101 настай эмэгтэй Торонтогийн онгоцны буудлыг үргэлжлүүлэн удирдахаар боллоо

Хейзел Маккаллион урьд нь хотын захирагчийн сонгуульд 12 удаа дараалан ялалт байгуулж байсан нэгэн.
101 настай эмэгтэй Торонтогийн онгоцны буудлыг үргэлжлүүлэн удирдахаар боллоо

Канадын Зам, тээврийн сайд Омар Альгабра Торонтогийн онгоцны буудлын захирал Хейзел Маккаллионтой хамтран ажиллах гэрээгээ 2025 он хүртэл сунгалаа. Хейзел Маккаллион одоо 101 настай тул энэ мэдээ дэлхий дахины анхаарлыг гойд татаад байна.

“Хатагтай Маккаллионы өндөр нас бидний санааг зовоохгүй байна. Харин ч ийм туршлагатай, мэдлэгтэй хүн ажиллаж байгаад олзуурхах ёстой. Хейзел бол манай орны улс төр, эдийн засагт чухал нөлөөтэй нэгэн. Түүний үзэл бодол, зөвлөгөөг бид сонсдог” хэмээн сайд Омар Альгабра мэдэгджээ.

Хейзел Маккаллионыг канадчууд “хар салхи” гэж хочилдог бөгөөд энэ эмэгтэй Миссиссога хотын захирагчаар 36 жилийн турш ажилласан туршлагатай ажээ. 1978 онд хотын захирагчаар ажиллаж эхэлснээс хойш Хейзел өөрөө байнга зах, дэлгүүрээр явж, хүнсээ цуглуулахын зэрэгцээ хотынхоо оршин суугчидтай уулзан ярилцаж, хэрэгцээ шаардлагыг нь сонсдог үлгэр жишээ захирагч байсан гэнэ.

Түүнийг удирдаж байх хугацаанд хот нь өргөжин тэлж, Канадад хүн амаараа 7-д бичигдэхээр том хот болсон байна. Одоо Миссиссога хотод 700 мянга гаруй хүн аж төрдөг юм.

“Хотын захирагчийн сонгуульд Хейзел 12 удаа дараалан ялалт байгуулсан. Хейзелийг ялна гэдэгт хэн ч эргэлздэггүй байлаа. Учир нь тэр хотын хамгийн шилдэг дарга гэдэг хэн хүнд тодорхой байсан юм” хэмээн профессор Том Урбаниак ярьжээ.

Хейзел Маккаллион улс төрийн өөрийн гэсэн хатуу байр суурьтай мөн хурц үгтэй учир одоо хүртэл Канадын улстөрчид эмээдэг гэнэ. 2014 онд 93 настайдаа Хейзел хотын даргынхаа ажлаа өгсөн ч тэтгэвэрт суулгүй Ерөнхий сайдын зөвлөх мөн Торонто онгоцны буудлын захирлаар ажиллах болжээ.

“Өөдрөг, эерэг байж, шаргуу хөдөлмөрлө. Мөн бусдын л адил дэлхий дээр амьдарч байгаа гэдгээ мартахгүй байх хэрэгтэй” хэмээн Хейзел Маккаллион залуучуудад зөвлөдөг аж.

Эх сурвалж: Francetvinfo

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn