НҮБ-ын тэргүүн Аюулгүйн Зөвлөлөө шүүмжлэв

15 гишүүн орон бүхий НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл нь дэлхийн энх тайван болон аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй билээ.
НҮБ-ын тэргүүн Аюулгүйн Зөвлөлөө шүүмжлэв
@ BBC

“Украинд дайн дэгдэхээс урьдчилан сэргийлж, дайныг зогсоох арга хэмжээ авч чадаагүй” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш өөрийн байгууллагын Аюулгүйн Зөвлөлөө (АЗ) шүүмжиллээ.

А.Гутерриш пүрэв гарагт Киев хотод Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзсаныхаа дараа хамтарсан хэвлэлийн хурал хийх үеэрээ “АЗ-д урам хугарч, бухимдаж байна. Би маш тодорхой хэлье. АЗ энэ дайнаас урьдчилан сэргийлж, дайныг зогсоохын тулд эрх мэдлийнхээ хүрээнд чадах бүхнээ хийж чадаагүй” гэжээ.

15 гишүүн орон бүхий НҮБ-ын АЗ нь дэлхийн энх тайван болон аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй билээ.

Гэвч 2 дугаар сарын 24-нд Украины эсрэг түрэмгийлэл эхэлснээс хойш дорвитой арга хэмжээ авч чадахгүй байна гэж АЗ-ийг олон улс орон, тэр дундаа Украины Засгийн газар шүүмжилж байна.

ОХУ бол НҮБ-ын АЗ-ийн байнгын таван гишүүний нэг бөгөөд Украины асуудлаарх хэд хэдэн тогтоолд хориг тавьсан юм.

АЗ-ийг нэг бус удаа шүүмжилж байсан Украины Ерөнхийлөгч В.Зеленскийд НҮБ-ын тэргүүн хэлэхдээ “Бид бууж өгөхгүй гэдгээ ноён Ерөнхийлөгч танд болон Украины ард түмэнд мэдэгдье. НҮБ-ын 1,400 ажилтан Украинд тусламж, хоол хүнс, мөнгөн болон бусад хэлбэрийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа” гэжээ.

Үүний хариуд В.Зеленский хэлэхдээ “Украинд Оросын үйлдсэн бүх дайны гэмт хэргийг та нүдээрээ харж байна” гээд, оросууд Украинд “геноцид” үйлдэж байна гэжээ.

НҮБ-ын тэргүүнийг Украинд байх үед Киев хотыг оросууд хоёр ч удаа бөмбөгдсөн бөгөөд бөмбөгдөлтийн улмаас хүний амь нас хохирсон эсэхийг тус хотын холбогдох албаны хүмүүс шалгаж байгаа аж.

Оросын цохилтод өртсөн хэд хэдэн газарт А.Гутерриш биечлэн очжээ. Тухайлбал, Киев хотоос баруун хойд зүгт орших Бородянка сууринд Оросын цохилт, бөмбөгдөлтөд өртсөн барилгуудын өмнө А.Гутерриш сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “Энэ газрын нөхцөл байдлыг хараад хэрвээ гэр бүлд минь ийм юм тохиолдвол яах байснаа би төсөөллөө” гээд, XXI зуунд ийм аймшигтай юм тохиолдсонд харамсаж буйгаа илэрхийлжээ.

Мөн хэдэн долоо хоног Оросын армийнхны бөмбөгдөлтөд өртөж, үндсэндээ бүрэн сүйтгэгдээд буй Украины өмнөд нутгийн Мариуполь хотод гарах гарцгүй байгаа хэдэн мянган хүний амь насыг аврахыг НҮБ-ын тэргүүн холбогдох талуудаас чин сэтгэлээсээ хүссэн байна.

Тэрээр хэлэхдээ “Мариуполь бол хямралын доторх хямрал юм. Энэ хотод энгийн номхон мянга мянган иргэнд тусламж зайлшгүй хэрэгтэй байна. Энд эмнэлгийн тусламж авах шаардлагатай хөгшчүүл голдуу олон хүн байна. Тэдэнд сүйрлээс зугтах зам хэрэгтэй” гэжээ.

Азовсталийн аж үйлдвэрийн бүсээс гарч чадалгүй үлдсэн иргэдийг нүүлгэн шилжүүлэх хүсэлтийг Украины тал удаа дараа хүссэн боловч ОХУ татгалзсаар байгаа юм.

Гэхдээ НҮБ-ын тэргүүн хэлэхдээ “Энгийн номхон иргэдийг нүүлгэн шилжүүлэхийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зарчмын хувьд зөвшөөрсөн” гэжээ.

Нүүлгэн шилжүүлэх өмнөх оролдлогууд Оросын бөмбөгдөлтийн улмаас мухардаж байсан юм.

Эх сурвалж: BBC

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn