Сирийн дайн яагаад 11 жил үргэлжилж байна вэ?

Арав гаруй жилийн өмнө ерөнхийлөгчөө эсэргүүцэж эхэлсэн тайван бослого өдгөө иргэний дайн болж хувирсан. Мөргөлдөөний улмаас хагас сая хүн амь насаа алдаж, хотууд сүйрч, бусад улс орнуудыг ч хамарсан.
Сирийн дайн яагаад 11 жил үргэлжилж байна вэ?
REUTERS

Сирийн дайн хэрхэн эхэлсэн бэ?

AFP

Мөргөлдөөн үүсэхээс ч өмнө эцэг Хафезыг нас барсны дараа, түүний залгамжлагч Башар аль-Ассадын үед ажилгүйдэл, авлига, улс төрийн эрх чөлөөгүй байдлын талаар гомдоллож байсан.

2011 оны 3 дугаар сард хөрш орнуудад дарангуйлагч эрх баригчдыг эсэргүүцсэн бодлого гарснаас санаа аван ардчиллын төлөөх жагсаал Дераагийн өмнөд хэсгийн хотод өрнөж эхэлсэн ба Сирийн засгийн газар босогчдыг дарахын тулд зэвсэг хэрэглэж эхэлснээр ерөнхийлөгчийг огцрохыг шаардсан жагсаал орон даяар өрнөжээ.

Эмх замбараагүй байдал, хэлмэгдүүлэлт газар авч байлаа. Сөрөг хүчнийхэн эхлээд өөрсдийгөө хамгаалах зорилгоор, дараа нь бүс нутгаа аюулгүйн хүчнийхнээс чөлөөлөхийн тулд зэвсэг барив. Ноён Ассад харин "гаднын дэмжлэгтэй терроризм"-ийг дарна гэж амлаж байлаа.

Хүчирхийлэл хурдацтай нэмэгдэж, улс орон иргэний дайнд автав. Олон зуун босогчдын бүлгүүд гарч ирсэн бөгөөд мөргөлдөөн ноён Ассадын төлөө эсвэл түүний эсрэг Сиричүүдийн хоорондын тулаан байв. Гаднын гүрнүүд тал засаж, мөнгө, зэвсэг, дайчдыг илгээж, эмх замбараагүй байдал улам даамжирч, Исламын улс (IS) бүлэглэл, Аль-Каида зэрэг хэт даврагч жидахист байгууллагууд оролцож эхлэв. Энэ байдал нь олон улсын хамтын нийгэмлэгийн санаа зовнилыг улам гүнзгийрүүлж байлаа.

Хэдэн хүний амь эрсэдсэн бэ?

REUTERS

2011 оны 3 дугаар сараас 2021 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд наад зах нь 350,209 энгийн иргэн, байлдагчдын амь үрэгдсэн гэдгийг НҮБ мэдээлсэн боловч энэ нь "бодит тооноос дутуу" гэдгийг нэмж хэлсэн юм. Мөн НҮБ-ын хүний эрхийн тэргүүр Мишель Бачелет хохирогчдын 26,727 нь эмэгтэйчүүд 27,126 нь хүүхэд байгааг онцоллоо.

Их Британид төвтэй Сирийн Хүний эрхийн Ажиглалтын Төв (SOHR) 2021 оны 6 дугаар сарын байдлаар 494,438 хүн амиа алдсан байгааг мэдээлсэн юм. Харин Сирийн засгийн газрын мэдээлснээр дор хаяж 159,774 энгийн иргэн амь үрэгдсэн гэжээ.
Өөр нэг хяналтын бүлэг болох Зөрчлийн Баримт бичгийн төв нь 2022 оны байдлаар байлдааны улмаас 238,716 хүн амиа алдсаны 144,956 нь энгийн иргэн байсныг баримтжуулсан байна. Мөн дээрхийн 165,490 нь Сирийн засгийн газрын хүчин, 35,610 нь сөрөг хүчнийхэн байсан гэж мэдэгджээ.

Хэн хэн оролцов?

AFP

Сирийн засгийн газрын гол дэмжигчид нь Орос, Иран байсан бол Турк, барууны гүрнүүд болон Персийн булангийн Арабын хэд хэдэн улсууд сөрөг хүчинд янз бүрийн дэмжлэг үзүүлсээр ирсэн.

Дайны өмнө Сирид цэргийн баазтай байсан Орос улс 2015 онд ноён Ассадыг дэмжих агаарын кампанит ажил эхлүүлсэн нь дайны давуу талыг засгийг газрын талд эргүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Оросын арми тухайн үед зөвхөн "террористуудыг" онилдог гэж мэдэгдэж байсан ч хүний эрхийн идэвхтнүүд тэднийд босогчид болон энгийн иргэдийг онилж, устгадаг хэмээн үзэж байсан юм.

Ноён Ассадад туслахаар Иран хэдэн зуун цэргээ Сирид байрлуулж, олон тэрбум ам.доллар зарцуулсан гэж үздэг. Ирак, Афганистан, Йемен зэрэг улсуудаас гадна Ливаны "Хезболла" хөдөлгөөн, Ираны олон мянган лал цэргүүд Сирийн армийн хамт тулалдаж ирсэн.

АНУ, Их Британи, Франц улсууд эхэндээ босогчдын бүлэгт дэмжлэг үзүүлж байсан ч жихадистуудын зэвсэгт сөрөг хүчин давамгайлж эхэлснээр хүний амьтай холбоотой, хүмүүнлэгийн тусламжид илүүтэй анхаарах болсон.

2014 онд Сирид агаарын цохилт өгснөөс хойш АНУ тэргүүтэй дэлхийн эвсэл Курдуудад болон Сирийн ардчилсан хүчин (SDF-Syrian Democratic Forces) гэгдэх Арабын зэвсэгт хүчний холбоонд нэгэн цагт IS бүлгийн эзэмшилд байсан газар нутгаа буцаан эзлэхэд нь тусалж байсан.

Турк бол сөрөг хүчний томоохон дэмжигч бөгөөд Туркийн цэргүүд болон холбоотны босогчид Сирийн хойд хилийн дагуух газар нутгийг эзлэн авч, засгийн газрын сөрөг хүчнийхний Идлиб рүү хийсэн бүх талын дайралтыг зогсоохоор хөндлөнгөөс оролцож байсан билээ.

Ираны нөлөөллийг сөрөн зогсох сонирхолтой Саудын Араб нь дайны эхэн үед босогчдыг зэвсэглэж санхүүжүүлж байсан бөгөөд Катар ч мөн ижил оролцоотой байв.

Үүний зэрэгцээ, Израил Сирид Ираны "цэргийн бэхлэлт" болон Ираны зэвсгийг Хэзболла болон бусад зэвсэгт бүлэглэлүүд тээвэрлэж байгаа явдалд ихээхэн санаа зовниж, тэднийг таслан зогсоохын тулд агаарын цохилтыг улам бүр нэмэгдүүлсээр байлаа.

Дайн тус улсад хэрхэн нөлөөлөв?

AFP

11 жилийн дайн Сирийн иргэдэд асар их гай зовлон дагуулсан.

Дайны өмнө 22 сая хүн амтай байсан Сири улсын иргэдийн талаас илүү хувь нь эх орноосоо дүрвэжээ. Тэдний 6.9 сая орчим нь дотооддоо шилжин суурьшсан бол 2 сая гаруй иргэд нь үндсэн үйлчилгээнээс хязгаарлагдмал байдалд майхан лагерьд амьдарч байна. Бусад 6.8 сая иргэд нь гадаадад дүрвэгсэд болон орогнол хүсэгчид юм. Хөрш зэргэлдээх Ливан, Йордан, Турк улсууд тэдний 84%-ийг хүлээн авч суурьшуулдаг байна.

НҮБ-ын мэдээлснээр 2022 оны 2 дугаар сарын байдлаар Сири дэх 14.6 сая хүнд хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байгаа бөгөөд үүний дотор 5 сая орчим хүн онцгой буюу гамшгийн байдалд ороод байна. Одоогийн байдлаар 12 сая гаруй хүн өдрийн хоолныхоо төлөө тэмцэж байгаа ба энэ байдал нь 2019 онтой харьцуулахад 51%-аар өссөн үзүүлэлт юм.

Сирид хагас сая хүүхэд архаг хоол тэжээлийн дутагдалд орсон байна.
НҮБ

Одоо Сирийг хэн удирдаж байна вэ?

AFP

Сирийн засгийн газар томоохон хотуудын хяналтыг эргүүлэн авсан ч тус улсын ихэнх хэсгийг босогчид, жихадистууд болон Курд тэргүүтэй SDF-ийн мэдэлд байлгасаар байна.

Сөрөг хүчний сүүлийн бэхлэлт нь баруун хойд Идлиб муж болон хойд Хама болон баруун Алеппо мужуудын зэргэлдээх хэсгүүдэд үлдээд байна.

ВВС

Тус бүс нутагт Хаят Тахрир аль-Шам хэмээх жихадист эвсэл ноёрхож байгаа ч босогчдын гол бүлэглэлүүд ч бас оршсоор байгаа. Ойролцоогоор 2.8 сая дүрвэгсэд, тэр дундаа 1 сая хүүхэд тэнд, хуарангийн хүндхэн нөхцөлд амьдарч байна.

Энэ дайн дуусах уу?

AFP

Дайн дуусах төлөв ажиглагдахгүй байгаа ба энд ямар нэг улс төрийн шийдэл хэрэгтэй гэдэгтэй ажиглагчид санал нэгдэж байгаа.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 2012 оны Женевийн мэдэгдэлдээ "харилцан зөвшилцөлд хүрэх хэрэгтэй" гэж холбогдох удирдлагуудад уриалав.

Женев II хэмээн нэрлэгддэг НҮБ-ын зуучлалын энхийн хэлэлцээний есөн үе шатанд ахиц дэвшил гарсангүй. Сөрөг хүчнийхэн үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд ерөнхийлөгч Ассадыг огцрох ёстой гэж үзэж байгаа ч тэрээр хэлэлцээр хийхийг хүсэхгүй байгаа юм.

Орос, Иран, Турк улсууд 2017 онд "Астанагийн үйл явц" гэгддэг улс төрийн хэлэлцээг эхлүүлсэн. Үүний дараа жил шинэ үндсэн хуулийг бичиг 150 хүний бүрэлдэхүүнтэй хороо байгуулах тохиролцоонд хүрч, НҮБ-ын хяналт дор чөлөөт, шударга сонгууль зохион байгуулах шийдэлд хүрэв. Уг хэлэлцээний сүүлийн шат 2021 оны 10-р сард болсон болсон ба тус хорооны гишүүд өнөөг хүртэл нэгдмэл шийдэлд хүрч чадаагүй байгаад НҮБ-ын тусгай элч Гейр Петерсон "ихэд урам хугарсан" гэдгээ мэдэгджээ.

Өдгөө харилцан ойлголцолгүй байдал үүсээд 12 дахь жилийн нүүрийг үзэж байгаа бөгөөд ноён Петерсон "Энэ асуудлыг цэрэг армийн хүчээр шийдэх үе хэдийнээ өнгөрсөн. Үүнд улс төрийн шийдэл л хэрэгтэй." гэж үзээд байгаа юм.

Даян дэлхий энх амгалан байг.

Эх сурвалж: ВВС, UN, reliefweb, phr.org

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn