Тайвань хүлээж чадахгүй!

Бээжин Тайванийг цэргийн хүчээр өөртөө нэгтгэхээс яаж сэргийлэх вэ?
Тайвань хүлээж чадахгүй!
© Dan Bejar

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн М.Галлахерын Foreign Affairs сэтгүүлд бичсэн нийтлэлээс тоймлон хүргэж байна. Тэрээр Бүгд найрамдах намаас нэр дэвшиж сонгогдсон бөгөөд Төлөөлөгчдийн танхимын Батлан хамгаалахын байнгын хороонд харьяалагддаг юм.

2021 оны 3 дугаар сард АНУ-ын Энэтхэг-Номхон далайн командлалын захирагч, адмирал Ф.Дэвидсон ирэх зургаан жилийн дотор хятадууд Тайваньд халдах магадлалтайг Конгресст танилцуулсан. Мөн оны 10 дугаар сард Тайванийн Батлан хамгаалахын сайд 2025 он гэхэд хятадын батлан хамгаалах чадавх Тайванийн арлын эсрэг бүрэн хэмжээний түрэмгийлэл үйлдэх хэмжээнд хүрнэ хэмээн мэдэгдсэн билээ. Бээжин тус арлыг энх тайвнаар нэгтгэх чиг шугамаа эргэн харж, цэргийн хүч хэрэглэх асуудлыг нухацтай авч үзэх болсныг шинжээчид анхааруулсаар байна.

Ийм нөхцөлд АНУ-ын Батлан хамгаалах яам хятадын болзошгүй түрэмгийллийг зогсоох бэлтгэл хангалтгүй байгаа нь сэтгэл түгшээж байна. Жишээ нь, Энэтхэг-Номхон далайн бүс нутагт аюулгүй байдлыг хангахад гол үүрэгтэй АНУ-ын Тэнгисийн хүчнийг аваад үзье л дээ. Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргааны баталсан Тэнгисийн хүчнийг шинэчлэх “Battle Force 2045” төлөвлөгөөгөөр манай флотууд зохих хүчин чадалдаа хүрэхийн тулд хорин жил хүлээх болох нь. Гэтэл Ерөнхийлөгч Ж.Байден ирэх оны төсөвт батлан хамгаалахын зардлыг бууруулахаар тусгасан явдал дээрх хугацааг бүр ч хойш татаж мэдэхээр байна.

Энэ зуур Номхон далайд байрлах америкийн цэргийн баазуудад дорвитой шинэчлэл хийгдээгүй удлаа. Тайванийг тойрсон ямарваа хямралын үед манай фронтын тэргүүн шугам болох Гуам аралд зайлшгүй шаардлагатай байгаа агаарын болон пуужингийн довтолгооноос хамгаалах шинэ систем суурилуулах асуудал өнөө хэр хүлээгдсээр буй. Гуам аралд америкийн нисэх хүчин, тэнгисийн хүчний хувьд стратегийн ач холбогдолтой зэвсгийн болон түлшний агуулах, аэродромууд, усан боомт бий.

Хэдийгээр Тайванийн хоолой Америкийн нутаг дэвсгэрээс алс хол мэт санагдаж болох ч хятадтай цэргийн хүчээр сөргөлдсөн тохиолдолд манай хяналтад байдаг Америкийн Самао, Гуам, Умард Марианы арлууд зэрэг Номхон далайн арлууд болон Аляска, Хавай, Япон, Солонгос дахь манай цэргийн бүлэглэлүүдэд шууд заналхийлэл учрах болно. Тиймээс бидэнд “Battle Force 2045” бус “Battle Force 2025” хөтөлбөр хэрэгтэй.

Пентагон Япон, Австрали зэрэг холбоотнуудын хамтаар Номхон далайд давамгайллаа хадгалж, Хятадын Ардын чөлөөлөх армийн зүгээс учруулж болзошгүй заналхийллийг үр дүнтэй няцаах чадавхтай байх нь нэн чухал юм. Энэ хүрээнд Номхон далайд орших Микронез, Маршаллын арлууд, Палау улсуудтай батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа бэхжүүлж, цэргийн баазууд нэмж байгуулах ёстой.

Тайванийн арлаас мянга хүрэхгүй километрийн зайтай Филиппинийг анхаарлын гадна орхиж болохгүй. Америкийн байлдааны хөлөг онгоцнууд Субикийн буланд чөлөөтэй нэвтрэх эрх олж авах хийгээд пуужингийн цогцолбор байрлуулах асуудлаар Р.Дутертегийн халааг авах Филиппиний дараагийн ерөнхийлөгчтэй идэвхтэй яриа хэлэлцээ хийх нь зүй.

Тайваньд жил бүр гурваас доошгүй тэрбум ам.долларын цэргийн тусламж үзүүлж, Тайванийн зэвсэгт хүчнийг сургах ажлыг эрчимжүүлбэл зохино. Австрали, Японыг оролцуулан Тайванийг хамгаалах байлдааны ажиллагааны төлөвлөгөөг шинэчилж, нэгдсэн команд-штаб байгуулах шаардлагатай. Тайванийн төлөөх дайн богино хугацаанд үргэлжлэх тусам хятадын ялалтаар өндөрлөх магадлалтай учир америк-тайванийн тал урт, сунжирсан дайнд бэлтгэж, тактикаа боловсруулах ёстой.

Хэрэв Бээжин Тайванийг буулгаж авч чадвал маш хүчтэй хөзрийг гартаа оруулна. Дэлхийн хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн 80 хувийг өөрийн хяналтад авч, монопол тогтоох болно гэдгийг мартах учиргүй. Иймээс АНУ чөлөөт ертөнцийг хамгаалагчийн хувиар 24 сая хүн амтай, хөгжингүй ардчилсан орныг Бээжинд зүгээр тавьж өгч хэрхэвч таарахгүй.

Эх сурвалж: Foreign Affairs

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
logo
Press Center
www.presscenter.mn