Алина Кабаеваг Швейцараас гаргахыг шаардав

Шаардах бичигт одоогоор 63 мянга гаруй хүн гарын үсэг зуржээ.
Алина Кабаеваг Швейцараас гаргахыг шаардав

2000 онд уран сайхны гимнастикийн төрлөөр олимпын аварга болсон ОХУ-ын тамирчин Алина Кабаеваг Швейцараас гаргаж, эх орон руу нь буцаахыг шаардсан бичигт одоогоор 63 мянга гаруй хүн гарын үсэг зуржээ.

Одоо 38 настай Алина Кабаеваг Барууны хэвлэлүүд Владимир Путины амраг гэж “харддаг”. Тэрбайтугай дөрвөн хүүхдийг нь төрүүлсэн гэж хүртэл зарим хэвлэлээр бичсэн удаатай юм. Гэлээ ч үүнийг бүрэн нотолсон нотолгоо байдаггүй.

Оросын цэрэг арми Путины тушаалаар Украинд халдаж байхад түүний амраг, гэр бүлийнх нь гишүүн Швейцарт амьдрах ёсгүй гэж ОХУ, Беларусь, Украины зарим иргэдийн гаргасан шаардлагад дурджээ.

“Их зовж шаналж буй ОХУ, Беларусь, Украины иргэд бид нэгдэн Швейцарын төр засагт хандаж байна. ОХУ-ын төрийн зүтгэлтэн, хэвлэл мэдээллийн салбарт нөлөө бүхий хүн, тамирчин асан Алина Кабаеваг танай улсад хоргодож байгаа гэх мэдээллийг олон нийт саяхан олж мэдлээ. Украин руу халдан довтлох тушаалыг өгсөн цэргийн гэмт хэрэгтэн, дарангуйлагчийн эсрэг олон улс хориг арга хэмжээ авч байхад Швейцар улс түүний гэр бүлийн гишүүнийг эх орондоо байлгасан хэвээр байна.

Швейцар улс түүхэндээ анх удаагаа төвийг сахих үзэл баримтлалаа зөрчлөө. Германы нацистуудын үед ч төвийг сахих бодлогоо алдаагүй хэр нь одоо Путины эсрэг хориг арга хэмжээнд нэгдсэнгүй” гэх мэтээр тус шаардлагад цохон тэмдэглэжээ.

Алина Кабаева нь спортын замналаа өндөрлүүлсний дараагаар ОХУ-ын Төрийн думын гишүүнээр сонгогдон ажилласан намтартай. 2013 онд Владимир Путин эхнэр Людмилагийнхаа хамтаар гэр бүлээ цуцлуулж буй тухайгаа телевизээр зарлахад гэр бүл салалтын гол учир шалтгааныг Алина Кабаева гэж барууны хэвлэлүүд мэдээлж байсан.

Алина Кабаева 2021 оны 12 дугаар сард нэгэн бүжгийн шоунд оролцсоноос хойш олон нийтийн өмнө гараагүй байж байгаад ОХУ-ын паралимпын тамирчдыг Бээжингийн паралимпын наадамд хүлээж авахгүй гэж Олон Улсын Олимпын Хороо мэдэгдэл гаргахад хариу мэдэгдэл хийж, Дэлхий нийтийн анхаарлыг татсан.

“Дэлхийн спортын түүхэнд үүнээс илүү гутамшигтай хуудас байхгүй. Олон улсын спортын олон төрлийн холбоодын удирдлагууд цэвэр спортын ажил хэрэг хөөцөлдөхөө болиод удаж байна. Одоо бүр үүнийгээ нуухаа ч болилоо. Тэдний энхтайвны төлөө гэсэн үзэл бодол нь яг цэвэр спортын төлөө гэх уриа шигээ хоёр нүүртэй. Югослав, Ирак, Ливи, Сирийн хэдэн мянган энгийн иргэнийг хөнөөсөн улсуудын эсрэг тэд ямар ч хориг арга хэмжээ аваагүй, санаа зовоо ч үгүй.

Сочигийн олимпоос хүртсэн Оросын тамирчдын медалийг Олон улсын олимпын хороо ямар ч бодит баримт нотолгоогүйгээр хураан авсан. Одоо уралдаан тэмцээн бүрд Оросын тамирчдын алдааг микроскопоор хардаг боллоо. Юунд ч нөлөө үзүүлэхгүй гурван молекулын төлөө тэмцээнээс хасаж байна. Гэсэн ч бид ялж, түрүүлсээр ирсэн. Бид энэ бүх хоригийг давж гарна гэдэгт итгэлтэй байна” хэмээн Алина Кабаева мэдэгдсэн юм.

Барууны хэвлэлүүдийн мэдээллээр бол Кабаева хоёр ихэр хүүхэд төрүүлснээсээ хойш дөрвөн хүүхдийнхээ хамтаар хаана амьдарч байгаа нь тодорхойгүй, маш нууцлаг байх болжээ.

Кабаева хэдэн жилийн өмнө нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө “Би амьдралынхаа гол хүнтэй учирсан. Заримдаа энэ их аз жаргалдаа итгэж ч чадахгүй айх юм” хэмээн өгүүлж байжээ.

Эх сурвалж: www.dailymail.co.uk

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn