ОХУ ямар тохиолдолд цөмийн зэвсэг хэрэглэхээ мэдэгдлээ

НАТО-гийн нэг хэсэг болохыг хүсэж буй хүмүүст л Ерөнхийлөгч дургүй байгаа.
ОХУ ямар тохиолдолд цөмийн зэвсэг хэрэглэхээ мэдэгдлээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өчигдөр CNN-д ярилцлага өглөө.

Ярилцлагын үеэр сэтгүүлч түүнээс Орос-Украины дайнд цөмийн зэвсэг ашиглах эсэх тухай болон Украины жирийн иргэдийн хувь заяаны талаар асуусан юм. Дмитрий Песков хариулахдаа “ОХУ-ын цэрэг армийн дайчдад Украины жирийн иргэдэд гэм хохирол учруулахыг хатуу хориглосон” гэж мэдэгджээ.

Харин цөмийн зэвсгийн тухайд бол ОХУ-ын оршин тогтнолд аюул тулгарсан бол ашиглана гэсэн байна. “Манай улсад Үндэсний Аюулгүй Байдлын концепци гэж бий. Тэндээс та бүхэн ямар тохиолдолд цөмийн зэвсэг ашиглаж болох тухай уншиж болно. Хэрвээ манай улсын оршин тогтнолд аюул тулгарвал тэрхүү концепцийн дагуу цөмийн зэвсэг ашиглана гэж заасан. Мөн цөмийн зэвсэг ашиглах өөр хэд хэдэн үндэслэлийг зааж өгсөн байгаа” хэмээн Дмитрий Песков мэдэгджээ.

Мөн түүнээс Украины дайн ОХУ-ын тооцсоны дагуу явж байгаа эсэхийг лавлахад “Энэ тусгай ажиллагаа эхлэхээс өгсүүлээд л хэн ч хэдхэн хоногт дуусна гэж бодоогүй. Энэ бол маш чухал зорилготой чухал ажиллагаа” хэмээн хариулжээ.

Владимир Путин украины ард түмэнд дургүй нь хүрч буй эсэхийг сэтгүүлч асуухад “Ерөнхийлөгч Владимир Путин украинчуудад хэзээ ч дургүй нь хүрч байгаагүй. Ер нь Орост хэн ч украинчуудад дургүй биш. Харин эх орныхоо нутаг дэвсгэр дээр АНУ-ын цөмийн зэвсгийг суурилуулж, НАТО-гийн нэг хэсэг болохыг хүсэж буй хүмүүст л Ерөнхийлөгч дургүй байгаа.

Мөн Украинд амьдарч буй орос хүмүүсийг орос хэлээрээ ярихыг хориглож буйд эгдүүцэж байгаа. Киев болон Львовын гудамжинд нацистуудын бэлэг тэмдэг бүхий хувцас өмсөж яваа хүмүүсийг үзэн ядаж байгаа” хэмээн Дмитрий Песков хариулсан байна.

Эх сурвалж: edition.cnn.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn