Путины биеийн байдал болон Ялалтын баяр дайны явцад нөлөөлөх эсэх талаар Лавров хариулт өгөв

С.Лавров: Украин дахь дэглэмийг өөрчлөх нь бидний зорилго биш. Энэ бол АНУ-ын мэргэшсэн ажил.
Путины биеийн байдал болон Ялалтын баяр дайны явцад нөлөөлөх эсэх талаар Лавров хариулт өгөв

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Италийн Mediaset Italia телевизэд ярилцлага өглөө. Ярилцлагын явцад мөдхөн болох гэж буй Дэлхийн хоёрдугаар дайнд ялалт байгуулсны ой мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины биеийн байдал гээд олон асуултад хариулт өгчээ.

Орос-Украины дайн эхэлснээс хойш 67 дахь хоногтоо үргэлжилж байна. Энэ хугацаанд Барууны улс орнуудын банк дахь ОХУ-ын Газпромын данснаас 300 тэрбум ам.доллар алдсан тухайгаа Лавров мэдэгджээ.

“Их хэмжээний мөнгийг зүгээр л данснаас хулгайлаад авчихсан. Энэ бол байгалийн хий болон нефтийн мөнгө байлаа. Манай ард түмний нүдний өмнө хийж буй Барууны ийм хулгайг бид дуугүй хараад, зөвшөөрөөд сууж байж таарахгүй” хэмээн Лавров мэдэгдсэн байна.

Түүнээс ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины биеийн байдлын талаар мөн асуужээ. Учир нь, Путин Шинжлэх ухаан, Боловсролын салбарынхантай хийсэн уулзалтын үеэр бага зэрэг ханиалгаж байгаа нь ажиглагдсан тул Италийн телевизийн сэтгүүлч тодруулж асуусан хэрэг.

“ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй сүүлийн үед харилцсан гадаад улс орнуудын лидерүүдээс энэ талаар асуугаарай. Ялангуяа НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешээс асууж болно” хэмээн Лавров хариулсан байна.

Долоо хоногийн дараагаар Дэлхийн хоёрдугаар дайнд ялалт байгуулсны түүхэн ойн өдөр буюу 5 дугаар сарын 9 тохионо. Энэ өдөр Орос-Украины дайнд ямар нэгэн нөлөө, өөрчлөлт үзүүлэх эсэх талаар Лавровоос лавлахад “Манай цэрэг армийнхан Ялалтын баяр юм уу ямар нэгэн сар өдөрт тусгайлан хиймлээр тохируулсан зүйл хийхгүй” гэжээ.

Мөн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийгээс Орос юу шаардаж буйг асуухад “Украин дахь дэглэмийг өөрчлөх нь бидний зорилго биш. Энэ бол АНУ-ын мэргэшсэн ажил. Дэлхий даяар л тэд ийм ажил хийж байгаа шүү дээ.

Бидний хувьд Украины зүүн нутаг дэвсгэрт амьдарч буй хүмүүсийн аюулгүй байдлыг л хангахыг хичээж байгаа. Сүүлийн найман жилийн турш Киевийн дэглэмийн золиос болж буй иргэдийг хамгаалах нь бидний зорилго юм. Мөн Украины нутаг дэвсгэрээс ОХУ-ын аюулгүй байдалд аюул учруулахуйц байдал үүсгэхгүй байхыг бид хүсэж байна” хэмээн Сергей Лавров мэдэгджээ.

Эх сурвалж: Gazeta.ru

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn