Амбер Херд: Гар дээрх шивээсийг нь асуусныхаа төлөө би анх зодуулсан

Кинон дээр үнсэлцдэг хэсэг байдаг. Тэр хэсэг жүжиглэлт байгаагүй, тэр намайг жинхэнээсээ үнссэн.
Амбер Херд: Гар дээрх шивээсийг нь асуусныхаа төлөө би анх зодуулсан

АНУ-ын Виржиниагийн шүүх танхимд холливудын нэрт жүжигчин Жонни Деппийн 50 сая ам.долларын нэхэмжлэлтэй шүүх хурал үргэлжилсээр байна. 2018 оны төгсгөлд The Washington Post сонинд Амбер Херд буюу хуучин эхнэрийнхээ бичсэн гэр бүлийн хүчирхийллийн тухай нийтлэлийг өөрийг нь гүтгэн доромжилсон, нэр хүндийг нь үндэслэлгүйгээр гутаасан гэж үзсэн учир Жонни Депп шүүхэд хандсан.

Өчигдөр шүүх хуралд 36 настай Амбер Херд мэдүүлэг өглөө. Үүнээс өмнө Жонни Деппийн өмгөөлөгч, хуульч, гэрчүүд голцуу мэдүүлэг өгч, асуулт тавьсан юм.

Шүүх хурал дээр мэдүүлэг өгөхийнхөө эхэнд Амбер Херд “Миний бичсэн нийтлэлийн улмаас хуучин нөхөр маань гомдол гаргасан учир би энд ирээд байна. Миний амьдралд тохиолдсон хамгийн муухай, хамгийн аймшигтай явдал бол энэ шүүх хурал” гэж өгүүлсэн юм.

Тэрээр мэдүүлэг өгөхдөө анх хэрхэн Жонни Деппт зодуулсан тухайгаа ярьжээ.

“Гэртээ буйдан дээр суугаад жирийн ярилцаж байсан юм. Тэр жаахан балгасан байлаа. Бас кокайн хэрэглэсэн болов уу гэж бодсон. Учир нь кокайнтай сав ойролцоо байсан юм. Хөгжим дуугарч, тамхи татаж суухад нь би гар дээрх шивээсний учрыг нь асуусан юм”.

Амбер Хердийн сонирхлыг татсан гэх тэр шивээс бол Wino Forever хэмээх бичиг бөгөөд хуучин найз бүсгүй, жүжигчин Вайнона Райдерт зориулан хийлгэсэн эд юм. “Надад тэр шивээс сайн харагдаагүй. Хар цэг шиг л юм байсан учир асуусан юм. Wino гэж надад хариулсан. Тэгэхээр нь би инээсэн юм. Тэгтэл гэнэт нүүр рүү цохиод авсан. Би яахаа ч мэдээгүй учир инээсэн хэвээр байлаа. Тоглож байгаа байх гэж эхэндээ бодсон. Тэр надад “Чамд инээдтэй байна уу, тэ” гээд дахиад алгадсан. Ингэхэд л би түүнийг тоглоом наргиа хийгээгүй гэдгийг ойлгосон. Тэгтэл дахиад цохисон. Энэ удаад би тэнцвэрээ алдаад, шалан дээр унасан. Тэгэхэд л буруу хүнтэй гэрлэснээ ойлгосон. Би бохир хивсэн дээр балмагдан суусаар байлаа. Хэсэг хугацааны турш тэгж суусны эцэст түүн рүү хартал уйлж эхэлсэн. Насанд хүрсэн эрэгтэй хүн уйлж байхыг би өмнө нь хараагүй л дээ. Тэр миний өвдгөөр тэврээд “Хонгор минь, би их харамсаж байна. Би ийм новшийн зангаа хаясан гэж бодсон юм. Энэ мангасыг явчихсан гэж бодсон” гэж хэлсэн. Түүний харамсаж байгааг би харсан ч гэлээ уучилж чадаагүй. Босоод машинаа унаад тэндээс явсан” хэмээн Амбер Херд ярьсан байна.

“2012 оноос эхлээд уусан үедээ намайг зодох, хүч хэрэглэх бол байнгын үйлдэл шахуу болсон. Намайг дандаа хардаж зоддог байсан. Хамт ажиллаж байсан хүмүүстэй хардахад нь би үгүйсгэвч баримт нь байгаа гэнэ. Тэгээд л юм хэлэх гэхээр цохиод авна” гэж Херд мэдүүлээд 2013 онд хувийн арал дээр Депп болон хоёр хүүхдийнх нь хамт амарснаа дурссан байна. “Тэр их уудаг ч түүнийгээ хүүхдүүдээсээ нуух гэнэ. Мэдэгдүүлэхгүйн тулд кофены аяганд нууцаар хийдэг байсан. Тэр үед намайг ууж байгааг хүүхдүүдэд хэллээ гэж загнасан. Намайг дахиад ууж эхэлснийг хүүхдүүдэд хэлсэн гээд дахиад тийм байдал гаргавал ална шүү гэж сүрдүүлсэн. Ус руу их хачин, аймаар байдлаар үсэрч ороод, Лили айж сандарч байсан. Тэгэхээр нь би хүүхдүүдийн хамт нисдэг тэрэг дуудаж, тэндээс явахаар шийдсэн. Эцсийн мөчид Депп тэндээс явалгүй үлдсэн.

Би анх түүнийг хувийн арал дээр нь хоёулаа очихдоо цай гойд их ууж буйг нь анзаарсан юм. Гэхдээ муугаар бодоогүй. Цайнд их дуртай, их уудаг юм байна даа л гэж бодож байсан” хэмээн ярьжээ.

Жонни Депп, Амбер Херд хоёр “Ромын тэмдэглэл” киноны зураг авалтын үеэр танилцаж, тэр үед учир ургуулсан гэж хэвлэлээр бичдэг. “Тийм ээ, бид хоёр зураг авалтын үеэр бие биедээ сээтэн хаяж байсан. Кинонд дээр үнсэлцдэг хэсэг байдаг. Тэр хэсэг жүжиглэлт байгаагүй, тэр намайг жинхэнээсээ үнссэн. Жинхэнээсээ гэж би хэлээ оруулж үнссэнийг хэлж байгаа юм” хэмээн Амбер Херд ярьсан байна.

Ийнхүү шүүх хурал үргэлжилсээр байна.

Эх сурвалж: www.dailymail.co.uk

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn