Өлсгөлөн, цус, бензин: Яагаад Шри-Ланка түүхэндээ байгаагүй аймшигтай хямралтай тулгарав?

Мөнгөгүй, хоол ундгүй аргаа барсан жагсагчид Ерөнхийлөгчийн хамаатан садны байр байшинг бүсэлж, эвдэн сүйтгэжээ.
Өлсгөлөн, цус, бензин: Яагаад Шри-Ланка түүхэндээ байгаагүй аймшигтай хямралтай тулгарав?

Шри-Ланка улс түүхэндээ байгаагүй эдийн засгийн хямралд оржээ. Бензин дуусаж, хүмүүст хоол хүнс ч олдохоо больсон байна. Албан хаагчдад цалинг нь олгохын тулд Төв банк мөнгө шинээр хэвлэхэд хүрэв.

Олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал цуглаан, мөргөлдөөн хэдэн сарын турш үргэлжилсээр. Иргэд Ерөнхийлөгч Готабаи Ражапаксаг огцрохыг шаардаж, өөрчлөлт шинэчлэлтэд нийгмээ уриаллаа. Иргэд цагдаа нартай мөргөлдсөний улмаас хэдэн зуун хүн шархдаж бэртсэн бөгөөд амиа алдсан нь ч цөөнгүй юм.

Шри-Ланкад болж буй үйл явдлыг эхнээс нь өгүүлье.

Шри-Ланка 1948 онд Их Британийн харьяаллаас гарч, тусгаар тогтносон юм. Үүнээс хойш энэ улс ийм хэцүү нөхцөл байдалд орж байсангүй. Гадаад өр нь л гэхэд 51 тэрбум ам.долларт хүрчээ. Сангийн сайд Али Сабригийн мэдэгдсэнээр өрийн бүтцийн өөрчлөлтийг яаралтай хийж, гадаад улс орнуудаас санхүүгийн тусламж авах хэрэгтэй байгаа аж.

5 дугаар сарын 16-нд Ерөнхий сайд Ранил Викрамансингхэ улс даяар бензин дууссаныг зарласан. Бензин түлшний уртаас урт дугаарлалтад зарим иргэд амиа алдаж байгаа тухай мэдээ түгэв. Хүмүүс арай чүү л өл залгаж байна. Өнгөрсөн 3 дугаар сард хүнсний бүтээгдэхүүний үнэ 30%-аар нэмэгдсэн нь ард иргэдэд хүнд цохилт болжээ.

Жишээлбэл, Шри-Ланкын хүнсний гол бүтээгдэхүүн болох будааны үнэ л гэхэд 2019 оныхоос 93%-аар нэмэгдсэн байна. Тахианы мах, сэвэг зармын үнэ мөн үеийнхээс 55 болон 117%-аар өсжээ.

Эрүүл мэндийн салбарт нөхцөл байдал бүр муу байна. Эм бэлдмэлийн 85%-ийг гадаадаас авдаг атал коронавирустай холбоотой хязгаарлалтын улмаас эм бэлдмэлийн хүрэлцээ мууджээ.

Индонез улс өнгөрсөн 4 дүгээр сард Шри-Ланкад эм бэлдмэл болон эрүүл мэндийн тоног төхөөрөмжийн туслалцааны эхний хэсгийг хүргүүлсэн. Индонез бол Шри-Ланкын эм, эмнэлгийн бараа бүтээгдэхүүний гол ханган нийлүүлэгч юм. Энэтхэгийн төр засаг ч мөн 88 сая рупи (1 сая ам.доллар гаруй)-гийн тусламж үзүүлэхээ амласан.

Гэвч Шри-Ланкын төр засгийн тооцоолж буйгаар бол эхний хэрэгцээг хангахын тулд 3 тэрбум ам.долларын туслалцаа хэрэгтэй байгаа гэнэ. Эм, хоол хүнс, бензин түлшний асуудлыг цэгцлэх мөнгөн дүн энэ юм.

Мөнгөгүй, хоол ундгүй аргаа барсан жагсагчид Ерөнхийлөгч Готабаи Ражапаксагийн төрөл төрөгсөд, хамаатан садны байр байшинг бүсэлж, эвдэн сүйтгэжээ. Улс орноо эдийн засгийн хямралаас гаргаж чадахгүй байгаа Ерөнхийлөгчийг огцрохыг шаардсан жагсагчид эрх баригч намын 40 гаруй гишүүний байр байшинг шатааж, автомашин, мотоциклыг нь эвдэж, эрх баригч Коммунист намын албан байруудыг тонож, сүйтгэжээ.

Ард иргэдийн уурлаж бухимдаж буйн нэг шалтгаан нь Ерөнхийлөгч хамаатан саднаа өндөр албан тушаалд томилж, өөрийгөө хүрээлүүлсэн явдал юм. Түүний ах дүү нар болох Махинда, Басиль, Шамаль нар Ерөнхий сайд, Сангийн сайд гээд томоохон албан тушаалд томилогдсон байх жишээтэй. Ойрын хамаатан Намад нь Спорт болон Хүүхэд, залуучуудын асуудал эрхэлсэн сайд. Ерөнхийлөгчийн том ах Махинда 2005-2015 онд Шри-Ланкын Ерөнхийлөгч байсан бөгөөд Ерөнхийлөгчөөр улиран сонгогдон ажиллаж байв.

Готабаи, Махинда нарын нам парламентын сонгуульд өнгөрсөн жил ялалт байгуулснаар төрийн томоохон албан тушаалуудыг өөрсдөө эзлэх боломж бүрдүүлжээ. Тэд Үндсэн хуулийн зүйл заалтуудыг өөрчлөн, өөрсдийн засаглалдаа тохируулсан байна. Одоо Шри-Ланкын ард иргэд Ражапаксагийн гэр бүлийн засаглалаас залхаж, өөрчлөлтийг хүсэх болжээ.

Эсэргүүцлийн хөдөлгөөн хүчтэй өрнөж, жагсаал цуглаанд оролцогчдын тоо нэмэгдсэн учир өнгөрсөн 4 дүгээр сарын эхээр Засгийн газрын бүх гишүүд огцорч буйгаа зарласан. Энэ нь жагсагчдыг тайвшруулах бодлого байлаа. Гэлээ ч жагсагчид үүнд сэтгэл ханаагүй учир Ерөнхий сайд Махинда Ражапакса өнгөрсөн сарын дундуур огцорсон. Түүний оронд Ерөнхий сайдаар Үндэсний Эв Нэгдлийн намын тэргүүн Ранил Викрамасингхэ томилогдсон юм. Энэ нь түүний хувьд Ерөнхий сайдын сэнтийд 4 дэх удаагаа заларч буй тохиолдол болсон. Готабаи Ражапакса шинэ Ерөнхий сайдтай болсноор парламентын эрх мэдлийг нэмэгдүүлж, өөрийн зарим эрх мэдлээс татгалзана гэж мэдэгдсэн.

Хэдийгээр Ранил Викрамасингхэ сөрөг хүчний төлөөлөгч ч гэлээ Ражапаксагийн нөлөөний хүн гэж яригддаг аж. Мөн сөрөг хүчний өөр томоохон төлөөллүүд шинэ Засгийн газарт орохоос татгалзсан учир Ранилыг Ерөнхий сайдаар томилохоос өөр зам үлдээгүй гэнэ. Шри-Ланкын томоохон сөрөг хүчинд тооцогддог Ард Түмний Эв Нэгдлийн Хүч намын тэргүүн Сажит Премадаса, Ард Түмний Үндэстний Эрх Мэдэл намын тэргүүн Анура Кумара нар шинэ Засгийн газарт орж ажиллахаас татгалзжээ.

Сүүлийн мэдээгээр жагсаал тэмцлийн явцад 300 гаруй хүн шархдаж, гэмтсэн бөгөөд 9 хүн амиа алдсан байна. Жагсаал тэмцэл улам хүчээ авч буй тул төр засгийн зүгээс хөл хорионы цаг тогтоож, цэргийн зэвсэг техникийг гудамжинд байрлуулж эхэлсэн. Мөн хүчирхийлэл үйлдэхэд бэлэн байгаа тэмцэгчдийг сануулгагүйгээр буудан хөнөөхийг зөвшөөрчээ.

Махинда Ражапакса өөрийг нь огцрохыг шаардаж тэмцэгчдийн эсрэг үг хэлэхдээ бухимдал, дургүйцлийг нь улам бадраасан. Тиймээс зэвсэг техникээр хамгаалахаас өөр аргагүй болсон гэх мэдээ түгжээ. Түүний хэлсэн үгийн дараагаар тэмцэгчид улам бухимдаж, гарт тааралдсан зүйлсээр зэвсэглэн, замдаа тааралдсан зүйлсийг шатаах болсон юм.

Хүчирхийлэлд төр засаг ч мөн оролцож байна. Эрх баригч Коммунист намын нэгэн гишүүнийг Коломбо хотоос гарах гэхэд жагсагчид замыг нь хааж, автомашиныг нь тойрон бүчжээ. Айж сандарсан намын гишүүн иргэд рүү гал нээж, хоёр хүнийг буудан хөнөөсний зэрэгцээ гурван хүн шархадсан байна. Ингэж хоёр хүний аминд хүрсэн намын гишүүн удалгүй өөрийгөө буудан амиа егүүтгэсэн гэж Цагдаагийн газраас мэдэгджээ. Гэхдээ зарим хэвлэлийн мэдээлж буйгаар тэрхүү намын гишүүнийг жагсагчид хөнөөсөн байж магадгүй.

Цагдаа нар мөн жагсагчдаас дор хаяж нэг хүнийг буудан хөнөөсөн нь одоогоор тодорхой болоод байгаа юм. Рамбуккан хотын төмөр замыг найман цагийн турш хаасан жагсагчдын эсрэг гал нээхэд нэг хүн амиа алдсан.

Нөхцөл байдал ийм дээрээ тулсан ч гэлээ Ерөнхийлөгч огцрох тухай бодохгүй байна. Амласныхаа дагуу парламентын эрх мэдлийг ч нэмсэнгүй. Ражапакса Ерөнхийлөгчийн энэ үйлдэлд ард иргэд нь гайхахгүй байгаа гэнэ. Учир нь түүнийг Терминатор гэж хочилдог бөгөөд цэргийн дарга байсан нэгэн ажээ. 2009 онд тэр л салан тусгаарлагч “Чөлөөлөгч бар” отрядыг устгаж, 26 жилийн турш үргэлжилсэн зөрчилдөөнд цэг тавьсан юм.

Түр Засгийн газар байгуулах тухай хэлэлцээр хийж буй энэ үед Ерөнхийлөгч сэнтийдээ заларсан хэвээр байх бололтой. 5 дугаар сарын 17-нд сөрөг хүчнийхэн Ерөнхийлөгчийн гэм бурууг хэлэлцэх тухай санал оруулахад парламент хэлэлцэхээс татгалзсан юм. Тэртэй тэргүй тогтворгүй байдалд байгаа улс оронд дахин асуудал үүсгэх хэрэггүй гэж тэд үзсэн.

Шри-Ланкын ард иргэд бууж өгөлгүй, ухарч няцалгүй тэмцлээ үргэлжлүүлсэн хэвээр байна. Одоо жагсагчид Ражапаксаг “Хулгайч”, “Урвагч”, “Солиот” гэж нэрлэх нь олширчээ. “Гота, тонилж үз” гэж хүмүүс хашхирч, Gota, go home! гэх бичигтэй баннер хаа сайгүй харагдах болжээ.

“Энэ бол цэвэр ард түмний эсэргүүцлийн жагсаал. Бидний дунд лидер гэж байхгүй. Бид төр засгийн удирдлагуудтай яриа хэлэлцээ хийхийг хүсэхгүй. Бидний хүсэж буй зүйл бол авлигад идэгдэж, улс орноо удирдах чадваргүй болсон Ерөнхийлөгчид хариуцлага тооцож огцруулах” гэж жагсагчдын нэг, өмгөөлөгч Супан Жайявира мэдэгдэж байна.

Эх сурвалж: Lenta

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn