
Шведийн төрийн эрх баригч Социал демократ нам ням гарагийн хуралдаанаараа НАТО-д элсэхийг хэлэлцэж, дэмжсэн шийдвэр гаргажээ. Энэ талаар тус намын тэргүүн Анн Линде мэдэгдсэн байна.
“Өнөөдөр Шведийн Социал демократ нам түүхэн шийдвэр гаргаж, НАТО-д элсэх хүсэлтээ өгөхөөр боллоо" хэмээн Анн Линде жиргээндээ мэдэгдээд ОХУ-ын зүгээс Украинд халдсан явдал Швед болон Европын бусад улс орнуудын аюулгүй байдлыг эрсдэлд оруулсан учир ийм шийдвэр гаргахад хүргэсэн гэжээ.
НАТО-д элссэнээр Умард Европын аюулгүй байдал хангагдаж, тогтвортой байдлын эх үндэс болно гэж өмнө нь Анн Линде мэдэгдэж байсан юм. Ингэснээр Швед улс хүсэлтээ НАТО-д өгөх нь гарцаагүй боллоо. Парламентад суудалтай 8 намын 6 нь НАТО-д элсэхийг дэмжсэн байна.
Шведийн Социал демократ намаас гаргасан мэдэгдэлд “Нутаг дэвсгэртээ цөмийн зэвсэг байрлуулах, мөн цэргийн байнгын бааз байгуулахын эсрэг байх болно” гэж мөн заасан байна.
Эх сурвалж: TASS