Филиппиний Ерөнхийлөгчийн сонгуульд дарангуйлагч гэгддэг Фердинанд Маркосын хүү үнэмлэхүй ялалт байгууллаа

1986 онд Фердинанд Маркосыг Ерөнхийлөгчийн суудлаас хүчээр буулгаснаас хойш Филиппин улс хөгжөөгүй нь сонголтод гол нөлөө үзүүлсэн бололтой.
Филиппиний Ерөнхийлөгчийн сонгуульд дарангуйлагч гэгддэг Фердинанд Маркосын хүү үнэмлэхүй ялалт байгууллаа

Филиппинд Ерөнхийлөгчийн сонгууль явагдлаа. Ерөнхийлөгч агсан, дарангуйлагч хэмээн хэвлэлүүдээр нэрлэгдсэн Фердинанд Маркосын хүү бага Фердинанд Маркос урьдчилсан тооллогоор үнэмлэхүй ялалт байгуулсан нь тодорхой болжээ.

30 сая орчим сонгогчийн саналыг тоолж, урьдчилсан дүн гаргахад бага Фердинанд Маркос ойрын өрсөлдөгч, одоогийн дэд-ерөнхийлөгч Лени Робредогоос хоёр дахин илүү санал авсан байна.

Ялалт байгуулсан тухай мэдээ сонссон бага Фердинанд Маркос улаан цамцтайгаар олны өмнө гарч ирж үг хэлэхдээ “Санал хураалтын хуудсыг 100% тоолж, дүнг нь гаргаг. Үүний дараа л бүгдээрээ баяраа тэмдэглэцгээе” хэмээн мэдэгджээ.

Түүний аав Фердинанд Маркос 1965-1986 онд Филиппиний Ерөнхийлөгчөөр ажилласан юм. Түүнийг 1972-1986 онд Филиппиний төр засгийг ганцаараа удирдсан гэж тэмдэглэсэн байдаг. Харин 1986 онд төрийн эргэлт гарснаар гэр бүлийнхээ хамт АНУ-ын Хавай руу дүрвэн гарчээ.

Бага Фердинанд Маркосын хувьд Оксфордын их сургуулийг улс төр, эдийн засгийн чиглэлээр төгссөн. Хэдийгээр түүний аавын засаглалын үед авлига, хээл хахууль цэцэглэж, Ерөнхийлөгчийн гэр бүл 10 тэрбум ам.долларын улсын хөрөнгийг хувьдаа завшсан тухай мэдээлдэг ч сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр Фердинанд Маркосын талынхан фэйсбүүк зэрэг сошиал ертөнцөд маш овжин ажилласны үр дүнд ард түмний санаа бодлыг эргүүлж, саналыг нь авч чаджээ.

Филиппиний дунд насны иргэд Фердинанд Маркосын үед улс нь цэцэглэн хөгжиж, эдийн засгийн өсөлт нэмэгдэж, хүн бүр ажилтай байсныг дурсан ярих дуртай бөгөөд тэр үеийг улсынхаа хөгжлийн Алтан үе гэж хүртэл нэрлэдэг байна. Мөн бага Фердинанд Маркосыг хангалттай хөрөнгө мөнгөн дээр өссөн болохоор улсын төсвийн мөнгөнөөс хулгай хийхгүй гэж итгэж буйгаа зарим иргэд сонгуулийн үеэр илэрхийлжээ.

Фердинанд Маркосын үед дэд бүтэц хөгжиж, барилга байшин олноор баригдаж, үйлдвэрлэл хөгжиж байсан гэж иргэдийн ихэнх нь үзэж, Ерөнхийлөгч агсныхаа хүүд итгэл хүлээлгэх нь зөв гэж үзсэн бололтой.

“Маркос бол Филиппинийн ард түмэнд их тус болсон хүн. Тэр үнэхээр сайн хүн. Дэд бүтцийг бий болгож, эмнэлэг, сургууль олныг босгосон” гэж 59 настай сонгогч Рэчел Дэгүзаман ярьжээ.

1986 оноос хойш буюу Фердинанд Маркосыг Ерөнхийлөгчийн суудлаас хүчээр буулгаснаас хойш Филиппин улс хөгжөөгүй нь сонголтод гол нөлөө үзүүлсэн бололтой. “Өөрчлөгч төрлийн нэр дэвшигчдийг дэмжихгүй байх үзэл бодлыг ард иргэдэд суулгасан учраас 1986 оноос хойш өөрчлөлт хийхийг зорьсон оролдлогууд өдий хүртэл амжилтад хүрээгүй байж болно” хэмээн улс төрийн шинжээч Клео Калимбахин мэдэгджээ.

Эх сурвалж: The Guardian

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn