Оросын армийн бэлгэдэл болсон "Москва" байлдааны хөлөг онгоц живжээ

Хэрвээ Украины дайралтад өртсөний улмаас живсэн нь нотлогдвол 12,490 тонн жинтэй “Москва” хөлөг онгоц нь Дэлхийн II дайнаас хойш дайсны довтолгоонд өртөн живсэн хамгийн том байлдааны хөлөг онгоц болох юм.
Оросын армийн бэлгэдэл болсон "Москва" байлдааны хөлөг онгоц живжээ

Украины пуужингийн цохилтод өртөөд байсан Оросын байлдааны хөлөг онгоц пүрэв гарагт буюу өчигдөр Хар тэнгист живжээ.

“Москва” хэмээх нэртэй уг хөлөг онгоцыг боомт руу чирэх үед “шуурганд” өртөн живсэн гэж Оросын Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна.

510 хүний бүрэлдэхүүнтэй, пуужингаар цохилт өгдөг тус хөлөг онгоц нь Украины эсрэг тэнгисийн цэргийн довтолгоонд тэргүүлэх үүрэгтэй оролцож байсан бөгөөд Оросын армийн сүр хүчний бэлгэ тэмдэг байсан юм.

Киевийн талын мэдэгдсэнээр, тус хөлөг онгоц нь Украины пуужингийн цохилтод өртөж, гал гарсны дараа живжээ.

Оросын талын мэдэгдэлд “Галын улмаас байлдааны хөлөг онгоцны сум дэлбэрсэн бөгөөд хөлгийн бүх гишүүнийг Хар тэнгист байсан Оросын хөлөг онгоцнууд руу шилжүүлсэн” хэмээн дурджээ.

Украины армийнхны мэдэгдсэнээр, Украинд үйлдвэрлэсэн “Далай ван” хэмээх пуужингуудаар “Москва” байлдааны хөлөг онгоцонд цохилт өгсөн байна. ОХУ Украинаас Крымыг 2014 онд өөртөө нэгтгэж, Хар тэнгист Украин руу чиглэсэн Оросын тэнгисийн цэргийн хүчний аюул нэмэгдсэний дараа “Далай ван” пуужинг үйлдвэрлэж байсан гэнэ.

Тэгвэл хамгийн анх ЗХУ-ын үед үйлдвэрлэгдэж байсан “Москва” байлдааны хөлөг онгоцыг 1980-аад оны сүүлчээр ашиглаж эхэлсэн байна.

Украины өмнөд нутгийн Николаев хот орчимд байрлуулаад байсан уг хөлөг онгоцоо ОХУ сүүлийн өдрүүдэд Украины эсрэг цохилт өгөхдөө идэвхтэй ашиглаж байсан юм.

Энэ пуужинт хөлөг онгоцыг ОХУ өмнө нь Сирийн мөргөлдөөний үеэр байрлуулж, Оросын хүчнийг тэнгисийн цэргийн хамгаалалтаар хангаж байжээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, байлдааны хөлөг онгоц дээр “Вулкан” хэмээх пуужин эсэргүүцэгч 16 пуужин, шумбагч онгоц, мина тээгч зэвсгүүд байсан гэнэ.

Хэрвээ Украины дайралтад өртсөний улмаас живсэн нь нотлогдвол 12,490 тонн жинтэй “Москва” хөлөг онгоц Дэлхийн II дайнаас хойш дайсны довтолгоонд өртөн живсэн хамгийн том байлдааны хөлөг онгоц болох юм.

2 дугаар сарын 24-нд Украины эсрэг довтолж эхэлснээс хойш ОХУ томоохон хөлөг онгоцоо алдсан хоёр дахь тохиолдол нь энэ болж байна.

Өнгөрсөн сард Оросын булаан эзлээд байсан Украины Азовын тэнгисийн Бердянск боомтод Саратовын десантын хөлөг онгоц Украины довтолгоонд өртөн сүйрсэн юм.

Эх сурвалж: BBC, Reuters, Ukrinform

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn