Турк гамбит

Швед, Финланд улсууд НАТО-д гишүүнчлэх үйл явцтай зэрэгцэн Турк вето тавих эрхээрээ далайлгаж эхлээд байгаа билээ. Анкарагийн энэхүү нүүдлийн цаана ямар сонирхол байна вэ?
Турк гамбит
© Yves Herman

НАТО-гийн гишүүн Туркийн Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган Курдын босогчдыг дэмждэг гэх шалтгаанаар Швед, Финланд улсуудыг тус эвсэлд нэгдэхийг дэмжихгүй хэмээн мэдэгдсэн. Даваа гарагт Анкара хотноо хийсэн хэвлэлийн хурлын үеэр Р.Т.Эрдоган “Тус хоёр улс терроризмын эсрэг байр сууриа тодотгох шаардлагатай. Швед улс л гэхэд террорист байгууллагуудыг улс орондоо орогнох боломжоор хангадаг” хэмээн шүүмжилжээ.

Туркээс салан тусгаарлах үзэлтэй Курдистаны Ажилчны Нам (PKK) болон Сири дэх курдын YPG байгууллагыг өрнөд далдуур дэмждэг хэмээн Анкара эртнээс буруутгасаар ирсэн. Тухайлбал, Сирийн дарангуйлагч Башар Асадын эсрэг тэмцэлд зориулан АНУ, Европын Холбооны орнууд YPG байгууллагад зэр зэвсэг нийлүүлсэн явдал туркийн эрх баригчдыг цухалдуулсан юм. Туркийн төрийн мэдлийн Анадолу агентлаг Шведэд үйлдвэрлэсэн АТ-4 загварын танк эсэргүүцэгч пуужинг YPG-ийн дайчид ашиглаж байгааг эш татжээ.

Мөн Европын Холбоо Сири дэх Туркийн цэргийн ажиллагааг эсэргүүцэж, Анкарад зарим төрлийн зэвсэг нийлүүлэхийг хориглосон бөгөөд уг хоригт Финланд улс ч нэгдсэн болохыг сануулсан байна. Харин Вашингтон Анкараг ОХУ-аас агаарын довтолгооноос хамгаалах C-400 систем авах болсныг буруушааж, Ф-35 загварын сөнөөгч онгоц нийлүүлэхээс татгалзсан. Учир нь, АНУ НАТО-гийн гишүүн орнуудын зэвсэглэлд оросын цэргийн технологи байх ёсгүй гэж үзсэн юм.

Берлин хотноо НАТО-гийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцсон Туркийн Гадаад хэргийн сайд М.Чавушолу “НАТО-гийн гишүүн орнууд болон гишүүнээр элсэх хүсэлтэй улс орнууд террористуудыг өөгшүүлэхээ зогсоож, Туркт тавьсан зэвсгийн экспортын хоригоо цуцлах ёстой” гэж мэдэгдсэн нь Анкара Швед, Финландын гишүүнчлэлээр юуг наймаалах сонирхолтой байгааг илтгэнэ.

Анкарагийн энэхүү байр суурь Хельсинкийн гайхширлыг төрүүлээд буй. Финландын Гадаад хэргийн сайдын мэдэгдсэнээр “Сарын өмнө хоёр орны төрийн тэргүүн нар утсаар ярих үед Анкара Хельсинкийн НАТО-д гишүүнчлэх хүсэлтийг бүрэн дүүрэн дэмжихээ илэрхийлж байсан. Курдын асуудлын хувьд бидний хариулт тодорхой. Наймаалах зүйл байхгүй. PKK-г Финландад хориглосон. ЕХ-ноос зарласан террорист байгууллагуудын жагсаалтад ч бий” гэжээ.

НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга И.Столтенберг туркийн энэхүү алхам шинээр гишүүн элсүүлэх процессыг бойкотлоход чиглээгүй гэсэн бол АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга А.Блинкен зөвшилцөлд хүрнэ гэдэгт туйлын итгэлтэй байна гэж мэдэгджээ. Эндээс үзвэл НАТО-д элсэхэд бүх гишүүдийн дэмжлэгийг авах гэрээний зохицуулалтаар дамжуулан Анкара салан тусгаарлагчдаа номхотгож, зэвсгийн хоригийг цуцлуулж авахаар шийдсэн бололтой.

Эх сурвалж: Bloomberg

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn