Украины хямрал дэлхийн эдийн засагт нөлөөлөх нь

Энэхүү нийтлэлийг Олон улсын валютын сангийн блогоос авав.
Үнийн өсөлт дэлхийн бүс нутаг бүрд ажиглагдлаа
Үнийн өсөлт дэлхийн бүс нутаг бүрд ажиглагдлаа UNSPLASH/Rock Staar

· ОХУ, Украин нь газрын тос, хий, буудайн гол үйлдвэрлэгчид.

· Эдгээр таваарын үнэ аль хэдийн өссөн. Үнэ дахин өсвөл Сахарын цаадах Африк, Латин Америкаас эхлээд Кавказ, Төв Азийн зарим бүс нутагт хямрал нүүрлэх эрсдэлтэй.

· Улмаар нийлүүлэлтийн хэлхээ тасалдах, дүрвэгчдийн урсгал нэмэгдэх зэрэг олон асуудал үүсэж байна.

· Дайны улмаас бизнест үзүүлэх итгэл буурч, хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрснөөр хөрөнгийн үнэ, үнэлгээнд нөлөөлж, шинэ зах зээлүүдээс капиталаа татаж авах эрсдэлийг үүсгэж байна.

Украинд ОХУ довтолсноос үүдэн олон хүн зовж шаналан, хүмүүнлэгийн хямрал үүссэн. Эдийн засгийн өсөлт удааширч, инфляц нэмэгдсэний хохирлыг дэлхийн эдийн засаг амсаж байна. Энэ үйл явдал гурван замаар нөлөөлж байна.

Нэгдүгээрт, хүнс, эрчим хүч зэрэг таваарын үнэ өсөж инфляцыг хөөрөгдөж, улмаар иргэдийн орлогын үнэ цэн буурч, эрэлт өснө.

Хоёрдугаарт, хөрш орнуудын эдийн засагт шууд нөлөөлнө. Худалдаа наймаа, нийлүүлэлтийн гинжин хэлхээ тасалдах, мөнгөн гуйвуулга нэмэгдэх, түүхэнд байгаагүй их тоогоор дүрвэгчид хүлээн авах зэрэг нь эхний жишээ.

Гуравдугаарт, бизнесийн итгэл, хөрөнгө оруулагчдын эргэлзээ нэмэгдэх нь хөрөнгийн үнэд нөлөөлж, санхүүгийн өсөлтийг хязгаарлах, шинэ тутамд хөгжиж байгаа зах зээл буюу дөнгөж хөгжиж байгаа эдийн засагтай улс орнуудаас капиталаа эргүүлэн татахад нөлөөлж болно.

Орос, Украин нь таваар үйлдвэрлэгч гол тоглогчид тул үйлдвэрлэлд үүссэн саад дэлхий дахинд үнийн өсөлт бий болголоо. Газрын тос, байгалийн хийн үнэ нэмэгдээд байна. Хүнсний үнэ ялангуяа буудайн үнийн өсөлт рекорд тогтоосон нь Орос, Украины талууд дэлхийн буудайн экспортын 30%-ийг хангадагтай холбоотой.

Зураг: Эрчим хүч, буудай, металлын үнэ Украин дахь хямралын улмаас өссөөр байна.
Зураг: Эрчим хүч, буудай, металлын үнэ Украин дахь хямралын улмаас өссөөр байна.Зургийг: Олон улсын валютын сангаас авав.

Хоёр улсын зөрчилдөөн дэлхий дахинд нөлөөлөхөөс гадна, тэдэнтэй шууд худалдаа хийдэг, аялал жуулчлалаар холбогддог, санхүүгийн хувьд холбоотой улс орнууд илүү их дарамт мэдэрнэ. Газрын тосны импорт нь бүрэн хамаардаг улс орнууд төсвийн болон худалдааны алдагдал, инфляцын дарамтыг илүү хүлээнэ. Гэтэл үүний эсрэгээр Ойрх Дорнод, Африкийн бүтээгдэхүүн экспортлогчдын хувьд тэд үнийн өндөр өсөлтөөс үр шим хүртэж байна.

Хоол хүнс, шатахууны үнэ ийнхүү огцом нэмэгдэж байгаа нь зарим улс орнуудад нийгмийн эмх замбараагүй байдал үүсгэх боломжтой. Эдгээрийн тоонд Сахарын цаадах Африк, Латин Америк, Кавказ, Төв Азийн улс орнууд хамаарна. Үүний зэрэгцээгээр Африкийн зарим хэсэг, Ойрх Дорнодод хүнсний дутагдал үүсэж болзошгүй.

Нөгөөтээгүүр дэлхийн эдийн засгийн форумын шинжээчид “Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөв тайлан” болон бүс нутгуудын үнэлгээний тайлан мэдээллүүд ирэх 4 дүгээр сард хэвлэгдэхэд эдийн засаг өснө гэсэн хүлээлттэй байна.

Урт хугацаандаа энэхүү дайн нь дэлхийн эдийн засаг, геополитикийн зүй тогтлыг бусниулна. Эрчим хүчний худалдааг өөрчлөх, нийлүүлэлтийн гинжин хэлхээг шинээр тогтоох, төлбөр төлөх сүлжээг өөрчлөх, бүр цаашлаад улс орнууд бэлэн мөнгөө нөөцөлж хадгалах талаар дахин авч үзэх хэрэгтэй боллоо. Геополитикийн тэмцэл ийнхүү хурцадсаар байвал ялангуяа худалдаа, технологийн салбарт эдийн засгийн хуваагдал үүсэх нь эрсдэлийг улам өсгөж байна.

Европ тив хэрхэн нөлөөлөх вэ?

Украинд нөхцөл байдал нэгэнт хурцадсан. ОХУ-д тавьсан хориг арга хэмжээ санхүү болон худалдааны салбарыг доголдуулж, ОХУ-д маш гүн хямрал авчрах нь зайлшгүй. Үндэсний мөнгөн тэмдэгт рублийн ханшийн уналт инфляцаа өрдөнө. Цаашлаад тус улсын хүн амын амьдралын стандарт хөндөгдөж эхлэх юм.

ОХУ байгалийн хийн гол импортлогчдын нэг. Иймд ОХУ-аас европт үзүүлэх нэг том нөлөөллийн суваг нь эрчим хүч. Байгалийн хийн нийлүүлэлтийн сүлжээнд гэмтэл саатал өргөн хэмжээгээр учрах тусам л Европт учрах нөлөө нь хүчтэй байна. Үүний дүнд инфляц өсөж, Ковид-19 цаг тахлын үзүүлсэн эдийн засгийн уналтаас сэргэх явц улам удааширна. Зүүн Европт санхүүгийн зардал болон дүрвэгчдийн урсгал нэмэгдэнэ. НҮБ-ын мэдээллээр Украинаас дүрвэсэн 3 сая хүнийг Зүүн Европын орнууд хүлээн авчээ. Европын засгийн газрууд мөн эрчим хүчний аюулгүй байдал, батлан хамгаалахын төсөвтөө нэмэлт зардал гаргаснаас үүдэн төсвийн дарамттай зайлшгүй тулгарна. Оросын гадаад өмч хөрөнгийн асуудал яригдаж байгаа энэ үед хөрөнгө оруулагчид илүү найдвартай газарт хөрөнгөө хадгалах шийдвэр гаргавал шинээр хөгжиж буй эдийн засагтай улс орнуудад дарамт болно. Үүнтэй адилаар европын ихэнх банк Оростой дундыг барьсан, зохицуулж болохуйц шууд холбоотой байна.

Кавказ болон Төв Азид ямар нөлөөтэй вэ?

Европоос гадна шууд хиллэдэг улс орнууд ОХУ-ын эдийн засаг, нийгмийн хямрал, тус улсын эсрэг тавьсан хориг арга хэмжээнүүдийн үр нөлөөг ихээр амсана. Худалдаа, төлбөр тооцооны систем нь холбоо хамааралтай байх тусмаа худалдаа, мөнгөн гуйвуулга, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал буурснаар эдийн засгийн өсөлт, инфляц, гадаад данснууд болон төсөвт нөлөөлөх юм. Бараа таваар нийлүүлэгч буюу экспортлогчид олон улсын тавцанд үнэ өссөнтэй холбоотойгоор ашиг хүртэх хэдий ч ОХУ-ын газар нутгаар өнгөрч байгаа хийн хоолойнуудыг хоригт хамааруулбал энергийн экспорт буурах эрсдэл хүлээж байна.

Ойрх Дорнод болон Умард Африкт хэрхэн нөлөөлөх вэ?

Юун түрүүнд хүнс, эрчим хүчний үнийн өсөлт дэлхий даяар санхүүгийн байдал хүндэрсэнтэй холбоотой олон үр дагавар гарна. Жишээ нь, Египет улс нь буудайн хэрэглээнийхээ 80%-ийг ОХУ болон Украинаас хангадаг. Үүнээс гадна орос, украинчууд Египетэд аялах дуртай бөгөөд аялал жуулчлалын хэмжээ нь хумигдаж эхэлсэн.

Инфляцыг өсгөхгүйн тулд засгийн газраас татаас олгох зэрэг бодлого хэрэгжүүлэх нь угаас сул байгаа төсөвт дарамт болно. Үүний дээр, гадаад санхүүжилт муудаж байгаа нь капиталын гадагш урсгалыг хурдасгаж, санхүүжилт нэн шаардлагатай, өрийн хэмжээ нь нэмэгдсэн улс орнуудад эдийн засгийн өсөлтийг сулруулах талтай.

Нийгмийн халамж муу, ажилгүйдэл их, санхүүгийн орон зай хязгаарлагдмал, засгийн газартаа иргэд нь итгэл алдсан улс орнуудад үнийн өсөлт нь нийгмийн хямрал, зөрчлийг улам дэвэргэх талтай.

Сахарын цаадах Африкт хэрхэн нөлөөлөх вэ?

Дэлхий дахины адилаар Африк тив ч цар тахлын дараа аажмаар өндийж байтал, Орос-Украины нөхцөл байдал эдийн засгийн өсөлтөд заналхийлж эхэллээ. Энэ бүс нутгийн олон орон энэхүү дайны үзүүлэх нөлөөнд өртөхүйц эмзэг байна. Дайны нөлөөгөөр Сахарын цаадах Африкийн улс орнуудад эрчим хүч болон хоол хүнсний үнэ нэмэгдэж, жуулчдын тоо буурч, олон улсын хөрөнгийн зах зээлд нэвтрэхэд улам хүндрэлтэй болж байна. Дийлэнх улс орнууд ийм гэнэтийн сөргөлдөөний үр нөлөөг хамтдаа хэрхэн даван туулах талаар нэгдсэн бодлогогүй байх үед энэхүү хямрал нүүрлэлээ. Эцэст нь нийгэм-эдийн засгийн дарамт, улсын өрийн хэмжээ, олон сая гэр бүл, бизнест нүүрлэсэн цар тахлын шархыг дахин дахин хөндөхөөр нөлөөтэй байна.

Буудайн үнэ рекорд тогтоохуйц түвшинд хүрч нэмэгдсэн нь хэрэглээнийхээ 85 болон түүнээс дээш хувийг импортоор авдаг, үүнийхээ гуравны нэгийг дангаар нь Орос, Украинаас авдаг улс орнуудад ихээхэн хүнд байна.

Дэлхийн баруун талд орших орнуудад ямар нөлөөтэй вэ?

Орос, Украины хямрал дэлхийн бусад улс орнуудад үзүүлж байгаа гол нөлөө нь хүнс болон эрчим хүчний үнэ өсөх явдал болохыг өмнө нь дурдсан. Тэгвэл Латин Америк, Карибын тэнгисийн улс орнуудад таваарын үнийн өсөлтийн нөлөө маш хурдацтай хүрч, инфляцад нөлөөлжээ. Одоогоор Бразил, Чили, Колумб, Перу, Мексик гэсэн таван том эдийн засагтай улс орнуудын инфляцын нэг жилийн өсөлт 8%-тай байна. Иймд эдгээр орнуудын төв банкнууд цаашид инфляцтай тэмцэх бодлогоо улам чангатгах төлөвтэй байна.

Өндөр зардалтай бараа таваарын үнэ өссөнөөр ямар нөлөө үзүүлэх нь харилцан адилгүй байна. Газрын тосны үнэ нэмэгдэхэд Төв Америк, Карибын тэнгисийн орнуудын импортлогчдод хүнд цохилт болно. Харин газрын тос, зэс, төмрийн хүдэр, эрдэнэ шиш, буудай, металл экспортлогчид өөрийнхөө таваарыг илүү үнэлэх, цаашлаад өсөлтөд үзүүлэх нөлөөг нь бууруулах боломжтой.

Санхүүгийн салбарт ч нөхцөл байдал харьцангуй таатай хэвээр үлдэнэ. Гэхдээ хямрал улам гүнзгийрвэл дэлхий нийтээрээ хямралд өртөх боломжтой бөгөөд дотоодын мөнгөний бодлогоо чанга атгадаг улс орнуудын хувьд эдийн засгийн өсөлтөд нь нэрмээс болох талтай.

АНУ-ын хувьд Украин, ОХУ-тай харьцангуй цөөн талаар холбогддог тул шууд нөлөө харьцангуй бага. Энэ сөргөлдөөн бараа таваарын үнийг огцом өсгөхөөс ч өмнө АНУ-ын инфляц сүүлийн 40 жилийн хамгийн өндөр түвшинд хүрсэн байжээ. Хэрвээ АНУ-ын Холбооны нөөцийн сан сонирхлын хүүгээ цаашид нэмбэл үнэ ч даган өссөөр байх юм.

Ази, Газар дундын тэнгисийн бүс нутагт хэрхэн нөлөөлөх вэ?

Ази, Газар дундын тэнгисийн улс орнууд ОХУ-тай эдийн засгийн ойр харилцаагүй тул сөргөлдөөний үзүүлэх нөлөө хязгаарлагдмал байна. Гэсэн хэдий ч Европ тивийн болон дэлхий дахины эдийн засгийн өсөлт удаашрах нь томоохон экспортлогч орнуудад хүнд тусна.

Одоогийн байдлаар хамгийн хүнд тусч буй орнууд нь шатахуун импортлогч ASEAN-ийн улс орнууд юм. Үүнд Энэтхэг болон газар дундын тэнгисийн зарим улс орон багтана. Үүний дээр ОХУ-аас ирэх жуулчдын тоо буурах нь эдгээр орны эдийн засагт шууд нөлөөлнө.

БНХАУ-ын хувьд шууд үзүүлэх үр нөлөө харьцангуй бага байна. Учир нь тус улсын эдийн засаг энэ онд 5.5%-иар өсөх төлөвлөгөө хэрэгжих өндөр магадлалтай байгаа бөгөөд ОХУ-руу гаргадаг экспорт нь тус улсын экспортод өчүүхэн хувийг эзэлдэг байна. Гэхдээ экспортлогч том улс орны хувьд таваарын үнийн өөрчлөлт болон эрэлт буурч байгаа зэрэг нь нийлж, нэмэгдсээр тодорхой хэмжээний сорилт бий болгох нь зайлшгүй.

Япон болон Өмнөд Солонгост ижил төстэй нөлөө үзүүлэх бөгөөд газрын тосны салбартаа засгийн газраас татаас олговол энэ сөрөг нөлөө хурдан арилах боломжтой. Энэтхэг улсын хувьд инфляц нь Төв банкнаас нь тогтоосон хязгаарын дээд хэмжээнд аль хэдийн хүрсэн. Орос Украины сөргөлдөөний нөлөөгөөр эрчим хүчний төлбөр нэмэгдсэн тул инфляц цаашид ч өсөх төлөвтэй байна.

Ази тив буудайнаас илүү цагаан будаанаас хамааралтай тул хүнсний үнийн өсөлтийг дотоодын үйлдвэрлэгчид бууруулж, хяналтдаа авах боломжтой. Үнэтэй хоол, эрчим хүчний импорт зэрэг нь хэрэглэгчийн төлөх үнийг өсгөх боловч төрөөс шатахуун, хоол хүнс, бордоо зэрэгт татаас, үнийн бодлого хэрэгжүүлснээр гэнэт үүссэн нөлөөг бууруулж чадна. Гэхдээ энэ бүхэнд төсвийн зардал шаардлагатай нь мэдээж.

Дэлхий дахинд ирсэн донсолгоо

Украинд хийж буй Оросын дайн зөвхөн энэ хоёр улсад бус тухайн бүс нутаг, дэлхий дахиныг донсолгож байна. Энэ бүхэн дэлхий дахинд аюулгүйн тор, эдийн засгуудыг цохилтоос хамгаалах зөөлөвч буюу бүс нутгийн хүрээний зохицуулалтууд нэн чухлыг харууллаа.

Олон улсын Валютын сангийн үйл ажиллагаа хариуцсан захирал Кристалина Жеорживиа “Бид гэнэтийн цохилт байнга ирэх цаг үед амьдарч байна. Иймд бид ирээдүйд ирэх цохилтод хамтын хүчээр бэлтгэх хэрэгтэй” хэмээн Вашингтонд болсон хэвлэлийн хурлын үеэр хэлжээ.

Энэ үйл явдлын үзүүлж байгаа бусад нөлөөг бид хэдэн жилийн дараа ч ойлгож, харж болох юм. Гэвч одоогоор дайн, дайнаас үүдэлтэй өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнийн өсөлт нь бодлого боловсруулагчдын ажлыг хүндрүүлэх нь тодорхой байна. Улс орон бүрийн хууль тогтоогчдын өмнө инфляцаа хазаарлаж барихын зэрэгцээ цар тахлын дараах эдийн засгийн өсөлтийг дэмжих гэсэн хоёр хүчин зүйлийн нарийн тэнцвэрийг хангах даалгавар ирээд байна.

Эх сурвалж: Олон улсын Валютын сан

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn