Умард Солонгос шинэ зэвсэг харван туршжээ

Энэхүү туршилт нь Умард Солонгос ойрын хугацаанд шинэ цөмийн зэвсэг буюу тактикийн цөмийн зэвсэг харван туршихаар төлөвлөж буйн илрэл гэж шинжээчид үзэж байна.
Умард Солонгос шинэ зэвсэг харван туршжээ

Тактикийн цөмийн зэвсгийн чадавхыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх шинэ зэвсгийг амжилттай туршсан гэж Умард Солонгос ням гарагт буюу өчигдөр мэдэгджээ.

Шинэ пуужинг харван турших үйл явцыг тус улсын удирдагч Ким Жон Ун үзээд инээмсэглэж, алга ташиж буй зургууд нийтлэгдсэн байна.

Энэхүү туршилт нь Умард Солонгос ойрын хугацаанд шинэ цөмийн зэвсэг буюу тактикийн цөмийн зэвсэг харван туршихаар төлөвлөж буйн илрэл гэж шинжээчид үзэж байна.

Умард Солонгос 2017 онд цөмийн туршилтаа зогсоосон юм. Өмнөд Солонгос болон АНУ-тай харилцаагаа сайжруулах зорилгоор дараа жил нь Пунгери цөмийн туршилтын талбай дахь хонгилуудаа устгасан билээ.

Гэвч сүүлийн үеийн хиймэл дагуулын зургуудаас үзвэл, цөмийн туршилтын талбайн хонгилуудыг сэргээх ажил өрнөж байна.

Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг буюу KCNA агентлагийн мэдээнд “Сүүлд харван туршсан тактикийн удирдлагатай зэвсэг нь ... фронтын алсын тусгалын их бууны ангиудын чадавх болон тактикийн цөмийн зэвсгийн ажиллагааны үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой” гэжээ.

Мөн тус агентлагийн мэдээлснээр, Ким Жон Ун улс орныхоо батлан хамгаалах чадавх, цөмийн зэвсгийн байлдааны хүчийг цаашид улам бүр сайжруулах талаар “чухал” үүрэг чиглэл өгсөн ажээ.

Өмнөд Солонгосын армийнхны мэдэгдсэнээр, “ойрын тусгалтай байж магадгүй” хоёр пуужинг бямба гарагийн орой Умард Солонгосоос харвасан аж.

Умард Солонгос шинэ пуужингууд харван туршиж буй нь өнөөдрөөс эхлэн 9 хоног үргэлжлэх АНУ болон Өмнөд Солонгос хоорондын хамтарсан цэргийн сургуулилалтыг эсэргүүцэж байгаагийн илрэл гэж шинжээчид дүгнэж байна. Ийм цэргийн сургуулилалтыг “дайны сургуулилалт” гэж Умард Солонгос үзэж, эсэргүүцсээр ирсэн юм.

Мөн туршилт хийсэн цаг нь Умард Солонгосыг үүсгэн байгуулагч Ким Ир Сений мэндэлсний 110 жилийн ойд зориулсан арга хэмжээнүүдтэй давхцаж байна.

4 дүгээр сарын 15-нд тохиосон энэ ойг тэмдэглэхээсээ ердөө гурван долоо хоногийн өмнө Умард Солонгос тив алгасах баллистик пуужин харван туршсан юм. Тус улс 2017 оноос хойш анх удаагаа ийм төрлийн пуужин харвасан нь энэ билээ.

Умард Солонгост ийм төрлийн туршилт хийхийг хориглож, өмнө нь хийсэн туршилтуудтай нь холбогдуулан НҮБ болон олон улс орон тус улсын эсрэг хатуу хориг арга хэмжээнүүд аваад байгаа юм.

Гэсэн хэдий ч тус улс цөмийн зэвсгийн хөтөлбөрийнхөө хүрээнд баллистик пуужингуудыг харван туршсаар байна.

Эх сурвалж: BBC, Yonhap

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn