ОХУ: Бид цустай нь хутгаад хаячихъя гэж огтхон ч дайраагүй, хүсэхгүй байна

ОХУ: Дахин бодоод үз! Cэтгэл хөдлөлөө хойш тавиад нөхцөл байдлыг хурцдуулахгүй талаас дахин бодоод үз. Та бүхнээс өөр хэн ч Киевийн цэргийн төлөвлөгөөг тогтоон барьж, Донецк, Луганскийн нутаг дэвсгэрт аюулд учраад байгаа ард иргэдийн эсрэг өдөөн хатгалт, буудалцааныг зогсоож чадахгүй!
ОХУ: Бид цустай нь хутгаад хаячихъя гэж огтхон ч дайраагүй, хүсэхгүй байна

2022.2.21-ний даваа гарагт Украинд үүсээд буй нөхцөл байдлын тухай НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл шуурхай хуралдаан зарлаж хуралдсан тухай бид мэдээлсэн. Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн ОХУ, АНУ, Их Британи, БНХАУ, Франц байнгын бус гишүүнээр Албани, Энэтхэг, Бразил, Мексик, Ирланд, Арабын нэгдсэн улс, Кени, Ганн, Габон, Герман, Норвег, Украин оролцлоо. Хуралдааныг ОХУ-ын төлөөлөгч удирдсан нь энэ хурцадмал нөхцөл байдалд сонирхолтой байв.

Энэ удаад хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн байр суурийг хөрвүүлэн хүргэхээс гадна "гол дүр" болох ОХУ, Украин улсын төлөөлөгчдийн байр суурийг тодотгон хүргэж байна.

Энэхүү хуралдаанд улс орнууд өөр өөрийн байр сууриа илэрхийлснээс Кени улсын илтгэл сонирхол татав. Илтгэлдээ өөрийн улс болоод Африкийн ихэнх улс орон түүхэндээ хэрхэн Украин шиг нөхцөл байдалд орж, хэрхэн том гүрнүүдийн ашиг сонирхлоос болж тоглоомын талбай болж, хохирч ирсэн түүхийг нэхэн сануулаад Украин улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улс төрийн шийдвэрт халдаж болохгүй гэсэн байр суурь илэрхийлэв.

БНХАУ өөрсдийн төвийг сахисан байр сууриа бат хадгалж "Тэгш байдал болон харилцан хүндлэлд" тулгуурлан ажиллах хэрэгтэй гэв.

Хуралдааныг даргалагч ОХУ-ын төлөөлөгчийн хэлсэн үг:

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүд сэтгэл хөдлөлд автсан, нэг талыг барьсан байр суурьтай байна. Украинд дайн гаргахгүй энх байлгах, тухайн бүс нутаг дахь буудалцаан, Донецк, Луганскийн эсрэг өдөөн хатгалтыг дуусгахад төвлөрөх хэрэгтэй. 2014 онд тусгаар тогтносон улсыг бид өнөөдөр хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд өөрсдийн тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрөхийг санал болгосон тухайн орнуудын хүсэлтэд үндэслэсэн.

Мөн Орос хэлээр ярьдаг Донбассын бүс нутгуудад боловсролыг орос хэлээр олгох, тэднийг II дайн фашизмаас аварсан улсаа дурсан санах эрхээр хангах тухай Украинд удаа дараа санал болгосон. Минскийг гэрээг хэрэгжүүлэх явцад ч эдгээр бүс нутаг дахь ард иргэдийн эсрэг арга хэмжээнүүд зогсоогүй. 2018 онд сонгогдсон Украины ерөнхийлөгчид найдвар тавьж байсан боловч Минскийг гэрээг үл харгалзан тухайн бүс нутагт буудалцаан, хорлон сүйтгэх ажиллагаа явагдсаар байна. Хэн ч Украиныг энэ гэрээг хэрэгжүүлээч ээ гэж шахсангүй ээ.

Украины удирдагчид тухайн бүс нутгийн удирдагчидтай шууд харилцах болон хэлцэлд хүрэх огтхон ч хүсэлгүй байгааг сүүлийн хэдэн өдөр хэвлэл мэдээллээр мөн 2 дугаар сарын 17-ны НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хурлаас тодорхой харагдсан. Гэтэл бүх л зөрчилдөөн, зөрчилдөгч талууд шууд хэлэлцээрт оролцож байж л шийдэх боломжтой болдог. Гэсэн ч энэ дүрэм Украинд хамаагүй болж таараад байна. Минскийн гэрээнд гарын үсэг зурсан зарим гишүүн орнууд хэдийнээ тухайн гэрээгээ "шатааж хаячихаад" ичихгүйгээр Украин руу зэвсэг нийлүүлж, цэргийн заавар зөвлөгөө өгч байгааг бид харлаа.

Дахин сануулахад, Минскийн гэрээ байгуулагдахад тухайн хоёр улс аль хэдийн тусгаар тогтнолоо зарлачихсан байсан. Тэдний тусгаар тогтнолыг өнөөдөр хүлээн зөвшөөрснөөрөө ОХУ Минскийн гэрээнээс гарсан гэсэн үг биш. 2015 оноос хойш хэрэгжүүлж буй гэрээнд тусгагдсан үүргээ биелүүлэхгүй байгаа Украины арыг барууныхан дааж Минскийн гэрээг үл ойшоож байгааг харсаар байж гэрээг хэрэгжүүлэх шахалт, шаардлага тавиагүй. Киев энэ гэрээнд хүлээсэн үүргийнхээ дагуу энх тайванг тогтоох үүрэгтэй хэвээрээ байгаа билээ.

Бид дипломат харилцаа болон дипломат шийдэлд хүрэхэд бэлэн. Бид цустай нь хутгаад хаячихъя гэж огтхон ч дайраагүй, хүсэхгүй байна. Гэсэн ч АНУ-аар удирдуулсан барууны нөхдөөс шалтгаалан бид энэхүү нөхцөлд муу дүрд тоглох болоод байна. Минскийг гэрээг хэрэгжүүлэх шаардлага, заалтууд, үүргийг Киевт шахан сануулахаас илүүтэйгээр энэ гэрээ хэрэгжихгүй байгаа шалтгаан нь Киев биш ОХУ болгож хувиргаад байна.

Гэтэл Украин улс өөрөө 125,000 цэрэгтэй бөгөөд, өнгөрсөн долоо хоногуудад Донбассын бүсэд буудалцаан нэмэгдсэн бөгөөд тухайн бүс нутагт 16,000 иргэн буудуулан амь үрэгдэж, бүс нутаг өөрийгөө хамгаалах чадваргүй болоод байна. Тэндээс нийтдээ 60,000 эмэгтэйчүүд, хүүхдүүд дүрвэн ОХУ-д ирсэн бөгөөд тэднийг хоол хүнс байраар хангаж байна. ОХУ-ын хилийн хэдхэн км-ийн цаана буудалцаан мөргөлдөөн болж байхад 2014, 2015 онд юу тохиолдсоныг мэдсээр байж энэ удаа хүлээн зөвшөөрч чадахгүй, тийм ч учраас ОХУ-ын ерөнхийлөгч тийм шийдвэрт хүрсэн.

Та бүхэнд хандаж хэлэхэд, дахин бодоод үз! Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд ээ, Барууны нөхдөө дахин бодоод үз, сэтгэл хөдлөлөө хойш тавиад нөхцөл байдлыг хурцдуулалгүй дахин бодоод үз. Та бүхнээс өөр хэн ч Киевийн цэргийн төлөвлөгөөг тогтоон барьж, Донецк, Луганскийн нутаг дэвсгэрт аюултай нөхцөл байдалд байгаа ард иргэдийн эсрэг өдөөн хатгалт, буудалцааныг зогсоож чадахгүй!

Та бүхний хэний ч байр суурь, илтгэлд тухайн бүс нутагт байгаа 4 сая иргэдийн байр суурь тусаагүй байгааг сануулмаар байна. Энэ асуудал 2014 онд тусгагдсан бөгөөд тэдний хүсэж байгаа зүйл бол шинэ засаглал, тэдний эрх, нөхцөл байдал хэрхэн зохицуулагдах тухай Украины ЗГ-тай хэлэлцэх, хэрхэхээ мэдэх л юм. Сүүлийн үед Украины талаас идэвхжээд байгаа цэргийн нөхцөл байдлаас шалтгаалан бодит аюулд ороод байгаа бүс нутгийн ард иргэдийг хамгаалах, хадгалан авч үлдэх шийдвэрт хүрлээ. Энэ бол та бүхний бидэн рүү чиглэсэн аюул занал, айлган сүрдүүлэлтээс чухал зүйл юм гэх мэдэгдлийг хийв.

Тэрээр өөрийн илтгэлийн дараагаар Украиныг байр сууриа илэрхийлэхийг хүсэв. Украины төлөөлөгч маскаа тайлаад би маскаа тайлж байна аа. Гэхдээ энэ бол Ковидоос болж байгаа хэрэг биш, бид вакцинжсан ард түмэн. Би харин НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд нүүрлээд байгаа вирусийн эсрэг маскаа тайлж байна гэв.

Украины төлөөлөгчийн хэлсэн үгийг доор товч сийрүүлбэл:

2008 оны Гүрж, 2014 оны Украиныг эргэн сануулаад наймхан жилийн дотор Донецк, Луганск "эдгэж" амжихгүй бөгөөд Путины шийдвэр бол хууль бус юм гэж зарлалаа.

Будапештын санамж бичгийн дагуу улсын хил, тусгаар байдалд халдаж байгааг сануулаад нийт нөхдөөсөө дэмжлэг хамгаалалт хүсэж байна.

Бид юунаас ч хэнээс ч айхгүй байна. Бид хэнд ч юуны ч өргүй. Тиймээс бид юугаа ч хэнд ч өгөхгүй. Юу ч болсон энэ шийдвэртээ эргэлзэхгүй. Яагаад гэвэл одоо 2014 оны 2 дугаар сар биш, одоо бол 2022 оны 2 дугаар сар шүү! Дахиад нэг улс, дахиад нэг арми, цор ганц зорилго бол энх тайван, Украин энх тайван байг, Европ энх тайван байг, Дэлхий энх тайван байг.

Украин ОХУ-ыг өөрийн байр сууриа дахин бодож үзэхийг уриалаад бүс нутгийн аюулгүй байдал тусгаар тогтнолд халдахгүй байхыг шаардав.

Энэ хурлын дараагаар улс орнууд ээлж дараалан ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээгээ зарлаж эхэллээ. Их Британи улс Оросын 5 банкыг хориглосон бол Герман улс хамгийн томоохон хориг арга хэмжээ авлаа. Хий хоолой дамжуулах North Stream 2 сувгийг "хөлдөөлөө". Түүний дараагаар АНУ эхний бүлэг хориг арга хэмжээгээ зарлахдаа энэ суваг дахин цааш үргэлжлэхгүй гэдгийг цохон тэмдэглэв. Мөн АНУ ОХУ-ын 2 банк болох VIB, Цэргийн банк (military bank)-ыг хориглосноо зарлалаа. Тухайн банкуудын гадаад гүйлгээг нь зогсоосон бөгөөд энэ нь цаашдаа дахин санхүүжихэд нь саад болно гэж төлөвлөж байна. Ийнхүү санхүүгийн хориг арга хэмжээгээр дамжуулан барууны санхүүгийн системээс хасагдаж байгааг нь хэлэв. Япон улс мөн ОХУ-ын эсрэг байр суурьтай байгаагаа зарласан юм.

Эх сурвалж: UN Security Council 8970th meeting

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn