Донецкийн “бүгд найрамдах улс”-д зорчсон тэмдэглэл

Эдүгээ эдгээр нутаг Украины төвийн Засгийн газарт захирагдахаа больсон.
Донецкийн “бүгд найрамдах улс”-д зорчсон тэмдэглэл

Босогчдын мэдэлд байдаг Украины зүүн хэсгийн хоёр бүс нутгийн талаар мэдээлэл тун бага. Орос болон барууны орнууд Украины асуудлаар ихээхэн маргалдаж, санаа бодлоо нэгтгэж чадахгүй л байна. ОХУ 2014 онд Крымийг нэгтгэсний дараа Украины зүүн хэсгийн Донбасс, Донецк, Луганск зэрэг мужууд Киевт захирагдахгүй хэмээн салан тусгаарлахыг оролдсоор. Эдүгээ эдгээр нутаг Украины төвийн Засгийн газарт захирагдахаа больсон. Тусгаар тогтносон, бусад улс орноор хүлээн зөвшөөрүүлсэн юм байхгүй ч тэдгээрт ОХУ-ын эрх баригчид сэмхэн тусалдаг гэсэн яриа бий. 2014 онд босогчдод эзлэгдсэний дараа төрөлх Донецк нутгаа орхин гарсан нэгэн эр саяхан нутагтаа буцаж очжээ. Түүний тэмдэглэлийг сонирхуулъя. ВВС агентлаг аюулгүй байдлын үүднээс мань эрийн нэрийг нууцалжээ.

... Украины нийслэл Киевээс Донецк хүртэл унтаж амрах ортой тохилог галт тэрэг явдаг байлаа. Одоо ийм галт тэрэг алга, ямар ч сонголтгүй жижиг оврын автобусаар тийшээ явахаас өөр арга байсангүй. Бараг 27 цаг явна, Европоос Шинэ Зеланд руу явж байгаа юм шиг л. Гэвч ингэж явах нь тун ч тохь тухгүй.

Оросын дэмжлэгтэй босогчдын мэдлийн газар нутгаар дайран өнгөрөх зөвшөөрөл надад байхгүй тул илүү урт зам сонгохоос аргагүй боллоо. Украины газар нутгаар биш, Оросын газар нутгаар дамжиж Донецк хүрэх ёстой. Украины иргэд ийм зам сонгож явахыг ер нь зөвшөөрдөггүй. Бидний суусан мини автобус Оросын хил дээр ирэхэд жолооч бидэнд хандаж “Ойрхон нэг тосгон руу хуримд явж байна гэж хэлээрэй” гэв. Босогчдын хяналтад байдаг газар нутгаар дайрч өнгөрөхийн тулд бид унаагаа солих хэрэгтэй болов. Юүлж суусан унааны номер нь ДНР буюу Донецкийн бүгд найрамдах улс гэсэн товчлолтой байх аж. Мэдээж энэ улсыг гадаад ертөнц хүлээн зөвшөөрөөгүй. “24 цаг жолоо мушгиж явна даа” хэмээн жолооч эр өгүүлэв. Хил дээр ирээд би Украины “дотоод” паспортоор нэтрэх эрхтэй болж байна. Учир нь би одоо болтол Донецк дахь хаяг дээрээ бүртгэлтэй байгаа. Бүх зорчигчийн паспортыг хурааж аваад надаас бусдынхыг эргүүлж өглөө.

Намайг машинаас бууж хэдэн асуултад хариулахыг хүсэв. Бичгийн ширээ, компьютерын хуучин дэлгэц тавьсан нэг байшинд оруулж байна. Би уурлаж бухимдахгүй байхыг хичээлээ.

Арьсан хүрэмтэй нэгэн эр сандалд суухыг уриад намайг ойроос ихэд эрээ цээргүй ажиглав. Хэдэн настай, хаана ажилладаг, Донецкийн бүгд найрамдах улс руу байнга аялдаг уу хэмээн асууж байна. Тэгээд нэг их удалгүй намайг буцааж мини автобусны бусад зорчигчтой нийлүүллээ. Ийнхүү хил нэвтэрч орлоо. Одоо миний төрөлх хот хүртэл 120-хон км зайтай.

Би төрөлх гэртээ ирсэн ч Донецк хот танигдахаа больжээ. Дөнгөж арван жилийн өмнө л Украин, Польшид Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болж Донецк хот тоглолт хүлээн авч байсан. Европын аваргын тоглолтыг хүлээн авах гэж Донецк хотод асар том бүтээн байгуулалт өрнөж байв. Шинэ нисэх буудал барьж, зам харгуйгаа засаж, шинэ, тансаг зочид буудлууд нээгдэж байлаа. 2012 оны Европын аварга шалгаруулах тэмцээний үеэр энэ хот англи, франц, испани, португал хөгжөөн дэмжигчдээр дүүрч, Европын нэгэн хөгжин цэцэглэсэн, баяр хөөртэй хот болж байсан билээ. Гэтэл одоо, 2022 оны эхээр хот маань танихын аргагүй болтол өөрчлөгджээ.

Хотын төвийн сталинист маягийн барилгад босогчдын бүгд найрамдах улсын Татварын яам байрлах аж. Барилгын чанар гайгүй сайн, эргэн тойрон цэцгийн мандлаар хүрээлэгдэнэ. Гэвч ойр тойрны олон дэлгүүр, кафе хаалттай, цонх нь хөшгөөр халхлагдсан байх юм. Нэг газрын үүдний асар нь зэрлэг ургамалд идэгджээ. Ойрхон байх теннисийн задгай талбай халзарч мууджээ. Хогийн ургамал ч их ургажээ. Арчилж торддог хүн байхгүй бололтой. Цагаан хун хэмээх худалдааны төв хүн амьтан холхиж байдагсан. Гэвч хоосон хөндий. Олон дэлгүүр, гутал засвар, цаг засвар байсан тэр газар одоо эл хуль болж, байшин барилга нь балгас болчихож.

Гэхдээ Донецк даяар ийм байдалтай гэвэл худлаа болно. Хотын төвөөс дайжиж өөр нэг дүүрэгт очиход зоогийн газар, кафе олонтой, хүн ч ихтэй байх аж. Театр гэхэд л Оросын аялан тоглолтоор тасардаггүй, үргэлж дүүрэн үзэгчтэй байдаг хэмээн иргэд өгүүлж байна. Харин хотын зүүн хойд хэсэгт очиход балгас болсон байшингуудтай гудамж, зарим газар их буу, суманд өртөж сүйрсэн байшин барилга таарах аж. 2014 оны есдүгээр сард Донецкийн нисэх буудлын төлөө ширүүн тулаан болж энэ дүүрэг хоморгод нь өртөн хэлмэгдсэн аж.

Донецк хотын ихэнх гудамж өдрийн цагаар хүн ихтэй, үймж бужигнаж байдаг ч харанхуй болонгуут гэнэт хоосорч эзгүйрдэг. Шөнийн 23:00-05:00 хүртэл хөл хориотой байдаг тул бүгд орой гэр рүүгээ яарахаас өөр аргагүй. 23:00 цагаас хойш хог асгах гэж гараад л баривчлагдсан тохиолдол их. Хотын төвөөс хоёр гуравхан км-ийн зайд Донецкийн орчин үеийн урлагийн хуучин төв бий. Одоо тус төв шорон болон хувирчээ. Дайнаас өмнө гол гудамжинд байсан Benetton, Nike, Zara, Adidas зэрэг олон улсын нэртэй брэндийн дэлгүүрүүд одоо бүгд гараад алга болсон аж.

Хувцас, гутал, гэр ахуйн цахилгаан бараа худалдаж авахын тулд нутгийн иргэдийн ихэнх нь Оросын хил давах хэрэгтэй болно. Тэрэнд бас зөвшөөрөл хэрэгтэй. Зөвшөөрөл олж авч чадахгүй нь зах, эсвэл жижиг дэлгүүрт очихоос өөр аргагүй. Мэдээж тэнд, сонголт маш бага, бараа нь илүү үнэтэй. Супермаркетуудын лангуун дээр архины төрлийн ундаа, түргэн хоол элбэг. Харин сайн чанарын хүнс ховордуу, үнэтэй.

Донецкийг орхин явахаасаа өмнө сургуулийнхаа нэг андтай уулзаж Лениний талбай дээрх кафед орлоо. Гамбургер, шарсан төмс, кофе авлаа. Түргэн хоол нь ердийн газрынхаас өөр амттай, өөрөөр хэлбэл амт муутай байна. “Энд бүгд ийм. Өмнө нь байсан зүйлийг бид дуурайж байна гээд чанарыг нь муутгаад хаячихсан” хэмээн найз минь урамгүй мушилзан өгүүлэв.

“Хүмүүс, иргэд нь арай ядан амь зуудаг утгагүй нийгэмд бид амьдарч байна. Гэтэл гудамжаар өлгөсөн самбар дээр “Ирээдүй гэрэлтэй байна” гэх мэтээр тохуурхах юм” хэмээн сургуулийн анд минь ярилаа.

Донецк, Донбасс нутаг хэзээ нэгэн цагт эргэн Украины мэдэлд очих болов уу хэмээн намайг асуухад найз минь мөрөө хавчив. Түүний хэлснээр, энэ нутгийн иргэд бараг бүгдээрээ Оросын паспорттой болсон, 2014 оноос хойш төрсөн хүүхдүүдийн шинэ үе гарч ирсэн аж. “Донецкийн бүгд найрамдах улсын засгийн газар болон иргэний нийгмийн байгууллагад ажиллаж буй хүмүүс Украинтай буцаж нэгдэхийг хүсдэггүй. Он жил өнгөрөх тусам Украинтай буцаж нийлэх боломж багассаар байна” хэмээн Донецкийн иргэн өгүүлэв.

Эх сурвалж: www.bbc.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn