Путин юу хийчих вэ?

Украины эсрэг өдүүлсэн түрэмгийлэл илүү нэгдмэл, илүү хүчирхэг Европыг бүтээж, харин Орос улсыг олон улсын тавцанд ганцаардуулж, эдийн засгийн хувьд сөхрүүлэх нөхцөл рүү түлхэв.
“Facade of Power”, 2022
“Facade of Power”, 2022© Kaj Stenvall

Ердөө долоохон хоногийн өмнө оросууд Украин руу хэзээ мөдгүй халдах нь гэхэд итгэж ядан байсан хүмүүс цөөнгүй. Гэтэл АНУ тагнуулын мэдээллээ дэлгэж, түрэмгийлэл үйлдэх цаг хугацааг өдөр хоногтой нь зарлан анхааруулж байлаа. 1941 оны 6 дугаар сарын 22-ны өдөр нацист Герман ЗХУ-д халдан довтолно гэж Р.Зорге төвдөө дамжуулж байсан шиг нарийн тодорхой мэдээлэл Вашингтон, түүний холбоотнууд байсан нь өнөөдөр ийнхүү батлагдаад байна.

Нууцаа алдсан Кремль нэр нүүрээ бодож, Ж.Байдены мэдэгдсэн тэр лхагва гарагт нь арай ч цэргээ хөдөлгөсөнгүй. Харин Беларусь дахь хамтарсан цэргийн сургуулилт өндөрлөсөн тул цэрэг, зэвсэг техникээ үндсэн анги байрлал руу нь буцаан татаж эхэлсэн тухай дизинформац (хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх) хийсэн юм. Цэргийн түрэмгийлэл зайлшгүй гэдэг нь нэгэнт батлагдаад байсан тул Өрнөд Москвад шахалт үзүүлэх зорилгоор өргөн хүрээтэй эдийн засгийн хориг арга хэмжээ авна гэдгээ эртнээс сануулсан ч В.Путин шийдвэрээсээ буцсангүй. Яагаад?

Өрнөдийн шинжээчид В.Путиныг тун хянамгай, шаггүй тактикч гэж үнэлдэг. Харамсалтай нь түүний Украин дахь тактик бүтэлгүйтэж, улмаар стратегийн ялагдалд хүрэхдээ тулаад байна. Тэрээр нацистууд шиг “блицкриг” дайнаар Украиныг эзэлж, Кремлийг аялдагч тоглоомын засгийг Киевт тогтоохоор тооцсон бололтой. Дайн эхлэхийн урьдхан Киевт төрийн эргэлт хийх, Ерөнхийлөгч В.Зеленскийг хөнөөх хуйвалдааны талаар мэдээлэл тарсаар байсан нь оргүй зүйл ч биш байжээ. Киевд хяналтаа тогтоосны дараа баривчлах, устгах хүмүүсийн жагсаалт гаргасан байсан тухай ч хэвлэлүүд мэдээлсэн. Риа Новости агентлаг оросын цэрэг Киевийг эзэлж, Украинд бүрэн хяналтаа тогтоосон тухай суртал ухуулгын сүрт өгүүлэл 2 дугаар сарын 26-ны өдөр нийтлэхээр бэлтгэсэн байсан нь задарч мундраа хутгаж байна.

В.Путин Украиныг эзэлснээр ямар хожоо олох байсан юм бэ? гэдэг сонирхолтой. Тэгвэл тоглоомын засгаараа Крымыг Орост нэгтгэснийг албан ёсоор хүлээн зөвшөөрүүлэх зорилго өвөрлөсөн байж мэдэх юм. Януковичууд Киевт засаглаж байгаа тохиолдолд Украин улс бүхэлдээ Оросын мэдлийнх хойно тэдэнд Донецк, Луганскийг буцаан өгч, найр тавьж болох. Гол нь Крым Оросынх гэдгийг Украинаар өөрөөр нь зөвшөөрүүлж авснаар 2014 оноос тавьсан Өрнөдийн хоригоос гарах хөзрийг гартаа оруулна гэж үзсэн бололтой.

Крым бол оросын Хар тэнгисийн флотын үндсэн түшиц, цаашлаад Газрын дундад тэнгистэй холбогдох зам суваг учраас Украинд буцаан өгөхгүй гэдэг нь туйлын тодорхой бөгөөд нөгөө талд Өрнөд бусдын газар нутгийг дур зоргоор тасчин хувааж, олон улсын эрхзүйн хэм хэмжээг зөрчин өөртөө нэгтгэсэн үйлдлийг хэрхэвч хүлээн авахгүй гэсэн хатуу байр сууриасаа ухрахгүй гэдэг нь мөн илэрхий. Иймд Украин өөрөө Крымээс татгалзвал сая Орос-Өрнөдийн харилцааг хэвийн болгох яриа хэлэлцээ урагшилж болох талтай.

В.Путин ингэж тооцсон болоод л эрсдэлтэй нүүдэл хийснээс зайлахгүй. Гэвч хэрэг явдал түүний санаснаар болсонгүй. Төлөвлөгөө ёсоор хэзээний эзлэгдчихсэн, баривчилгаа явагдаж, тоглоомын засаг эмхлэгдэж байх ёстой Киев өнөөдрийг хүртэл уналгүй тогтож байна. Дайн сунжрах тусмаа Кремльд ашиггүйгээр эргэнэ. Уржигдар л Украины арми зэвсгээ хаяж, бууж өгсөн нөхцөлд Киевтэй яриа хэлэлцээ хийх болно хэмээн даналзаж байсан Москва өнөөдөр ямарваа урьдчилсан болзолгүйгээр хэлэлцээ хийхээр урьж, Киев харин дайсагнагч Беларусын нутагт хэлэлцээ хийхгүй хэмээн гэдийхдээ тулжээ. Аргаа барсан Кремль Стратегийн (цөмийн) хүчнээ байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж байж украины тал Беларуст уулзахыг зөвшөөрлөө.

Өрнөдийн холбоотнууд болоод Оросын хэн хэн нь Украиныг тэснэ гэж тооцоогүй юм. Тийм ч учраас АНУ-ын зүгээс Ерөнхийлөгч В.Зеленскийг төр засгийн аппаратаа Киевээс Львов хот руу шилжүүлэх санал тавьж байсан бөгөөд байлдааны ажиллагааны эхэлсний дараа түүнийг Киевийг орхин гарахад нь туслах санал тавьж байлаа. Гэвч тоглоом өөрөөр эргэж, Киев тэгж ч амар унахгүйг ойлгосон Өрнөд одоо нэг талдаа гарч Киевийг бүх талаар дэмжиж, зэр зэвсэг, санхүү, хүмүүнлэгийн тусламжаа нэмэгдүүлж эхэллээ. В.Зеленский Украиныг яаралтай горимоор Европын Холбоонд элсүүлэх асуудлыг Брюселльд идэвхтэй тавьж байна.

Дундыг баримтлах байр сууринаас асуудалд хандаж, зэвсгийн тусламж үзүүлэхээс татгалзан ердөө таван мянган ширхэг дуулга илгээн шүүмжлэлд өртөж байсан Герман улс Украинд танк эсэргүүцэгч, Стингер пуужин нийлүүлэх болсноо мэдэгдэв. АНУ 350 сая ам.долларын, Европын Холбоо нийт 450 сая евро (500 сая ам.доллар)-гийн нэмэлт цэргийн тусламж Украинд үзүүлэх болсноо зарлалаа. Үүний дээр Герман улс цэргийн зардлаа 100 тэрбум евро (112 тэрбум ам.доллар)-гоор нэмэгдүүлж, батлан хамгаалахын төсвийг ДНБ-ийхээ 2%-аас доошгүйд хүргэх НАТО-гийн шаардлагыг биелүүлэхээ мэдэгдэв.

Урт хугацаанд төвийг сахих бодлого баримталж ирсэн Швед, Финланд улсууд НАТО-д гишүүнчлэх асуудлыг хөндөж эхлээд байна. Мөн төвийг сахигч статустай Швейцар улс Оросын эсрэг хоригт нэгдлээ. Байлдааны ажиллагаа эхэлсэн эхний өдрүүдэд Оросын банк санхүүгийн байгууллагуудыг олон улсын төлбөр тооцооны СВИФТ системээс хасах асуудлаар Европын холбооны орнууд санал хуваагдаад байсан ч удалгүй Герман, Итали, Унгар, Кипр улсууд байр сууриа өөрчлөв. Ингэснээр хориг тавиад байсан оросын голлох банкнуудыг давхар СВИФТ системээс хасаж, олон улсын төлбөр тооцоо гүйцэтгэх боломжгүй болголоо.

Оросод агаарын орон зайгаа ашиглуулахаас татгалзсан орнууд
Оросод агаарын орон зайгаа ашиглуулахаас татгалзсан орнууд

Түүнчлэн Европын холбооны 27 орон, Их Британи, Норвег улсууд оросын иргэний агаарын тээврийн компаниудад агаарын орон зайгаа ашиглуулахаас татгалзаад байна. Европ ийнхүү урьд өмнө байгаагүйгээр нягтарч, нэгдмэл байдлаар Оросын эсрэг зогсож байна. В.Путины хувьд энэ нь хүсүүштэй хэрэг яавч биш билээ. Оросын эсрэг хоригт АНУ, Европын Холбооноос гадна Япон, Өмнөд Солонгос, Тайвань, Сингапур улсууд ч нэгдэж буйгаа мэдэгдээд байна. Хятадын хувьд ч хоёрдмол байр суурь илэрхийлж эхэлсэн. Оросын арилжааны банкнуудаас гадна Төв банкны хөрөнгийг нь царцааснаар Москва Афганистантай ижил зиндаанд очиж байна. Талибан хөдөлгөөн засгийн эрхэнд гарснаас хойш АНУ Афганистаны төв банкны хөрөнгийг царцаасан юм.

Ам.долларын эсрэг рублийн ханш
Ам.долларын эсрэг рублийн ханш

Хоригийн улмаас Оросын Сбербанкны Европ дахь салбарууд дампуурахад ойрхон болоод байна. СВИФТ системээс таслагдсаны дээр хагас дамжуулагч нийлүүлэхийг хориглосон хориг экспортын орлогод багагүй хувийг эзэлдэг зэвсгийн үйлдвэрлэлийг нэрвэх нь тодорхой боллоо. Оросын хөрөнгийн бирж даваа гарагт арилжаагаа нээсэнгүй. Ам.долларын эсрэг рублийн ханш 47.33%-аар сулраад байгаа бөгөөд инфляцын түвшин жилийн 69.4%-д хүрэх прогноз гараад байна. Рублийн ханшийн уналтыг саармагжуулахын тулд Оросын төв банк бодлогын хүүгээ хоёр дахин нэмэгдүүлж 20%-д хүргэлээ.

Оросын төв банкны бодлогын хүү
Оросын төв банкны бодлогын хүү

Москва Киевийг унагаж чадахгүй нөхцөлд яриа хэлэлцээгээр асуудлыг шийдэж, хоригийг зөөллөхөөс өөр зам алга. Үгүй бол Орост эдийн засгийн хямрал нүүрлэж, улмаар нийгмийн тогтворгүй байдалд хүргэх, В.Путины дэглэм ганхахад хүргэж болзошгүй юм.

Хэлэлцээгээр талууд тохиролцоонд хүрч чадах эсэх нь одоогоор тодорхойгүй ч зарим таамаг дэвшүүлж болохоор байна. Юун түрүүнд харилцан гал зогсоож, Крымыг өөртөө нэгтгэснийг, Донецк, Луганскийн тусгаар тогтнолыг Киевээр хүлээн зөвшөөрүүлж, хариуд нь Украины Европын Холбоонд элсэхийг зөвшөөрч, харин НАТО-д элсэхгүй байх, газар нутаг дээрээ НАТО-гийн орнуудын пуужингийн довтолгооноос хамгаалах систем байруулахгүй байх баталгаа гаргуулж авах байдлаар тохиролцоонд хүрэх магадлалтай. Крымыг Орост өгөх, Донецк, Луганскийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх эсэх талаар урьдчилсан тохиролцоонд хүрсэн тохиолдолд Украинд ард нийтийн санал асуулга явуулж хэрхэхийг шийдвэрлэх биз ээ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn