Үнэт зүйлс ба Монгол

ХХ зууны төгсгөлд барууны эрдэмтэд янз бүрийн орнууд дахь 100 үнэт зүйлсийн ач холбогдлын талаар харьцуулсан судалгаа хийжээ. Судалгааны үр дүнд “Өрнөдөд тэргүүн зэргийн ач холбогдолтой үнэт зүйлс дэлхийн бусад орнуудад төдийлөн ач холбогдолгүй” гэдэг дүгнэлтэд хүрчээ.
Үнэт зүйлс ба Монгол

Орчин үеийн дэлхий ертөнцийн гол асуудлуудын нэг нь үнэт зүйлсийн зөрчилдөөн юм. Дэлхийн улс орнууд үнэт зүйлсийн хувьд зөрчилдөж, улмаар зэвсэгт мөргөлдөөн, цэрэг улс төр, эдийн засгийн гүнзгий хямралд орох нөхцөлийг бүрдүүлэх болсон. Манай улс энэ үнэт зүйлсийн системийн зөрчил дунд ямар баримжаатай явна вэ?

1990-ээд оны ардчиллын үнэт зүйлсийн чиг хандлага өнөөдөр хэвээр үү, өөрчлөгдсөн үү? Монгол Улс тэр үед ардчилсан тогтолцоо, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засаг, хувийн өмч гэхчлэн шинэ ухагдахуунтай танилцан, хүнлэг ардчилсан нийгэм байгуулна гэж тунхагласан. Тэр л үед бий болсон мэдрэмж, инерцээр өнөөг хүртэл явж ирлээ. Гэтэл ахиц дэвшил гарсан хэдий ч нэг л буруу яваад байгаа мэт мэдрэмж төрнө. Нэг үгээр 1990 ондоо таг гацчихсан мэт санагдана. Гэтэл ардчилал тасралтгүй үйл явц гэсэн байх ажээ.

Бид ардчиллыг зөвхөн гадна талаас нь өнгөцхөн хуулав уу? Амин сүнс, агуулгыг нь бус хэлбэр дүрсийг нь дуурайв уу?

Бусдын үнэт зүйл, соёлыг үндэсний онцлог, өөрийн хөрсөндөө суулгахын тулд хэр хугацаа хэрэгтэй юм бол? Ерөөс өөрийн үнэт зүйлс биш учраас нутагшиж өгөхгүй байна уу? гэх мэт асуулт хөвөрнө.

Юутай ч одоо өөрийн гэсэн ухаантай байж, үнэт зүйлсийн баримжаагаа эргэн нэг нягтлан харах цаг болжээ. Юуны өмнө дэлхий нийтэд үнэт зүйлсийн ямар зөрчилдөөн байгаа талаар авч үзье.

Өнөө цагт өрнөдийн бус улс орнууд нэг үндэстний соёлын үнэт зүйлсийг бүх дэлхийд тулган хүлээлгэж болохгүй гэцгээх болжээ. Ялангуяа тухайн улсын ёс зүйн хэм хэмжээ, улс төрийн болон нийгмийн тодорхой бүтцүүд тэртээ тэргүй бүх нийтийнх биш бөгөөд тухайн улс орондоо л хамаатай зүйл гэж үзэж байна. Жишээлбэл, Голландад юм уу Францад ач холбогдолтой асуудлууд Арабын ертөнцийг цочирдууллаа гэхэд Япон, Хятадад тийм их ач холбогдолтой биш байж болно. Гадаадын судлаачид хэдийн ирландууд, польшууд, африкчууд, италичуудын нийгмийн үйл хөдлөлийн ялгаатай талыг нь авч үзэж, янз бүрийн иргэншлүүдийн төлөөлөгчдийн сэтгэлгээний онцлог, үүнтэй холбоотой сэтгэл зүйн, нийгэм соёлын хийгээд улс төрийн саад тотгорыг судалжээ. Соёл хоорондын философи нь “ардчилал”, “эрх чөлөө” гэх зэрэг ухагдахууныг үнэлж дүгнэдэггүй, зөвхөн ямар нэгэн улс төрийн соёлын шалгууруудын талаас нь авч үздэг аж. Ийм санааг францын эрдэмтэн М.Доган, Д.Пеласси нар “хэн нэгний эзэмшиж буй үнэт зүйлсийг ойлгох нь өөрийгөө ялгаварлан гадуурхах үзэлгүй гэж үнэлэхээс илүү чухал байж мэдэх юм” гэсэн үгээр илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл, бусдын ардчилалтай хийгээд эрх чөлөөтэй байх эсэх нь чухал гэхээсээ тэдгээрийн үнэт зүйлсийг ойлгох буюу хүлээн зөвшөөрөх явдал чухал гэжээ.

Нөгөөтээгүүр барууны ертөнц бол хоёр зуун жил хагасын тэртээгээс өрнөдийн соёл иргэншлийн ололт амжилт дээр суурилж ирсэн “евро төвт” үзэл баримтлалтай юм. “Евро төвт” үндэстний соёлын үнэт зүйлсийг бүх дэлхийд тулган шаардаж байгаа нь өнөөдөр асуудал дагуулсаар байна. Олон улсын улс төрд даяаршлын үзэл баримтлалын америк маягийн тунхаглал болсон гэгдэх энэ зууны эхээр АНУ-ын ерөнхийлөгч асан Б.Клинтоны хэлсэн дараах үг дээрх тулган шаардлагын сонгодог жишээ гэмээр. Тэрээр “Даяаршил энэ бол зөвхөн эдийн засаг биш юм. Бидний зорилго бол ардчилал, эрх чөлөөний үзэл санаат дэлхий ертөнцийг болон энэ ойлголтыг хуваалцдаггүй эсрэг байдаг сөргөлдөгч ертөнцийг нэгтгэх явдал байх ёстой. Үүнд Америкийн үндсэн суурь сорилтууд оршиж буй бөгөөд XXI зуунд үүнийг хийж чадна гэдэгт би итгэлтэй байна“ гэжээ. Эндээс харахад даяаршил нь жам ёсны хөгжлийн үйл явц гэхээсээ өрнөдийн тэргүүлэгч улс АНУ-ын үндэсний эрх ашиг, ашиг сонирхлын зорилт, ардчилал, эрх чөлөө нь түүнийг нь хангах зэвсэг юм байна гэж дүгнэхээр аж.

Өнөөгийн ертөнцөд соёлын хүрээний даяаршил нь шинжлэх ухаан техникийн дэвшлүүдтэй шууд холбоотой явагдаж байна. Цахим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, интернэт нь дэлхийн бөмбөрцгийн өнцөг булан бүрийн мэдээллийн юуг ч орхигдуулахгүй шууд дамжуулж байна. Энэ нь барууны нийгмийг цорын ганц универсал соёл иргэншил гэж харах боломжийг үүсгэж байх шиг. Үр дүнд нь бүх дэлхийд барууны үзэл баримтлалыг цорын ганц зөв үзэл баримтлал мэтээр тулган хүлээлгэх байдал ажиглагдаж байна. Үүнд, төрийн зохицуулалтаас чөлөөт зах зээл рүү, тоталитаризмаас ардчилал руу, нэгдмэл улсаас холбооны улс руу, үндэстний төр улсаас татгалзах байдал руу, өөрөөр хэлбэл бүс нутаг, газар нутгийн чөлөөт холбоод руу шилжих гэх мэт. Гээд дэлхийн байдал сайжралыг олохгүй эерэг гэхээсээ илүүтэй сөрөг, хүмүүнлэг бус бусниулагч шинжтэй болсоор байгаа нь хачирхалтай.

Үүнийг нотолж 2009 онд америкийн социологич, ирээдүй судлалын үндэслэгч Э.Тоффлер “...дэлхий илүү харилцан хамааралтай, олон улсын систем илүү адармаатай болж эмзэг байдал улам нэмэгдэж байна. Зэрэгцээд орчин үеийн нийгэмд мэдлэг мэдээллийн үнэ цэн, технологийн инновацийн үүрэг өсөн нэмэгдэж байна. Үр дүнд нь урьд нь найдвартай байсан институциональ бүтэц, механизмууд эдийн засгийн шинэ нөхцөл байдалд үр ашиггүй болж байна. Мэдээллийн шинэ нийгэмд алхан орохын тулд улс төр, эдийн засгийг удирдах хуучин арга барилаас татгалзах хэрэгтэй байна” гэжээ.

Өөр нэг чухал асуудал бол орчин цагийн дэлхийн улс төрд үндэстэн улсын үүрэг нэмэгдэж байгаа бөгөөд шинээр үндэстэн орнууд үүсэн бий болж, өөрөө өөрсдийгөө чөлөөтэй засан тохинуулах эрх чөлөө, салшгүй эрхээ хэрэгжүүлэх, хэрэгжүүлэхийг эрмэлзэх болсон. Үүнээс “үндэстэн”, “үндэсний үзэл”, “үндэсний ухамсар”, “үндэсний ашиг сонирхол” гэдэг ойлголтуудын ач холбогдол нэмэгдэх болов. (Гэтэл бид дэлхий даяаршиж нэг болж байхад монгол соёлоор яах юм, газар нутгаа харьд түрээсэлье, дүрвэгсдийг авъя, үндэсний ашиг сонирхол гэж юу байсан юм гэхчлэн Монголын гэсэн бүхнээ үгүйсгэн ойворгон, хүйтэн, хайнга байгаа нь сэтгэл ихээхэн эмзэглүүлж байна.)

Түүнчлэн дэлхийн улс төр, эдийн засгийн нийтлэг байдлын ач холбогдлыг хэтрүүлэн үнэлж байна гэж өрнөдийн улс төр судлаачдыг шүүмжлэх болсон. Өрнөдийн нийгэм бол дэлхийг ноёрхох урт удаан хугацааны тэмцлийн эцэст зорилгодоо хүрэх цорын ганц, хосгүй иргэншил бүхий нийгэм гэж тунхагладаг нь шүүмжлэл дагуулсаар байх болов.

Модернизаци ба эдийн засгийн хөгжил нь дэлхийн олон янзын нийгмүүдийг нийтлэг нэг хэлбэрт оруулаад нийтлэг орчин үеийн соёлыг бүтээж, өрнөдийн соёлд ойртуулна гэдэг энэхүү үзэл сурталд улс орнууд бас болгоомжтой ханддаг аж. Саудын Араб, Сингапур, Япон орчин үежиж цэцэглэн хөгжсөн, гэвч баруунжсан нийгэм болоогүй. Энэ нь өөрийн гэсэн бодлоготой байсны илрэл биз ээ.

Сүүлийн үед болж буй үйл явдлуудаас харахад өрнөдөөс эдийн засгийн, улс төрийн, цэргийн, оюун санааны бүх чиглэлээр хийж буй үйлдлүүд дэлхийн бусад өрнөдийг дагагч улс орнуудыг хүртэл улам бүр эсрэг болгож байна. Өрнөдийн соёлын түрэмгийлэл гэж хэлж болох дайралтууд нь өөрийн язгуур үндэс рүүгээ тэмүүлэх хэрэгцээтэй байгаа бусад иргэншлүүдийн үл баруунжих үйл явцыг хүчтэй өдөөж байна гэхээр байна.

Дэлхий ертөнц Ойрх Дорнодын “исламын сэргэлт”, Энэтхэгийн “индуизачлал”, Японы “Ази дахь дахин сэргэлт”-ийн талаар ярих болсон. Ислам, күнз, япон, буддын соёлд индивидуализмын, либерализмын, хүний эрх, эрх чөлөөний, төрөөс сүм хийдийг тусгаарлах тухай үзэл санааны дэмжлэг бараг байдаггүй. Эдгээр үзэл санаануудын суртал ухуулга нь улам л тэдгээр улсуудын төрөлх соёлынх нь үнэ цэнийг бэхжүүлэхэд хүргэж байдаг аж. ХХ зууны төгсгөлд барууны эрдэмтэд янз бүрийн орнууд дахь 100 үнэт зүйлсийн ач холбогдлын талаар харьцуулсан судалгаа хийжээ. Судалгааны үр дүнд “Өрнөдөд тэргүүн зэргийн ач холбогдолтой үнэт зүйлс дэлхийн бусад орнуудад төдийлөн ач холбогдолгүй” гэдэг дүгнэлтэд хүрчээ. Үүнтэй холбогдуулан нэг жишээ дурдвал нийгэм дэх бэлгийн цөөнхийн тухай асуудал юм. Өрнөдийн орнуудад бэлгийн цөөнхийн асуудал чухал ач холбогдолтой үнэт зүйлсийн нэг байж болох ч өрнөдийн бус соёл иргэншлүүдийн хувьд төдийлөн ач холбогдолтой биш байх нь. Гэтэл хүний эрх нэрийн дор огт өөр соёл бүхий улс орнуудад энэхүү асуудлыг ардчиллын үнэт зүйл хэмээн тулган хүлээлгээд байгаа нь зохисгүй байх нь ээ.

Энэ бүгдээс үзэхэд бидний 1990 ондоо гацчихаад байгаа үнэт зүйлсийн баримжаагаа шинэчлэн, нийгмийн ухамсар, оюун санааны чиг хандлагаа дахин нэг тольдон харах, зүлгэх шаардлагатай байна.

Энэ бүхнийг өгүүлэхдээ өрнөдийн соёл, үнэт зүйлсийг буруушаан шүүмжлэх зорилго агуулсангүй, гагцхүү дэлхий нийтэд юу өрнөж байгааг тайлбарлан таниулахын сацуу манай нийгмийн оюун санаа, үнэт зүйлсийн чиг хандлага, үйл явцыг эргэн харж, бодитой задлан шинжлэхийн чухлыг сануулах гэснийх юм. Үүнд манай судлаачид, мэргэжлийн хүмүүс анхаарлаа хандуулж, нийгмийн ухамсар, оюун санаанд нөлөөлөхийн ач холбогдлыг хэлэх нь илүүц биз.

Дэлхий ертөнцөд юу болж байгааг үргэлж ажиглан судалж, дэвшилтэт (Монголд ашигтай) бүхнийг соргогоор тусган авч, хөрсөндөө буулгаж, асар их үнээр олдсон эрх чөлөө, тусгаар тогтнолоо хадгалан хамгаалах нь онцгой чухал билээ.

Эцэст нь хэлэхэд бид хэтэрхий хөнгөн хийсвэр, асуудалд бодитой, няхуур, ул суурьтай хандахгүй, бусдын үгээр гэлдэрч, урсгалаар хөвсөөр өөрийн бодлого, ухаангүйн улмаас өөр бусдын идэш болчих вий дээ.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn