НҮБ: Дэлхийн дүрвэгсдийн тоо анх удаа 100 сая давлаа

Гэм зэмгүй хүмүүс орон гэрээ орхин явахаас урьдчилан сэргийлэх цорын ганц зөв арга зам бол энх тайван, тогтвортой байдал юм гэж НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын тэргүүн Филиппо Гранди хэлэв.
НҮБ: Дэлхийн дүрвэгсдийн тоо анх удаа 100 сая давлаа

Украины дайн болон бусад зөрчил мөргөлдөөний улмаас хүний эрхийн зөрчил, хавчлага ихээр гарч, дүрвэхээс өөр аргагүйд хүрсэн хүмүүсийн тоо анх удаагаа 100 саяас давлаа гэж НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар өнөөдөр мэдэгдлээ.

“100 сая гэдэг бол маш том тоо. Дүрвэгсдийн тоо урьд өмнө нь 100 саяас давж байсан түүх байхгүй” гэж НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын тэргүүн Филиппо Гранди мэдэгдсэн байна.

Тэрээр цааш нь ярихдаа “Гэм зэмгүй хүмүүсийг орон гэрээ орхин явахаас өөр аргагүйд хүргэж буй үндсэн шалтгаан болох хөнөөлт мөргөлдөөн, хавчин гадуурхалтыг таслан зогсоох, ийм нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг болох учиртай” гэжээ.

Тус газрын мэдэгдсэнээр, Этиоп, Буркина Фасо, Мьянмар, Нигери, Афганистан болон Бүгд Найрамдах Ардчилсан Конго зэрэг улсууд дахь сунжирсан мөргөлдөөн болон хүчирхийллийн шинэ давлагааны улмаас дэлхийн дүрвэгсдийн тоо 2021 оны эцэст 90 саяд хүрээд байсан аж.

Тэгвэл энэ он гарснаас хойш Украинд дайн дэгдсэнээр тус улсын 8 сая иргэн дотооддоо дүрвэж, 6 сая гаруй иргэн гадаад улс орнууд руу дүрвээд байна.

Ф.Гранди хэлэхдээ “Украин дахь дайны улмаас дүрвэж буй хүмүүст олон улс орон тусалж, нааштай хандаж байна. Дэлхий дахины энэрэн нигүүлсэх сэтгэл ‘амьд’ байна. Энэ сэтгэлээ дэлхий дахинд болж буй бүх хямралыг шийдвэрлэхэд бид бүхэн ижил гаргах хэрэгтэй байна. Гэхдээ эцсийн дүндээ хүмүүнлэгийн тусламж бол эдгээх бус, хөнгөвчлөх үйлчилгээ юм. Гэм зэмгүй хүмүүс орон гэрээ орхин явахаас урьдчилан сэргийлэх цорын ганц зөв арга зам бол энх тайван, тогтвортой байдал юм” гэжээ.

Эх сурвалж: UNHCR

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn