Украиныг сэргээн босгох төлөвлөгөөг хэлэлцэнэ

Германы Бонн хотноо “Долоогийн бүлэг”-ийн орнуудын Сангийн сайд нар дайны дараах Украиныг сэргээн босгох талаар хэлэлцэх бөгөөд Европын Холбоо үүнд санхүүгийн баталгаа гаргах асуудлыг авч үзэхэд бэлэн хэмээн Германы засгийн газар мэдэгдэв.
Украиныг сэргээн босгох төлөвлөгөөг хэлэлцэнэ
© AFP

5 дугаар сарын 18-20-ны хооронд хуралдах тус уулзалтын гол сэдэв нь Украинд шаардлагатай байгаа тусламжийг бүрдүүлэх арга зам, санхүүгийн ямар хөшүүрэг ашиглах асуудал байх юм. Берлиний хувьд Европын тогтвортой байдлын механизм, Европын хөрөнгө оруулалтын банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг институт голлох үүрэгтэй оролцож, богино хугацааны санхүүгийн хэрэгцээг буцалтгүй тусламжаар, урт хугацааны санхүүжилтийг хөнгөлөлттэй зээлээр шийдэх нь зүйтэй гэж үзэж байна.

Мөн Өрнөдийн орнуудын царцаасан Оросын төв банкны алт, валютын нөөцийг сэргээн босгох ажилд зарцуулах эсэх талаар уулзалтын үеэр авч хэлэлцэнэ гэжээ. Киевийн зүгээс дайны шууд болон шууд бус хохирлын нийт хэмжээ 560 тэрбум ам.долларт хүрсэн гэж зарласан юм.

Берлин АНУ, Канад, Япон гэсэн Европын бус “Долоогийн бүлэг”-ийн гишүүд сэргээн босголтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийн чухлыг давхар онцолсон бөгөөд ирэх 6 дугаар сарын 26-28-нд тус бүлгийн төр засгийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтын үеэр Украинд үзүүлэх тусламжийн цогц төлөвлөгөөг эцэслэн тохирно гэх хүлээлттэй байгаа аж.

АНУ-ын Сангийн сайд Ж.Йеллен одоогоор амлаад буй тусламжийн дүн Украины богино хугацааны санхүүгийн хэрэгцээг ч хангаж чадахааргүй байна хэмээн шүүмжилсэн бөгөөд “Ойрын хугацаанд дорвитой алхам хийх ёстой. Украины ардчилал оросын түрэмгийллийг тэсэж гарахад бидний хамтын хүчин чармайлт юу юунаас илүү шаардлагатай байна” гэжээ. Киевт сар тутам 5.2 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай байгаа юм.

Эх сурвалж: Bloomberg, Boloomberg

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn