В.Зеленский анх удаа фронтын шугамд ажиллав

В.Зеленский “Эзлэн түрэмгийлэгчид ямар нэгэн үр дүнд хүрэхийг оролдож байна. Бид эцсийн мөчөө хүртэл газар нутгаа хамгаална гэдгийг тэд аль эрт ойлгох хэрэгтэй байсан юм. Тэдэнд боломж байхгүй. Бид тэмцэх болно, бид ялах нь гарцаагүй” гэжээ.
В.Зеленский анх удаа фронтын шугамд ажиллав

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский тулалдааны фронтын шугам болоод буй улсынхаа зүүн нутгийн Харьков мужид ням гарагт ажиллаж, цэргүүдтэйгээ уулзжээ.

2 дугаар сарын 24-нд Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш В.Зеленский анх удаагаа Киев мужаас гарч ажилласан нь энэ юм.

Сум нэвтэрдэггүй хантааз өмссөн тэрээр Харьков хотын эвдэрч сүйтгэгдсэн байшин барилгуудыг үзэж харсан байна.

Тэрээр фронтын шугамд үүрэг гүйцэтгэж буй цэргүүддээ талархал илэрхийлж, Харьков хотын аюулаас хамгаалах газрын даргыг “хотоо хамгаалж чадаагүй” гэх үндэслэлээр ажлаас нь халжээ.

Хэсэг хугацаанд харьцангуй тайван байсан Украины хоёр дахь том хот Харьковыг Оросын хүчнийхэн сүүлийн өдрүүдэд бөмбөгдсөөр байна.

“Харьков хот болон мужийн хэмжээнд 2,229 барилга байгууламж сүйтгэгдээд байна. Бид энэ бүхнийг сэргээн босгож, аж амьдралыг хэвийн горимд буцаан авчрах болно” гэсэн тайлбар бүхий видеог Украины Ерөнхийлөгчийн тамгын газар Телеграм хуудастаа тавьсан байна.

Үүний дараахан В.Зеленский “Эзлэн түрэмгийлэгчид ямар нэгэн үр дүнд хүрэхийг оролдож байна. Бид эцсийн мөчөө хүртэл газар нутгаа хамгаална гэдгийг тэд аль эрт ойлгох хэрэгтэй байсан юм. Тэдэнд боломж байхгүй. Бид тэмцэх болно, бид ялах нь гарцаагүй” гэжээ.

Харьков хотын дарга болон мужийн захирагчтай В.Зеленский уулзаж, сэргээн босголтын төлөвлөгөөний талаар ярилцаж, эвдэрч сүйтгэгдсэн хотыг сэргээн засварлах "сайн төслүүд олох”-ыг тэдэнд үүрэг болгосон байна.

Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Андрей Ермакийн мэдэгдсэнээр, Харьков мужийн нутаг дэвсгэрийн 31% оросуудад эзлэгдээд байсны 5%-ийг нь Украины хүчнийхэн хяналтдаа буцаан аваад байгаа аж.

ОХУ одоо Украины зүүн нутгийн Донбассын бүсэд давшилтаа төвлөрүүлээд буй бөгөөд тус бүсийг эзлэх нь энэ дайны гол зорилгуудынх нь нэг болоод байна.

Оросын хүчнийхэн Северодонецк, Лисычанск хотуудыг мөн бүслэхийг оролдож байна.

Бямба гарагт Оросын БХЯ-ны мэдэгдсэнээр, тус улсын цэргүүд Украины зүүн нутгийн Донбассын бүсийн нэг хэсэг болох Донецк мужийн нутаг дэвсгэрт орших Лаймон хотыг эзлэн авсан байна.

Үүнтэй холбогдуулан В.Зеленский мэдэгдэл хийхдээ “Нөхцөл байдал маш хэцүү байна. Ялангуяа, Донбасс болон Харьков мужид” гэжээ.

Северодонецк хотод 15 мянган энгийн номхон иргэн бий гэнэ. Тэнд бөмбөгдөлтийн дуу тасрахгүй байгаа учир хүмүүс гарч, орж чадахгүй байгаа бөгөөд усны нөөц нь ч дуусах дөхөж байгаа аж.

Эх сурвалж: BBC

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn