Украины теннисч Сергей Стаховски: Украины ард түмэн эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж байгаа болохоор ялах нь гарцаагүй

Хот руу нэвтрэх гэсэн орос цэрэг харагдах л юм бол бид ангуучилж байна.
Украины теннисч Сергей Стаховски:  Украины ард түмэн эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж байгаа болохоор ялах нь гарцаагүй

Сергей Стаховски гурван сарын өмнө л Рафа Надаль, Новак Жокович нартай теннисийн талбайд өрсөлдөж явжээ. Гэвч Украины тэргүүн теннисч эр өнөөдөр теннисийн цохиур, бөмбөгөө зэвсэг, сум үл нэвтрэх хантаазаар сольж Украин эх орноо Оросын эзэрхийллээс хамгаалахаар Украинд ирээд байна. Эдүгээ Киевийн тэргүүн фронтод тулалдаж яваа Стаховски Марка радиод дараах ярилцлагыг өгчээ.

-Мэргэжлийн теннисч яагаад тохь тухтай амьдралаа орхиж Украины эсэргүүцлийн армитай нэгдэхээр шийдэв ээ?

-Энэ бол миний эх орон. Орос болон түүний Ерөнхийлөгч Путин "Украин улс гэж хэзээ ч байгаагүй. ЗХУ л Украин улсыг бий болгосон" гэж олон удаа ярьсан. Хэрвээ Украин энэ дайнд ялагдвал Оросын түүхийн ном, газрын зургаас, дэлхийн түүхээс арчигдаж алга болно гэдэгт би итгэлтэй байна. Бид дахин улс болж чадахгүй. Хэзээ ч оршин тогтнож байгаагүй улсын иргэншилтэй болох нь. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй.

-Киевт өнөөдөр нөхцөл байдал ямар байна вэ?

-Өглөө үүрээр биднийг бөмбөгдөж байна. Тэдгээр бөмбөг иргэдийн байшин дээр унаж байна. Хэд хэдэн хүн амь насаа алдаж, олон хүн шархдаж гэмтлээ. Бөмбөгдөлт энгийн зүйл болсон. Сүүлийн хоёр өдөр бүр идэвхжилээ. Өмнө нь арай тайван байсан л даа, учир нь манай агаараас эсэргүүцэн хамгаалах систем, пуужингийн эсрэг систем сайн ажиллаж байсан. Тэд хэзээ, ямар далайцаар довтолгоогоо эрчимжүүлэхийг бид мэдэхгүй байна.

-Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров гал зогсоох тохиролцоонд хүрэхэд ойртлоо гэсэн. Та түүний үгэнд итгэж байна уу?

-Үгүй ээ, одоо би ямар ч оросын үгэнд итгэхгүй. Украинд хандаж байгаа хандлагыг нь хүлээн зөвшөөрөхгүй. Гэхдээ би шийдвэр гаргадаг хүн биш. Бидний итгэлийг хүлээсэн Ерөнхийлөгч бидэнд байна, тэр байж болох хамгийн сайн шийдвэрийг гаргана гэдэгт бид итгэдэг. Оросуудад итгэнэ гэдэг гэмгүй хүмүүсийг, гэмгүй гэр бүлийг алсан алуурчдад итгэсэнтэй адил.

-Та нар Оросын довтолгоог аль хэр удаан тэсэх бол?

-Бид удаан тэсэх болно. Орос улс Украиныг эзэлж, эзэрхийлж чадахгүй. Учир нь эсэргүүцэл хаа сайгүй байна. Гудамжинд, ард иргэд, дэлхий нийт эсэргүүцэж байна. Бүгд Оросын эсрэг байна. Энэ довтолгоо зогсох хүртэл хэдэн хүний, хэдэн иргэний амьд үрэгдэх вэ л гэдэг асуудал байх шиг. Цорын ганц зүйл тодорхой байгаа нь Орос улс энэ дайнд ялахгүй. Тэд хаана яваагаа мэдэхгүй байна. Украины ард түмэн эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж байгаа болохоор ялах нь гарцаагүй.

-Та айж байна уу? Энэ бүгдийг орхиод гэртээ харья гэж бодсон уу?

-Мэдээж би айж байна. Тэнэг хүмүүс л айхгүй байх. Гэвч азаар өнөөдөр Киевт харилцан гал нээсэн, буудалцсан зүйл алга, учир нь орос цэргүүд орж ирээгүй байна. Киевийн эргэн тойронд хаалт, саад их байгаа. Өнөөдөр цорын ганц аюул агаараас ирж байна. Киев рүү нэвтэрч орох гэсэн хэсэг орос цэрэг байна. Гэвч бид ангийн улирал нээгдсэн юм шиг л бэлэн байна. Хот руу нэвтрэх гэсэн орос цэрэг харагдах л юм бол бид ангуучилж байна. Тэдний хувьд бол сайн сонголт биш. Гэртээ харих талаар мэдээж би бодсон. Өдөр бүр л бодож байна. Би гурван хүүхэдтэй. Гэвч өнөөдөр бид дайны байдалтай байна, 18-60 насны эрчүүд улс орноо орхиж явж болохгүй, бид энд байж байх ёстой.

-Энэ бүх аймшиг дуусахад хамгийн түрүүнд юу хийх вэ?

-Гэртээ харина. Гэр бүлээ дахиж хэзээ ч орхихгүйн тулд тэд нар дээрээ буцаж очно.

-Армид элсэхээсээ өмнө зэвсэг хэрэглэж мэддэг байсан уу?

-Гар буу хэрэглэж мэднэ. Буудлагын талбай дээр очиж хэд хэдэн удаа буудаж байсан. Өөр туршлага байхгүй.

-Киевийн эсэргүүцлийн армид таны гүйцэтгэж буй үүрэг?

-Хотын эргүүлд голчлон гарч байна. Автомашинуудыг, гудамжнуудыг шалгаж байна. Учир нь одоо Киевт хөл хорио тогтоосон байгаа. Бид эргүүл хийчихээд, өөр бүс рүү явахын өмнө 5-6 цаг амардаг. Энэ хугацаанд буудлагын дадлага болон байлдааны арга, тактик судалдаг.

-Киевийн эсэргүүцлийн армид анх нэгдэхэд ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

-Хил давж орж ирэх гэж их хэцүү юм болсон. Нэг зүтгэсэн бол ухарч болохгүй гэдгийг би мэдэж байсан. Украинд орж ирээд арми, сайн дураараа нэгдсэн иргэдийн сэтгэл зүй, тэд нарын байгуулсан хяналтын цэгүүд, хаалт хамгаалалтыг хараад улс орноороо нэгдэн нийлж байгааг харсан. Хэн ч Украиныг ялж, нугалж чадахгүй юм байна гэдэг сэтгэгдэл төрсөн. Бүгд л эхнэр хүүхдээ гадаад руу илгээгээд, өөрсдөө байлдахаар үлдэж байсан.

-Та теннисийн ертөнцөөс дэмжлэг авч байна уу? Жокович тан руу бичихэд та юу бодсон бэ?

-Тэр гар утсаараа мессеж бичсэн байсан. Олон жил хамт тоглосон болохоор надад бараг бүх теннисчний утас байдаг. Тоглож, өрсөлдөж явсан бүх теннисчнээс мессеж, дэмжлэг ирсэн. Зодог тайлсан, бүр залуу тамирчдаас ч ирсэн. Итгэмээргүй дэмжлэг болсон. Мэдээж Новакийн үг том дэмжлэг болсон. Учир нь тэрээр одоо бид нар үзэж байгаа дайн гэдгийг багаасаа мэддэг. Түүний үг украинчуудыг ихэд зоригжуулсан.

-Орос улс, Путин Украинаас бүр цаашаа явж зүрхлэх болов уу?

-Тийм ээ, хэрвээ Украин ялагдвал биднээс жижиг өөр улсууд Оросын түрэмгийллийн дараагийн бай болно гэдэгт би итгэлтэй байна.

Эх сурвалж: www.marca.com/radio

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn