Блог хөтлөгч 14 настай охин Ава Мажүри ба түүнийг мөрдөгч залуугийн амиа алдсан түүх

Хүмүүс намайг мөнгөнөөс болоод хаягаа хаадаггүй гэдэг.
Блог хөтлөгч 14 настай охин Ава Мажүри ба түүнийг мөрдөгч залуугийн амиа алдсан түүх

АНУ-ын Флорида мужид Ава Мажүри хэмээх 14 настай алдартай блог хөтөлдөг охин байдаг ажээ. Энэ охин хэдэн жилийн турш блог хөтөлж, амжилтад хүрсэн болохоор брэндүүд түүнд санал тавьж, багагүй мөнгөөр хаяг дээр нь пост хийлгэх болсон байна.

Ава Мажүри олон нийтийн сүлжээн дэх хаягтаа ихэвчлэн инээмсэглэсэн зургуудаасаа оруулдаг. Түүнийг дагагчдын 2/3 нь эрчүүд гэнэ. Гэвч алдаршсаныхаа горыг өнгөрсөн зун амиараа төлөх тун дөхсөн байна. Орчин цагт олон нийтийн сүлжээнд маш идэвхтэй байдаг хүмүүст Ава Мажүрид тохиолдсон явдал сонирхолтой мөн сургамжтай байх болов уу.

Ава Мажүриг хэдэн сарын турш 18 настай нэгэн залуу олон нийтийн сүлжээгээр дагах болжээ. Инстаграм, TикToк, Venmo гээд байж болох бүхий л сүлжээн дэх хаягийг нь дагаж сэтгэгдэл бичих болсон байна. Ийнхүү салалгүй дагагч залуу өнгөрсөн зуны нэгэн шөнө гар буутайгаар тэдний гэрийн үүдэнд очжээ.

Үүдний хаалга руу буудах дуунаар Ава Мажүри нөмөрсөн хөнжил, цэвэр ус болон гар утсаа яаралтай шүүрч аван ахынхаа өрөө рүү гүйн оржээ. Харин цагтаа цагдаа байсан аав нь буун дуу гарах чимээнээр доош хурдан бууж, гэмт этгээдийн араас хөөсөн гэнэ. Гэвч хөөж гүйж байхдаа бүдрээд уначихаж. Босох гэтэл өнөөх этгээд түүн рүү буу чиглүүлж, гохоо дарсан ч азаар буу нь гацан зугтан оджээ. Аав нь тэр даруй цагдаа дуудаж, буугаа барин үүдэнд хүлээсэн байна. Гэтэл өнөөх этгээд дахин хаалганых нь ойролцоо ирэхэд аав нь буудан хөнөөжээ. Гэмт этгээд Walmart-ийн ажилчны хувцастай мөн чихэвчтэй байсан гэнэ.

Ийм явдал болж өнгөрсний дараагаар нэг ах нь Авад “Энэ бүхэн чамаас л болж байгаа юм” гэж зэмлэсэн байна. Зэмлэхийн учир нь Ава олон нийтийн сүлжээнд маш идэвхтэй бөгөөд царайлаг хөөрхөн охиныг эрчүүд ч олноороо дагадаг юм байна.

Харин тэдний гэрт буутай иртлээ донтсон 18 настай Эрик Жастин хэмээх залуу 2020 оноос эхлэн Аваг даган мөрдөх болжээ. Тэр EricJustin11 гэх хаягтай, түүгээрээ Авагийн TикToк болон Инстаграм, Snapchat-ийг дагадаг. Эхэндээ тэр хоёр онлайнаар хоорондоо харилцдаг байж.

“Би эхэндээ олон хүнтэй харилцаж, өдөр нь ямархуу өнгөрсөн талаар ярилцдаг байсан юм” гэж Ава харилцаагаа тайлбарлаж байна. Удалгүй Эрик Жастин онлайнаар ярилцаад зогсохгүй Авагийн найз нөхөдтэй харилцаа тогтоож, гэрэл зургуудыг нь худалдан авах болжээ. Дараа нь Авагийн гар утасны дугаарыг мэдэхийн тулд найзад нь мөнгө төлснийг ч дуулжээ. Бүр Авагийн тухай илүү мэдээлэл авахын тулд ангийнх нь нэг хүүхдийн математикийн хичээлийг ч хийж өгсөн нь мэдэгдэв.

“Найзууд маань миний тухай мэдээллийг зарж буйг мэдээд би тэднийг хаягаасаа хассан юм. Харин тэд намайг “Чи од болоод их зантай болжээ” гэж дургүйцсэн. Би хариуд нь “Та нар миний мэдээллийг зараад байна шүү дээ" гэж хэлсэн” хэмээн Ава ярьжээ.

Жастин удалгүй Авад хандан сэлфи хийгээд явуулбал багагүй мөнгө өгье гэжээ. Ава энэ талаар аав ээждээ хэлэхэд дэмжсэн байна. “Би бие галбирын зураг явуулаагүй. Зөвхөн инээсэн хоёр сэлфи л явуулсан. Энэ зургийн төлөө л мөнгө төлж байна гэж бодсон“ хэмээн Ава ярилаа. Түүний хоёр сэлфиг Жастин 300 ам.доллар шилжүүлж, худалдан авчээ.

WIN 10

Гэвч хоёр сэлфи авсан залуу дараа нь нүцгэн зураг харахыг хүсэж буйгаа хэлж, шаардаж эхэлсэн байна. Хэрвээ тийм зураг явуулбал их мөнгө төлнө гэжээ. Үүнийг сонсоод Ава түүнийг бүх сүлжээнээс блокложээ. Авагийн аав Роб хүртэл Жастинтай холбогдож, охинтой дахиж харилцахгүй байхыг сануулсан байна.

Гэлээ ч Жастины үйлдэл үүний дараагаар улам аюултай болов. Тэр Авагийн ангийнх нь нэг найзад “Би Аваг алмаар байна” гэж хэлсэн нь тодорхой болов. Аав нь сандран Жастины хаана амьдардгийг судалж үзэхэд гэрээс нь хэдэн зуун метрийн зайд байдгийг олж мэдээд санаа нь амарчээ. “Тэгэхэд би түүнийг тийм аюултай хүн гэдгийг мэдээгүй юм” гэж Роб ярьсан байна. Компьютерын араас том үг хэлж, сүрдүүлж суудаг хулчгар залуу гэж бодсон хэрэг.

Ингээд 2021 оны 7 дугаар сарын 10-ны шөнө Жастин Авагийн гэрийн гадаа очиж, хаалга руу нь буудсан хэрэг гарсан юм. Хоёр удаа буудахад нэг сум нь Авагийн яг хажуугаар өнгөрчээ. Дахиад буудах гэсэн ч буу гацаад болоогүй бололтой.

Хожим Жастины талаар цагдаа болон сэтгүүлчид мэдээлэл цуглуулахад математиктаа сайн жирийн нэгэн залуу байсан гэж таньдаг хүмүүс нь тодорхойлжээ. Жастин аав ээжтэйгээ АНУ-д амьдарч байгаад гэр бүлээрээ Энэтхэгт шилжин суурьшсан байна. Гэвч тэнд очоод аав ээж нь салж, ээж нь хүүгээ дагуулан АНУ руу буцаж, Мэрилэндэд амьдрах болжээ.

“Жастин хүү маань сайн хүү байсан. Өөр хэлэх үг алга даа. Юунаас болоод тэгснийг мэдэхгүй юм. Хүү маань буруу сонголт хийсэн байх” хэмээн Жастины аав сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

Цагдаа нар Авагийн аав Робд хэрэг нээгээгүй юм. Түүнийг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзжээ. “Надад үнэндээ бодох цаг байгаагүй. Би зөв гэснээ л хийсэн. Маш их сандарсан учраас зөв гэж бодсоноо л хийж амжсан” гэж Роб мэдүүлэгтээ дурджээ.

Аав, ээж нь Аваг санаачилгатай, бүтээлч хүүхэд гэж үнэлдэг. Тиймдээ ч блог хөтлөхийг нь зөвшөөрдөг. Одоо ч гэсэн Ава блогоо хөтөлсөн хэвээр байгаа. Мэдээж, болсон явдлын дараагаар цаашид блог хөтлөх эсэх тухай яриа тэдний гэрт гарчээ. Гэвч Ава “Миний хэдэн жилийн хөдөлмөрийг шууд ингэж хааж, устгаж болохгүй” гэж зүтгэсэн учир гэр бүлийнхэн нь үргэлжлүүлэхийг хүлээн зөвшөөрсөн байна.

“Нэг удаа брэндийн компани надтай уулзаад видео сурталчилгаа хаяг дээр маань байрлуулаад 1,000 ам.доллар өгье гэсэн. Тэгэхээр нь би давхар хэд хэдэн хаяг хөтөлдгөө хэлээд, тэр болгон дээрээ бичлэгийг нь тавиад 1,700 ам.доллар авсан. Муугүй байгаа биз” хэмээн Ава өгүүлжээ.

Харин хэргийн дараагаар хөршүүд нь Роб Мажүригийнхийг нүүлгэхийг орон нутгийн захиргаанаас шаардсан юм билээ. Гэрийнх нь ойролцоо алдартай блог хөтөлдөг охин амьдардаг, түүнээс болж ойрхон буун дуу гарч, хүн амиа алдсан нь ийм гомдол гаргах үндэс болсон байна. Үүнээс болж Робынх нүүхэд хүрчээ.

“Хүмүүс намайг мөнгөнөөс болоод хаягаа хаадаггүй гэдэг. Тийм ээ, блог хөтлөөд мөнгө олно гэдэг чинь бас нэг амжилт шүү дээ” гэж Ава Мажүри өгүүлсэн байна. Харин зарим хүмүүс Авагийн аав, ээжийг хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлсэн гэж одоо хүртэл шүүмжилж, буруутгадаг. Ялангуяа, охиныхоо сэлфиг зарахыг зөвшөөрсөн нь Эрик Жастиныг гаж донтон болж, амиа алдахад хүргэсэн гэж үздэг хүмүүс байдаг аж.

“Ава бол энэ нийгэм ямар байгааг өөрийн амьдралаараа харуулж буй охин. Тийм ээ, тэр залуу гаж донтон байж л дээ. Гэвч Ава өөрөө тэр залуутай харилцсан хэвээр байсан. Бүр сэлфигээ хүртэл зарсан. Үүнд Авагийн аав ээж 100% буруутай” гэж Аваг дагагчдын нэг нь сэтгэгдэлдээ бичжээ.

Эх сурвалж: www.goodmorningamerica.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn