Тайванийн асуудал хурцадвал Монголчуудын байр суурь ямар байх вэ?

Монголчууд бидэнд үнэндээ дуугарах ч хэцүү, дуугүй суух ч хэцүү цаг үе тохиолдох юм. Яаж ч дуугарсан буруудахаар тийм цаг үе түүхэнд хэр их байв?
Тайванийн асуудал хурцадвал Монголчуудын байр суурь ямар байх вэ?
fr.slideserve.com

Цаг хугацаа өнгөрөх тусам Хятад Тайвань хоёр энх тайвны замаар нэгдэх асуудал нь улам алсарч байх шиг. Хэрэв Хятад Тайваний хооронд зэвсэгт мөргөлдөөн болбол Монгол Улс ямар байр суурь баримтлах вэ. Ямар дарамт шахалт ирэх вэ. Бидэнд энэ мөргөлдөөн яаж нөлөөлөх вэ. Энэ асуудал бидэнд яагаад чухал вэ гэдэг асуултууд зүй ёсоор гарч ирэх болно.

Юуны өмнө Монгол Улсыг Бүгд Найрамдах Хятад Улс (Тайвань) хүлээн зөвшөөрдөг үү. Бид ер нь яаж тусгаар тогтнолоо олж авсан юм бэ гэдэг асуудлыг товч үзэх хэрэгтэй болох юм.

Ар Монголчууд 1911 оноос эхэлж тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж, түүхийн ороо бусгаа цагийг даван туулж, их гүрнүүдийн ашиг сонирхлын сөргөлдөөн, зөвшилцлийн үр дүнд 1946 онд Хятад улсаар өөрийн тусгаар тогтнолоо албан ёсоор хүлээн зөвшөөрүүлсэн билээ. Үүнд 1945 оны Ялтын гэрээ, Хятад-Зөвлөлтийн найрамдал, эвслийн гэрээнүүд чухал ач холбогдолтой байв. 1946 оны 1 дүгээр сарын 5-нд Бүгд Найрамдах Хятад улс 1945 оны 10 дугаар сарын 20-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улсад явуулсан бүх ард түмний санал хураалтын дүнг үндэслэн БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн юм.

Гэвч 1946-49 онуудад Ховд/Шинжааны хил дээр (Байтаг Богдын хилийн мөргөлдөөн) хилийн зөрчил үүссэний улмаас БНХУ ба БНМАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоогүй. 1949 оны 10 дугаар сарын 1-нд Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдахад хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн улсын нэг нь БНМАУ болж, 10 дугаар сарын 16-ны өдөр хоёр улс дипломат харилцаа тогтоосон билээ. Үүний хариуд 1953 оны 2 дугаар сарын 24-нд Тайвань арал руу зугтсан Гоминданы Бүгд Найрамдах Хятад улсын хууль тогтоох дээд юань (парламент нь) Хятад-Зөвлөлтийн найрамдал, эвслийн гэрээнд заасан үүрэг, амлалтуудаа албан ёсоор хүчингүй болгож, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн шийдвэрээ цуцалсан байдаг.

Тэр цагаас хойш Тайвань Монголыг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрөхгүй, Бүгд Найрамдах Хятад Улсын албан ёсны газрын зурагт Монгол Улсыг Хятадын нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж харуулж байв. Тайвань 1971 он хүртэл НҮБ-д Хятад улсыг төлөөлж суусаар байсан бөгөөд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүний бүрэн эрхээ ашиглан 1950-aад оны турш БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэхийг хориглож байжээ.

БНХУ НҮБ-д гишүүн байхдаа тавьсан цорын ганц хориг нь 1955 онд Монгол Улсыг элсүүлэхийн эсрэг байсан юм. Ийнхүү 1961 он хүртэл Монгол Улс НҮБ-ын гишүүн болж чадахгүй байсан бөгөөд ЗХУ Монголыг элсүүлэхгүй бол Африкийн шинээр тусгаар тогтносон бүх улсын гишүүнчлэл дээр хориг тавина гэж шахсанаар БНХУ “бууж өгчээ".

2002 оны эхээр БНХУ-ын Ардчилсан Дэвшилт Намын засгийн газар Монгол Улсын иргэдийг Тайвань руу зорчихдоо бусад гадаад иргэдийн нэгэн адил виз авах шаардлагатай гэж шийдвэрлэсний дараа Тайпэй болон Улаанбаатарт хоёр талын худалдааны төлөөлөгчийн газрууд нээгджээ. Тухайн ондоо Тайванийн Дотоод хэргийн яам Хятадын нутаг дэвсгэрийн албан ёсны газрын зурагт Монгол Улсыг оруулахаа болих шийдвэр гаргаж, 2002 оны 10 дугаар сарын 3-нд Тайваний Гадаад Хэргийн Яам Монголыг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрснөө зарлав.

2002 онд Тайваний Засгийн газар Монгол Улсыг засаг захиргааны зорилгоор "эх газрын бүс" гэсэн тодорхойлолтоос хасав.

Чин гүрний үеийн 1636 оноос улбаатай Монголтой харьцах харилцааг зохицуулдаг “Монголын товчоо”, “Цөөнхийн асуудал эрхэлсэн зөвлөл”, “Цөөнхийн хэрэг эрхлэх яам”, “Монгол, Төвөдийн хэрэг эрхлэх газар”, “Монгол, Төвөдийн хэрэг эрхлэх товчоо” зэрэг байгууллага болон 1929 оноос 2017 он хүртэл “Монгол, Төвөдийн хэрэг эрхлэх комисс” нь яамны түвшинд үйл ажиллагаа явуулдаг байжээ.

2017 онд Ардчилсан Дэвшилт намын засгийн газар “Монгол, Төвөдийн хэрэг эрхлэх комисс”-ыг татан буулгаж комиссын ажилтан, албан хаагчдын үүрэг хариуцлагыг Соёлын яамны харьяа “Монгол, Төвөдийн соёлын төв”, Эх газрын харилцааны зөвлөлийн дэргэдэх “Хонконг, Макао, ӨМӨЗО, Төвөдийн хэрэг эрхлэх газарт” хуваарилсан байна. Энэ алхам Тайвань Монгол Улсыг хүлээн зөвшөөрч байгаагийн бас нэг нотолгоо болсон.

Харин Монгол Улс улс төр, эдийн засаг, газар зүйн байршил болон түүхэн уламжлалаа харгалзан үзэж “Нэг Хятад” бодлогыг тууштай баримталдаг билээ.

Хэрвээ Тайвань Хятадын хооронд дайн дэгдвэл Украиныг дэмжиж буй манай нам, улс төрийн зүтгэлтнүүд, иргэд ямар байр суурьтай байх нь ихээхэн сонирхол татна. Европын хамгийн ядуу, олигархуудын хяналтад байдаг эдийн засагтай, авлигад идэгдсэн төрийн аппарат, шүүх засаглалтай, үндэстний цөөнх болох унгар, оросуудыг шахан хавчдаг Украиныг Оросын хэрцгий түрэмгийллийн эсрэг дэмждэг шиг ардчилсан, цэцэглэсэн эдийн засагтай, чөлөөт хэвлэл мэдээллийн салбартай, шинэ үндэстэн бий болгож буй Тайванийг дэмжих үү. Аль эсвэл “Нэг Хятад” бодлогод үнэнч байх уу?

Хэрэв тэгвэл Монголчууд бидэнд үнэндээ дуугарах ч хэцүү, дуугүй суух ч хэцүү цаг үе ирнэ. Яаж ч дуугарсан буруудахаар тийм цаг үе түүхэнд хэр их тохиосон бол доо.

ОХУ-ын жилээс жилд багасаж буй импортыг эс тооцвол бид үндсэндээ Оросын хамаарлаас ангижирч байгаа гэдгийг гадаад худалдааны үзүүлэлтүүд харуулдаг. Хойд хөршөөс хамааралтай гэгдэж буй цахилгаан эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүнүүд, төмөр зам, логистикийн асуудлууд бүгд мөнгө байвал шийдэж болох асуудлууд юм.

Харин бид Хятадаас бүрэн хамааралтай болчихоод байгааг санах ёстой. Экспорт хийх буюу мөнгө олдог ганц гарц нь Хятад болчихсон байхад бид яаж ч бодсон Тайванийг дэмжиж чадахааргүй мэт. Манай хоёр хөрш их гүрэн АНУ-ын эсрэг нэг талдаа гарчихаад байгааг бас бодох шаардлагатай.

Тайванийн асуудал хурцадвал манай улс дахь гуравдагч хөршүүдийн Оюу толгой, ураны олборлолт, Мобиком зэрэг томоохон хөрөнгө оруулалт, төслүүд хүнд байдалд орохоос гадна нэг цагийн дотор л ОХУ, БНХАУ газрын, агаарын хилээ хааж чадах бөгөөд тийм нөхцөл үүсэх боломжтой. Уран зөгнөлт зохиол, кинонд гардаг орон зай алгасан шилжүүлдэг технологи л байдаггүй юм бол гуравдагч хөршүүд маань манай хоёр аварга хөршийн газар нутаг, агаарын орон зайг хэрхэн даван туулж ирээд бидэнд туслах вэ. Бодит байдал дээр ямар ч гуравдагч хөрш бидэнд бодит туслалцаа үзүүлж чадахгүй. Пакистанд ерөнхий сайдыг нь хүртэл унагааж чадаж байхад Монголд гуравдагч хөрш орнуудын зөвхөн элчин сайдууд нь мэдэгдэл хийсэн явдал, Украины асуудал дээр дарамт шахалт үзүүлэхгүй хүлээцтэй байгаа нь ийм учиртай.

Иймээс яг одоогийн газарзүй, геополитикийн нөхцөл байдалд тулгуурлаж, Монголын гадаад бодлогыг хянамгай, мэдрэмжтэй, ухаалаг явуулах шаардлага тулгарч байгаа юм. Америкийн нэрт улс төрийн зүтгэлтэн, гадаад хэргийн сайд асан Хенри Киссинжерийн хэлсэнчлэн “Америкийн дайсан байх нь аюултай байж болох ч Америкийн найз байх нь үхлийн аюултай” гэснийг ч санаж байх хэрэгтэй.

Энэ цаг үед Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар ерөнхийлөгч биш байгаа нь бидний аз юм даа. Харин их ном цуглуулдаг, мод тарьдаг У.Хүрэлсүх байгаа нь бараг зол болж байх шиг.

Манай улсын хувьд төвийг сахих үзэл баримтлах боломж муу бөгөөд энэ нь түүхийн явцаас харахад маш олон удаа үүргээ гүйцэтгэж чадаагүй байдаг. Тэгээд ч хоёр хөрш орны дунд бид төвийг сахиад ч нэмэргүй харагддаг. Ийнхүү хэрэв Тайваний асуудал хурцдаж, Хятад Тайваний хооронд зэвсэгт мөргөлдөөн улмаар дайн гарах ахул Монгол Улс, Монголчууд маань ямар байр суурьтай байх тухайгаа одоогоос бодож байх шаардлагатай байна.

Ашигласан эх сурвалж: The Diplomat, Taipei times, Wikipedia, Taiwan News, mongoltoli.mn

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn