Улсаа дампууруулсан гэр бүл

Ах дүүсээрээ ээлжлэн Шри Ланкийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын кабинетын гишүүдээр ажиллаж буй Ражапаксагийн гэр бүл улс орноо хэрхэн дампууралд хүргэсэн бэ?
Улсаа дампууруулсан гэр бүл
© Bloomberg

2019 оны 11 дүгээр сард явагдсан Шри Ланка улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Готобая Ражапакса сонгуулийн сурталчилгааны үеэр татвар бууруулах популист амлалт өгчээ. Харин тухайн үед тус улсын Сангийн сайдаар ажиллаж байсан Мангала Самаравера НӨАТ-ын хувь хэмжээг 15%-аас 8% хувь болгон огцом бууруулах Г.Ражапаксагийн амлалт ноцтой үр дагаварт хүргэнэ хэмээн анхааруулж байв.

Тэрээр “Татвар бууруулах амлалт хэрэгжсэн тохиолдолд Шри Ланк улс дампуурна. Дараагийн Венесуэл, Грек болно” гэж мэдэгдсэн юм. Гэвч сонгуульд ялалт байгуулсан Г.Ражапакса Засгийн газрын анхны хуралдаанаар амлалтаа биелүүлсэн байна. Үр дүнд нь өнөөдөр Шри Ланк улс хоногт 13 цагаар эрчим хүч хязгаарлаж, иргэд нь шатахууны урт дараалалд зогсож, бэлэн мөнгөний хомсдолын улмаас зарим хэсэг нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ худалдан авах боломжгүй болжээ.

Үүнээс гадна цар тахлын улмаас орлогын чухал эх үүсвэр болсон аялал жуулчлалын салбар унасан тул 2019 оны 12 дугаар сараас 2021 оны 8 дугаар сарын хооронд бэлэн мөнгө ихээр хэвлэж, мөнгөний нийлүүлэлтийг 46%-аар нэмэгдүүлсний үр дүнд тус улсын инфляцын түвшинд Азидаа тэргүүлэх болсон юм.

Мөн гадагш чиглэсэн гадаад валютын урсгалыг хумихын тулд “бордооны мафи”-тай тэмцэх, ХАА-н органик бүтээгдэхүүнийг дэмжих нэрээр химийн бордоо импортлохыг хориглосны улмаас ихээхэн хэмжээний ургац алдаж ХАА-н салбараа бас сөхрүүлжээ. Ингээд хоригоо цуцалсны дээр гаднаас цагаан будаа импортлохоос аргагүйд хүрч, иргэдээ өлсгөлөнд хүргэхгүйн тулд өндөр зардалтай хүнсний хөтөлбөр хэрэгжүүлсэн байна.

© Bloomberg

Одоо жагсагчид нийслэл Коломбо хотноо Ерөнхийлөгчийн өргөөний гадна цуглаж, түүнийг огцрохыг шаардаж байна. Ийнхүү 1948 онд Их Британийн колониос салж, тусгаар тогтнолоо олсон тус улс түүхэндээ анх удаа төлбөрийн чадваргүй болж, ОУВС, Дэлхийн банк, Хятад, болон бусад зээлдүүлэгчдээс яаралтай “амь тариа” авахаар хэлэлцээ хийхдээ тулжээ.

Сөрөг хүчний зүгээс Ерөнхийлөгч Г.Ражапакса болон түүний ах, Ерөнхий сайд Махинда Ражапакса нарыг нэн даруй огцрох, НӨАТ-ыг буцаан нэмэгдүүлэх шаардлага тавьж байна. М.Ражапаксагийн хувьд 2005-2015 оны хооронд Ерөнхийлөгч, Сангийн сайдын албыг хавсарч, 2019-2021 оны хооронд Сангийн сайд, 2021 оноос Ерөнхий сайдаар ажиллаж байгаа юм. Харин Г.Ражапакса 2005-2015 оны хооронд Батлан хамгаалахын сайдын алба хашжээ.

© Bloomberg

Мөн хамгийн том ах Чамал Ражапакса нь Дэд бүтцийн сайд, парламентын спикер, Усан хангамжийн сайдаар ажиллаж байгаад саяхан огцорчээ. Бага дүү Базил Ражапакса нь парламентын гишүүнээр хэд хэдэн удаа сонгогдож, 2021 онд ахаасаа Сангийн сайдын халааг нь авсан байдаг.

Ийнхүү популизм, непотизм (гэр бүл, ах дүү, хамаатан садан, танилуудаа тал тохой татаж, давуу байдал олгох үйл ажиллагаа) хоёр Шри Ланкыг сүйрүүлж орхижээ. Ингэж сүйрүүлэх замыг нь иргэд, сонгогчид өөрсдөө зассан байна.

Эх сурвалж: Bloomberg

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn