Хоёрдогч хориг гэж юу вэ?

Өрнөдийн орнуудаас ОХУ-ын эсрэг тавьсан эдийн засгийн хоригийг тойрон гарахаас сэргийлэх үүднээс Вашингтон Хятад, Энэтхэгт “зориулж” хоёрдогч хоригийг баталж болзошгүй байна.
Хоёрдогч хориг гэж юу вэ?
© Bloomberg

2 дугаар сарын 24-нд ОХУ Украинд халдан довтолсноос хойш Өрнөдийн орнууд оросын 4,591 хувь хүн, 708 ААН-ийн эсрэг хориг тавиад буй бөгөөд 2014 онд Крымийг цэргийн хүчээр өөртөө нэгтгэснээс хойш тус улсын эсрэг тавьсан нийт хоригийн тоо зургаан мянга даваад байгаа билээ. Ингэснээр АНУ, Европын Холбоо, Их Британи, Канад, Австрали, Швейцар, Японы ААН-үүд хоригт орсон оросын иргэд, ААН-үүдтэй хамтран ажиллах боломжгүй болсон.

Хэдхэн хоногийн өмнө оросын цэргүүдийн Бучад үйлдсэн харгислалын хариуд өрнөдөөс ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины охид К.Тихонова, М.Путина, Гадаад хэргийн сайд С.Лавровын эхнэр, охин, ҮАБЗ-ийн дэд дарга Д.Медведев, Ерөнхий сайд М.Мишустин нарын эсрэг хориг тавьж, оросын хамгийн том хоёр банк болох Сбербанк, Альфабанкийг бүрэн хоригт оруулсан. Өмнө нь тус хоёр банкийг хэсэгчлэн хоригт хамруулж, өрнөдийн орнуудад нийлүүлдэг оросын түүхий эдийн төлбөр тооцоог хүлээн авах боломжоор хангаж байсан юм.

Гэвч эдгээр хориг арга хэмжээний үйлчлэл нь зөвхөн хоригт нэгдсэн АНУ тэргүүтэй өрнөдийн орнуудын иргэн, ААН, банк санхүүгийн байгууллагуудад хамаардаг тул зарим асуудал дагуулдаг. Тухайлбал, Хятад, Энэтхэг зэрэг хоригийн үйлчлэлээс гадуурх гуравдагч орнуудын ААН-үүд хоригт орсон оросын компаниудтай худалдаа, эдийн засгийн харилцаагаа үргэлжлүүлэх эрсдэл үүсээд байгаа. Энэтхэгийн хувьд л гэхэд оросоос хямд үнээр газрын тос худалдан авахаар хэлцэл хийж эхэлсэн.

Өөрөөр хэлбэл, Вашингтоны улс төрийн шахалт хангалттай үр нөлөө үзүүлж чадахгүйд хүрээд буй. Тэгвэл Вашингтон ОХУ-ын эсрэг хоёрдогч хоригийг баталснаар Москватай хамтран ажиллах хүсэлтэй байгаа гуравдагч орнууд байр сууриа эргэн харахаас өөр аргагүй болох юм. Учир нь хоёрдогч хориг хэрэгжсэнээр хоригт багтсан оросын 6,000 гаруй иргэн, ААН-тэй хамтран ажилласан гуравдагч орны иргэн, ААН-үүдтэй АНУ худалдааны харилцаагаа шууд тасална гэсэн үг. Ингэснээр хятад, энэтхэгийн компаниуд дэлхийн хамгийн том эдийн засаг Америктай худалдаа хийх үү, эсвэл зөвхөн оростой юу гэсэн сонголт хийхэд хүрч, хүссэн хүсээгүй Москвагаас зай барихад хүрнэ.

Ийнхүү хоёрдогч хориг тавьснаар АНУ-аас Ираны эсрэг тавьсан хоригийг үл хайхран Тегерантай худалдааны харилцаагаа үргэлжлүүлсээр байсан Энэтхэг зэрэг орныг Ирантай харилцаагаа таслахад хүргэсэн хуучин туршлага бий.

Мөн Цагаан ордны зүгээс Бээжинд хандаж, Москвад хоригийг тойрох боломж олгосон ямарваа тохиолдолд хятадын компаниудад америкийн өндөр технологийн бүтээгдэхүүн, программ хангамж нийлүүлэхийг хориглож, хоёрдогч хориг тавина хэмээн удаа дараа анхааруулж байгаа билээ.

Эх сурвалж: Bloomberg

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn