
Польшийн зарим хотын гудамжинд хэдэн мянган хүн жагсаал хийж эхэллээ. Тус улсад үр хөндөлт хийхийг хориглосон хууль гаргасан нь энэхүү эсэргүүцлийн жагсаал хийх шалтгаан болжээ. Изабелла хэмээх бүсгүйд үр хөндөлт хийхгүй хэмээн эмч нар цааргалсны улмаас амиа алдсан эмгэнэлтэй явдал гарчээ.
Польшид эхийн амь насанд халтай, хүчирхийлүүлсний улмаас жирэмсэлсэн эсвэл ураг амьгүй болсон тохиолдолд л үр хөндөлтийг зөвшөөрдөг. Бусад тохиолдолд үр хөндөлт хийхийг хориглодог байна. Хуулийг зөрчвөл эмч нарт хорих ял оноох тул үр хөндөлт хийхээс татгалзах болжээ.
Эмч нар өөрсдийн бурууг хаацайлахын тулд бүсгүйн үхлийг өөр шалтгаантай гэж тэмдэглэсэн ч үнэн нь илэрч, ажилдаа хайнга, анхааралгүй хандсан хэмээн хуулийн дагуу хариуцлага хүлээх бололтой.
Харин Изабелла бүсгүйн үхэл нь үр хөндөлтийг хориглох тухай хууль нь цоорхойтой, хүний аминд ч хүрч байгааг олон нийт эсэргүүцэж, жагсаж байна.
Эх сурвалж: Reuters