Хятад яагаад Тайванийг нэгтгэх гээд байдаг вэ? №4. АНУ Тайванийг хамгаалах уу?

Тайваний хувь заяа дэлхийн эдийн засгийн хамгийн эрч хүчтэй бүс нутаг, олон улсын дэг журамд асар их нөлөө үзүүлэх тул АНУ-аас гадна Япон, Австралийн албаны хүмүүс Тайваньд Хятадаас довтолсон тохиолдолд хариу арга хэмжээ авах шаардлагатай гэдгийг аль хэдийн олон нийтэд зарласан байдаг.
Хятад яагаад Тайванийг нэгтгэх гээд байдаг вэ? №4. АНУ Тайванийг хамгаалах уу?
@ slon.pics

Олон улсын систем дэх АНУ-ын нэг туйлт байдал сулрахын хэрээр Европын холбоо, Хятад, Орос, Энэтхэг болон Япон зэрэг их гүрнүүдийн олон улсын систем дэх гүйцэтгэх үүрэгт судлаачид анхаарал хандуулах болсон. Эдгээр гүрнүүд олон хүн амтай, цэрэг зэвсгийн хүч чадалтай, дэлхийн эдийн засагт нөлөө бүхий жинтэй боловч зөвхөн АНУ, шинээр Хятад хоёр л энэ бүх шинж чанаруудыг төгс эзэмшиж илэрхийлэх чадалтай улсууд болоод байгаа юм.

Хятадтай найрсаг түншийн харилцаа холбоо хөгжүүлэхэд олон арван жил зарцуулсны дараа АНУ-ын эрх баригчид энэ бодлого нь эргээд АНУ-ын урт хугацааны дэлхийн улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын ноёрхолд хэрхэн нөлөөлөх талаар эргэлзэж эхлэв. Хятадын төртэй нягт уялдсан эдийн засгийн бодлого, дарангуйлагч улс төрийн тогтолцоо, улам түрэмгий болж буй гадаад бодлого нь АНУ, Европын Холбоо, Азийн орнуудын одоогийн Хятадтай харилцахад баримталж ирсэн бодлогыг дахин нягталж үзэхэд хүргэж байна.

Сүүлийн жилүүдэд Өмнөд Хятадын тэнгисийн маргаан, Ковид-19 тахлын улмаас үүссэн зах зээлийн нийлүүлэлтийн сүлжээний тасалдал, Бээжин Хонконгийн автономит эрхийг уландаа гишгэсэн байдал, Шинжаан дахь хүний ​​эрхийг зөрчсөн бодлого, Хятад улсад ажлын байраа алдаж байгаа явдал, Тайваний эсрэг дайсагнасан алхмууд зэрэг асуудлууд АНУ-аас Хятадад хандах хандлагыг сүүлийн жилүүдэд улам муутгаж байна.

Ерөнхийлөгч Трампын засаг захиргаанаас хойш АНУ-Хятадын харилцааны өнгө аяс улам ширүүсэхийн хэрээр Тайвань хоёр том гүрний хоорондох хамгийн хурцадмал асуудал болж дахин гарч ирсэн.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен олон нийтэд 2021 оны 10 дугаар сард Тайванийг НҮБ-ын тогтолцоонд оролцохыг дэмжсэн мэдэгдэл хийсэн юм. Ерөнхийлөгч Жо Байден АНУ Тайванийг хамгаалах "бат бөх амлалт өгч байна” гэж мэдэгдсэн нь АНУ-ын энэ арлыг хамгаалах байр суурийн эргэлзээг тайлж байх шиг. Тайвань-АНУ-ын аюулгүй байдлын зохицуулалтын тулгуур баримт бичиг нь 1979 онд батлагдсан Тайваний харилцааны тухай хуульд суурилдаг юм.

Гэхдээ дээрх Байден, Блинкен хоёрын мэдэгдлүүд АНУ-Хятадын харилцааны олон жилийн "Нэг Хятад" зарчмыг үгүйсгэж байна гэсэн үг биш. Тайвань ба АНУ одоогийн нөхцөл байдал буюу “статус кво”-г цаашид хадгалах хүсэлтэй байгаа боловч АНУ Тайваний тусгаар тогтнолын асуудлыг Орос-Украины дайнд ОХУ-д БНХАУ-аас дэмжлэг туслалцаа үзүүлэх асуудал дээр “барьцааны хөзөр” болгон ашиглаж байгаа мэт ажиглагдаж байна.

Америкийн шинжээчдийн үзэж байгаагаар АНУ Тайванийг хамгаалах ёстой, учир нь хамгаалахгүй бол америкчуудын аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтэд ноцтой хохирол учруулах болно гэжээ. Тайваний байршил газарзүйн хувьд чухал ач холбогдолтой бөгөөд арал нь АНУ-ын “нэгдүгээр арлын гинжин хэлхээний” стратегийн төвд байрладаг учир Хятадын Ардын Чөлөөлөх Армийг эх газрын буланд үр дүнтэй шахдаг юм. Хэрэв Хятад Тайванийг захирч, цэрэг зэвсгээ тус арал дээр байрлуулбал АНУ-ын холбоотон болох Япон, Филиппинд илүү амархан заналхийлэх болно. Түүнчлэн Хятадын Ардын Чөлөөлөх Арми АНУ-ын нутаг дэвсгэрт илүү ойр ажиллаж, Номхон далайд АНУ-ын тэнгисийн цэргийн хөдөлгөөнийг хянах боломжтой болох юм.

Эдийн засгийн хувьд Хятад улс Тайванийг өөртөө нэгтгэвэл хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн дэлхийн гол төв, АНУ-ын найм дахь том худалдааны түнш болох өндөр технологийн эдийн засгийг хянах болно. Улмаар БНХАУ Тайваний дэлхийд гайхагдах технологийн өндөр ололтыг ганцаараа ашиглах, тэр ч байтугай Тайваний дэвшилтэт технологид нэвтрэх АНУ-ын боломжийг хязгаарлах аюул тулгарна гэж төсөөлж болох аж. Хэрэв ийм зүйл тохиолдвол Америк болон бусад улс орнуудын хэрэглэгчдэд ухаалаг утаснаас эхлээд компьютер, машин зэрэг бүх зүйлийн үнэ өндөр болно.

Улс төрийн хувьд Тайвань бол Азийн ардчиллын амжилттай цөөхөн хэдэн түүхийн нэг бөгөөд угсаатны хувьд хөгжлийн өөр зам байгааг Хятадын ард түмэнд харуулж байгаа юм. Харин Хятад улс Тайванийг өөртөө нэгтгэвэл ардчилал нь устаж, 24 сая хүн амын эрх зөрчигдөх болно гэж АНУ үздэг.

Тайваний хувь заяа дэлхийн эдийн засгийн хамгийн эрч хүчтэй бүс нутгийн олон улсын тавцан дахь дэг журамд асар их нөлөө үзүүлэх тул АНУ-аас гадна Япон, Австралийн албаны хүмүүс Тайваньд Хятадаас довтолсон тохиолдолд хариу арга хэмжээ авах шаардлагатай гэдгийг аль хэдийн олон нийтэд зарласан байдаг. Хаалттай хаалганы цаана Энэтхэг-Номхон далайн бусад орны албаны хүмүүс Америкийн хариу арга хэмжээг бүс нутгийн өмнө хүлээсэн үүрэг амлалтаа харуулах лакмус тест гэж үзэх болно гэдгээ тогтмол мэдэгддэг юм.

Хэрэв АНУ Хятад-Тайванийн мөргөлдөөнд шууд оролцохгүй хөндлөнгөөс ажиглаж зогсвол холбоотнууд болон түншүүдэд аюулгүй байдлын хувьд АНУ-д найдаж болох уу гэдэг эргэлзээ төрөх болно. Ийм нөхцөл байдал үүсвэл эдгээр улс орнууд Хятадын ноёрхлыг хүлээн зөвшөөрөх эсвэл цэрэг армийн хүчээ нэмэгдүүлэх, цөмийн зэвсэг бүтээх замаар Хятадаас өөрсдийгөө хамгаалах талаар бодож эхэлнэ. Аль ч шийдэл нь АНУ-ын нөлөөг бууруулж, бүс нутгийн тогтворгүй байдлыг нэмэгдүүлнэ.

Цаашилбал, Хятадын Тайванийн эсрэг түрэмгийлэлд хариу өгөхгүй байх алхам АНУ-ын Ази дахь холбоотнуудын сүлжээг задлахад хүргэж, Америкийн цаашдын хөгжил цэцэглэлт, аюулгүй байдалд хамгийн чухал ач холбогдолтой бүс нутагт Хятад тэргүүлэх дэг журмыг бий болгоход түлхэц болно гэж америкийн судлаачид үзэж байна. Улмаар Хятадын ноёрхолд орсон Энэтхэг-Номхон далайн бүс нутаг нь АНУ-ын экспорт, хөрөнгө оруулалтад илүү хаалттай байж, америкийн эдийн засаг, эцсийн дүндээ америкийн бизнес эрхлэгчид, ажилчдад хохирол учруулах бөгөөд ийм үр дагавар нь АНУ-ын ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх тул АНУ Тайванийг хамгаалах ёстой гэж Вашингтон үздэг ажээ.

Ашигласан эх сурвалж: spiegel.de, reuters.com, thediplomat.com

wikipedia.com, uscc.gov, theatlantic.com, efsas.org

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn