Дахин нэг улс “Биткойн”-ыг хууль ёсны төлбөрийн хэрэгсэл болгов

“Биткойн” мэтийн криптовалютууд гэмт хэрэгтнүүдийн мөнгө угаах ажлыг хөнгөвчилж болзошгүйгээс гадна олборлоход цахилгаан их зарцуулдаг учир байгаль орчинд сөргөөр нөлөөлнө гэж мэргэжилтнүүд үздэг.
Дахин нэг улс “Биткойн”-ыг хууль ёсны төлбөрийн хэрэгсэл болгов

Төв Африкийн Бүгд Найрамдах Улс (ТАБНУ) “Биткойн” /Bitcoin/ цахим мөнгийг хууль ёсны төлбөрийн хэрэгсэл болгосон дэлхийн хоёр дахь улс боллоо.

ТАБНУ нь дэлхийн хамгийн ядуу буурай улс орнуудын нэг боловч алмаз, алт болон уран зэрэг байгалийн баялгийн арвин их нөөцтэй юм.

Оросын ойрын холбоотнуудын нэг болох ТАБНУ олон арван жилийн турш мөргөлдөөнтэй байгаа бөгөөд Оросын “Вагнер” бүлэглэлийн хөлсний цэргүүд босогчдын бүлэглэлүүдтэй тэмцэхэд тус улс улсад тусалсаар ирсэн билээ.

Хууль тогтоогчид “Биткойн”-ыг хууль ёсны төлбөрийн хэрэгсэл болгохыг санал нэгтэйгээр дэмжсэн бөгөөд ингэснээр ТАБНУ нь “дэлхийн хамгийн зоримог, хамгийн алсын хараатай улс орнуудын газрын зураг”-т орлоо гэж тус улсын Ерөнхийлөгчийн тамгын газар мэдэгдсэн байна.

2021 оны 9 дүгээр сард Эл Сальвадор улс “Биткойн”-ыг албан ёсны төлбөрийн хэрэгслээр баталсан дэлхийн анхны улс болсон бөгөөд үүнтэй холбогдуулан тус улсыг “Санхүүгийн байдлыг тогтворгүй болгох эрсдэлийг нэмэгдүүлж байна” гэж Олон улсын валютын сан тэргүүтэй дэлхийн банк санхүүгийн байгууллагууд шүүмжилж байсан юм.

Мөн “Биткойн” мэтийн криптовалютууд гэмт хэрэгтнүүдийн мөнгө угаах ажлыг хөнгөвчилж болзошгүйгээс гадна ийм төрлийн криптовалютыг олборлоход маш их цахилгаан зарцуулдаг учир байгаль орчинд сөргөөр нөлөөлнө гэж мэргэжилтнүүд үздэг байна.

Ямар ч криптовалютыг ашиглахад интернэт шаардлагатай байдаг бөгөөд 2019 оны байдлаар ТАБНУ-ын иргэдийн ердөө 4% нь л вэб хөтчөөр интернэтэд холбогдож байжээ.

ТАБНУ нь Францын колоничлолд байсан бусад улс орны нэгэн адил Францын франкийг албан ёсны мөнгөн тэмдэгтээрээ ашигласаар ирсэн юм.

ТАБНУ 1960 онд тусгаар тогтносноосоо хойш өнөө хэр нь зөрчил мөргөлдөөнтэй байна.

Хүн амынх нь дийлэнх хувийг христийн шашинтнууд эзэлдэг тус улсын засгийн эрхийг 2013 онд исламын шашинт босогчид булаан авч, улмаар олон зэвсэгт бүлэглэл байгуулагдаж, шашин хоорондын мөргөлдөөн, хядлага газар авах болжээ.

2016 онд Фостен-Арканж Туадера Ерөнхийлөгч болсноор ТАБНУ стратегийн холбоогоо Францаас Орос руу шилжүүлж эхэлсэн юм.

Эх сурвалж: BBC

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn