Дайны гэмт хэрэг ба ОУ-ын Эрүүгийн шүүх

Саяхан тус шүүхээс Украинд дайны гэмт хэрэг үйлдэгдсэн, үйлдэгдэж буй эсэхийг мөрдөн шалгах болсноо зарлаж байсан бол Герман, Франц, Швед, Норвег, Польш, Латви, Литва, Эстони, Словак зэрэг улсууд өөрсдийн дотоодын хууль тогтоомжийн хүрээнд эрүүгийн хэрэг нээж, Оросын дайны гэмт хэргийг мөрдөн шалгаж байна.
Дайны гэмт хэрэг ба ОУ-ын Эрүүгийн шүүх
© Bas Czerwinski

Энэхүү балмад гэмт хэргийг мөрдөн шалгахад ОУ-ын Эрүүгийн шүүх ямар үүрэгтэй талаар, тэдний үйл ажиллагааны тухай товч танилцуулъя.

Түүхэн үүсэл

Дэлхийн II дайны дараа холбоотнууд Германы Нюрнберг хотноо нацистын цэргийн гол гэмт хэрэгтнүүдийг шүүсэн явдал дайны гэмт хэргийн анхны олон улсын шүүн таслах ажиллагаа болжээ. Үүнээс хойш улс орны засгийн газрууд хүн энэ төрлийн гэмт хэргийг шүүн таслах үүрэг бүхий байнгын ажиллагаатай институт байгуулах санаачилга нэг бус удаа гаргасан боловч 1990-ээд оныг хүртэл биеллээ олоогүй юм.

Энэ хугацаанд НҮБ-аас хуучин Югослав болон Африкийн Руанда улсад үйлдэгдсэн хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийг шүүх олон улсын трибуналыг түр хугацаагаар байгуулан ажиллуулж байсан ч бие даасан институтийн хэрэгцээ шаардлага үгүйлэгдэж буй нь илэрхий байв.

Ингээд 1998 оны Ромын бага хурлаар ОУ-ын Эрүүгийн шүүх байгуулах тухай олон улсын гэрээг баталсан. Уг гэрээнд нэгдэн орохоо илэрхийлж, гарын үсэг зурсан орнуудын дундаас гэрээг албан ёсоор соёрхон баталсан орны тоо 60-д хүрснээр 2002 оны 7 дугаар сарын 1-нээс эхлэн тус гэрээ олон улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн юм.

Одоогоор тус гэрээнд дэлхийн 123 орон нэгдэн оржээ. Харин Хятад, Энэтхэг, Умард Солонгос, Саудын Араб, Турк зэрэг 40 гаруй улс гэрээнд нэгдээгүй аж. Мөн АНУ, Орос, Иран, Израил, Египет, Судан зэрэг улсууд тус гэрээнд гарын үсэг зурсан ч өнөө хэр хууль тогтоох байгууллагууд нь гэрээг соёрхон батлаагүй байна.

ОУ-ын Эрүүгийн шүүхийн гишүүнчлэлийн байдал. Цэнхэрээр гишүүн, шараар гэрээнд нэгдсэн боловч соёрхон батлаагүй, улбар шараар гэрээнд нэгдээгүй орнуудыг тэмдэглэжээ.
ОУ-ын Эрүүгийн шүүхийн гишүүнчлэлийн байдал. Цэнхэрээр гишүүн, шараар гэрээнд нэгдсэн боловч соёрхон батлаагүй, улбар шараар гэрээнд нэгдээгүй орнуудыг тэмдэглэжээ.

Мөн Бурунди, Филиппин улсууд тус гэрээнээс гарчээ. 2017 онд Бурунди улсын засгийн газар сөрөг хүчний эсэргүүцлийг цус урсган нухчин дарсан хэрэг явдлыг, 2019 онд Филиппиний Ерөнхийлөгч Р.Дутертегийн эхлүүлсэн хар тамхитай тэмцэх кампанит ажлыг тус шүүхээс мөрдөн шалгах болсон нь дээрх шийдвэрийг гаргахад хүргэжээ.

Үйл ажиллагаа

ОУ-ын Эрүүгийн шүүх Нидерланд улсын Хааг (Гааг) хотноо байрладаг. Тус шүүхийн дэргэд мөрдөн шалгах чиг үүрэгтэй тусгай прокурорын нэгж ажилладаг. ОУ-ын Эрүүгийн шүүхэд гишүүн орнуудаас сонгогдсон нийт 18 шүүгч ажилладаг бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүнд тив бүрийн төлөөллийг багтаах, жендэрийн тэнцвэрийг хангах зарчим баримталдаг байна.

Шүүгчид болон прокурорууд есөн жилийн хугацаатай нэг бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Тус шүүхээс дөрвөн төрлийн гэмт хэрэгт мөрдөн шалгах, шүүн таслах үйл ажиллагаа явуулдаг. Үүнд:

Геноцид буюу төрлөөр устгах гэмт хэрэг. Үндэстэн, угсаатан, арьсны өнгө болон шашин шүтлэгээр ялгаварлан аймаглан устгах, цэвэрлэгээ хийхийг ойлгоно.

Дайны гэмт хэрэг. Олзлогдогсодтой харгис хэрцгий харьцах, эрүүдэн шүүх, насанд хүрээгүй хүүхдүүдийг цэрэгт элсүүлэх, эмнэлэг, сургууль гэхчлэн иргэний зориулалттай барилга, байгууламжуудад цохилт өгөх, энгийн хүн амыг албадан гаргах, тонуул хийх зэргээр Женевийн конвенцоор хориглосон үйл ажиллалаа явуулахыг ойлгоно.

Хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг. Энгийн номхон иргэдийн эсрэг үйлдэгдсэн өргөн хүрээтэй эрүүдэн шүүх, боолчлох, бэлгийн мөлжлөгт оруулах зэрэг гэмт хэргийг хэлнэ.

Түрэмгийлэл. НҮБ-ын Дүрмийг зөрчиж, улс орнуудын тусгаар тогтнол, халдашгүй бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд цэрэг зэвсгийн хүчээр заналхийлэх буюу халдахыг хэлнэ.

Хэрэг нээх, мөрдөн шалгах процесс гурван янзаар хэрэгждэг. Нэгдүгээрт, гишүүн орнууд өөрсдийн дотоодын хууль тогтоомжийн дагуу эрүүгийн хэрэг нээж, мөрдөн шалгалт явуулах. Жишээ нь, оросын дайны гэмт хэргийг мөрдөх шалгахаар улс орнууд хэрэг нээснийг дээр өгүүлсэн.

ОУ-ын Эрүүгийн шүүхийн гэрээний дагуу дээрх дөрвөн төрлийн гэмт хэрэг хаана үйлдэгдсэнээс үл хамааран улс орон бүр өөрсдийн бие даасан мөрдөн шалгалтыг явуулж, яллах хангалттай нотлох баримт бүрдсэн тохиолдолд гэм буруутанд шууд болон эчнээгээр ял шийтгэх эрхтэй байдаг.

Тус гэрээнд нэгдэн орсны хувиар манай улсын Эрүүгийн хуульд ч энэ төрлийн зохицуулалт бий. Эрүүгийн хуулийн 29 дүгээр бүлэгт Хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэргийг тодорхой зүйлчилсэн.

Тухайлбал, 29.1-д “түрэмгийлэл, эсхүл дайныг төлөвлөх, бэлтгэх, өдөөх, дэгдээх”, 29.2-д “Түрэмгийлэл, эсхүл дайн өдөөхийг олон нийтэд уриалах”, 29.4-д “дайны үед хориглосон арга, хэрэгсэл хэрэглэх”, 29.5-д “төрлөөр устгах”-ыг гэмт хэрэгт тооцох бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд 12-25 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэхээр заажээ.

Өөрөөр хэлбэл, эхэнд өгүүлсэн орнуудын адилаар түрэмгийлэл, эсхүл дайн дэгдээсэн, дайны үед хориглосон арга, хэрэгсэл хэрэглэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг нээж, мөрдөн шалгалт явуулах эрх зүйн орчин манайд байгаа юм.

Хоёрдугаарт, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрээр мөрдөн шалгалт явуулж болно. Гуравдугаарт, ОУ-ын Эрүүгийн шүүхийн тусгай прокурорууд гишүүн орнуудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу хийгээд өөрсдийн санаачилгаар мөрдөн шалгалт явуулах эрхтэй байдаг. Украины хэрэг явдлын хувьд Киевээс ирүүлсэн удаа дараагийн хүсэлтийг хянан үзээд прокурор мөрдөн шалгалт эхлүүлэхээр шийдвэрлэсэн.

Мөрдөн шалгалтын үр дүнд гэмт хэрэг үйлдэгдсэн талаар хангалттай нотлох баримт цугласан тохиолдолд прокурор гэм буруутныг ОУ-д эрэн сурвалжлах, баривчлах тухай саналаа шүүхэд танилцуулж, тогтоол батлуулна.

Шүүхийн урьдчилсан шатанд тухайн хэргийн материалыг шүүх бүрэлдэхүүн хянан үзэж, шүүх хуралдаанд хэргийг танилцуулах (шүүн таслах процессыг цааш үргэлжлүүлэх эсэх) эсэхийг шийддэг. Ингээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзсэн тохиолдолд шүүх хурлын процесс эхэлдэг.

Шүүх хурал гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр явагдах бөгөөд яллагдагч өөрөө өмгөөллийн туслалцаа авах боломжгүй байгаа нөхцөлд шүүхээс түүнд өмгөөлөгч томилох зохицуулалттай.

Ингээд яллах, цагаатгах эсэхийг шүүх бүрэлдэхүүн олонхын саналаар (2-1) шийднэ. Яллагдагч шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрвөл давж заалдах эрхтэй агаад шүүх хурал таван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хэргийг дахин хянадаг.

Санхүүжилт

Шүүх нь гишүүн орнуудын санхүүжилтээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд жилийн төсөв нь ойролцоогоор 170 сая ам.доллар. Санхүүжилтийн дийлэнх хэсгийг Япон, Герман, Франц, Их Британи улсууд гаргадаг. Харин Бразил, Венесуэл зэрэг улсууд өөрт ногдох санхүүжилтийн хэсгийг хугацаанд төлөөгүйгээс хэдэн сая ам.долларын өр хуримтлагджээ.

Шаардлагатай тохиолдолд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн НҮБ-ын Ерөнхий Ассамблей нэмэлт санхүүжилт гаргах зохицуулалт мөн үйлчилнэ.

Яллагдагсад

ОУ-ын Эрүүгийн шүүх байгуулагдсан цагаасаа хойш дөч гаруй этгээдийг яллагдагчаар татсан нь бүгд Африкийн орнуудын иргэд байна. Тэдгээрээс 17 иргэнийг баривчлан саатуулж, Хаагад ирүүлснээс одоогоор арвыг нь гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн бол дөрвийнх нь хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Мөн 2005 оноос Суданы Дарфурын хямрал, 2010 оноос Кенийн хэрэг явдал, 2011 оноос Ливийн иргэний дайн, Кот-д’Ивуарын асуудал, 2016 оноос Гүржийн хэрэг явдал, 2019 оноос Бангладеш, Мьянмарын асуудал, 2020 оноос Афганистан, Палестины асуудал, 2021 оноос Филиппин, Венесуэлийн хэрэг явдлыг мөрдөн шалгаж байгаа юм.

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn