АНУ: Умард Солонгос тив алгасах баллистик пуужингийн систем туршсан

Пентагоны мэдэгдэж буйгаар, хоёрдугаар сарын 26 болон гуравдугаар сарын 4-нд Умард Солонгосын хийсэн туршилт нь бүрэн хэмжээний тив алгасах баллистик пуужин харвахын өмнөх туршилт байж болзошгүй.
АНУ: Умард Солонгос тив алгасах баллистик пуужингийн систем туршсан

Умард Солонгос шинэ төрлийн тив алгасах баллистик пуужингийн системийн зарим эд ангийг саяхан харван туршсан гэж АНУ мэдэгдээд, үүнийг “маш ноцтой хэрэг” гэж тодорхойллоо.

Хоёрдугаар сарын 26 болон гуравдугаар сарын 4-нд хийсэн туршилтаа тагнуулын хиймэл дагуул бүтээх ажлын хүрээнд хийсэн чухал туршилт гэж Пхеньян мэдэгдэж байсан юм.

Гэвч Пентагоны мэдэгдэж буйгаар, эдгээр нь бүрэн хэмжээний тив алгасах баллистик пуужин харвахын өмнөх туршилт байж болзошгүй.

Багаар бодоход 5500 км-ын тусгалтай тив алгасах баллистик пуужин АНУ-д хүрч чадах бөгөөд ийм төрлийн пуужингууд нь цөмийн зэвсэг тээх зориулалттай аж.

Пүрэв гарагт Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби хэлэхдээ “Умард Солонгосын сүүлийн хоёр туршилт нь тив алгасах баллистик пуужингийн шинэ системтэй холбоотой” гэжээ.

Мөн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хэд хэдэн тогтоолыг эрс зөрчсөн, бүс нутгийн аюулгүй байдалд эрсдэл учруулж, хурцадмал байдал үүсгэж буй эдгээр туршилтыг АНУ эрс зэмлэн буруушааж байна гэж тэрээр хэлсэн байна.

АНУ-ын энэ мэдэгдлийг Өмнөд Солонгос болон Япон нотолж, Пхеньяныг зэмлэн буруушааж байна.

Илүү том бөгөөд илүү сайн зэвсэг турших гэж нэг жил гаруйн хугацаа зарцуулсан гэж Умард Солонгос мэдэгдсэн төдийгүй тэдгээр зэвсгээ цэргийн парад болон үзэсгэлэнд ч тавьж байсан юм.

Пхеньян ойрын тусгалтай хэд хэдэн пуужин харвасан нь шинэ технологи туршихад нь тус болсон байна. Алсын тусгалтай тив алгасах баллистик пуужингийн туршилт нь Вашингтоны анхаарлыг үнэхээр татаж байна. Учир нь Умард Солонгосын “Hwasong-12” пуужин нь 4,500 км зайд буюу АНУ-ын нутаг дэвсгэрт тооцогддог, Номхон далайн Гуам арал дээрх цэргийн баазуудад нь хүрч цохилт өгөх чадалтай гэгдэж байсан юм. Тэгвэл “Hwasong-14” нь үүнээс ч илүү хол зай буюу 8000 км-ыг туулж чадах ажээ.

Зөвхөн АНУ, ОХУ болон БНХАУ-д л ийм хол зайг туулж чадах хуурай замын пуужингууд бий.

Удахгүй “олон хиймэл дагуул” хөөргөнө гэж Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун анхааруулсан бөгөөд үүнийг нь тив алгасах баллистик пуужинтай ижил төстэй технологи турших оролдлого байж болзошгүй гэж Вашингтон болон Сөүл “хардаж” байгаа юм.

Эх сурвалж: BBC

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn