьдардаг иргэд эх орон руугаа мөнгө шилжүүлэх нь эрс багассаны улмаас валютын нөөц багасаж, эдийн засгийн гүн хямралд оржээ.

Шри-Ланкагийн валютын нөөцийн сан сүүлийн хоёр жилд 70%-аар багасаж, өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлч гэхэд 2.3 тэрбум ам.долларт хүрчээ. Харин гадаад өр нь 35 тэрбум ам.доллар болж өссөн байна. Үүнээс 4 тэрбум ам.долларын гадаад өрийг энэ жилдээ багтаан төлөх ёстой гэнэ.

Эдийн засгийн хямралын улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ эрс нэмэгдэж, зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүний олголтод хязгаар тогтоосон байна.

Эх сурвалж: www.channelnewsasia.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn