Киевийн хий үзэгдэл

Оросын хэвлэл мэдээллээр бараг өдөр бүр гарч, мэдээ бүрд дурдагдаж байсан сайд хаачсан бэ?
Киевийн хий үзэгдэл

Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу хамгийн сүүлд 3 дугаар сарын 11-нд Москвад Туркийн Батлан хамгаалахын сайдтай уулзсанаас хойш харагдсангүй. Янз бүрийн цуу яриа ч гарч эхлэв. Оросын хэвлэл мэдээллээр бараг өдөр бүр гарч, мэдээ бүрд дурдагдаж байсан сайд хаачсан бэ? Владимир Путиний хамтаар цөмийн зэвсгийн кодыг хадгалдаг хүн. Тэр бүү хэл түүнийг Оросын лидерийг залгамжлагч ч гэдэг. Украины эсрэг цэрэг, дайны ажиллагаа Кремлийн төлөвлөснөөр болоогүй тул түүний гарт төвлөрч байсан эрх мэдэл бутран унасан бололтой. Орос, Украины нийгмийн сүлжээнд “Киевийн хий үзэгдэл”-ийн талаар шуугьж эхэлжээ.

Москвагаас мэдээлж буйгаар, тэрээр “Зүрхний асуудалтай” болсон гэжээ. Шойгу хамгийн сүүлд 3 дугаар сарын 18-нд Аюулгүй байдлын зөвлөлийн хуралд оролцсон хэмээн нэр дурдагджээ. Гэвч уулзалтад оролцож буй зураг, бичлэг нь цацагдсангүй. Энэ өдөр телевизийн мэдээнд түүний дүр харагдсан ч тэр нь долоо хоногийн өмнө Туркийн сайдтай уулзаж буй дүрс байв. Сергей Шойгу 2 дугаар сарын 27-нд цөмийн зэвсгийн нөөцөө дээд зэргийн бэлэн байдалд шилжүүлэх тушаалыг Путинээс авснаас хойш олон нийтийн өмнө үзэгдсэнгүй.

Оросын армийн тэргүүний талаарх цуу яриа Украин дахь Оросын цэргийн давшилтаас хурдан тархаж байна. Путинийг эрх мэдлээс түлхэн унагах хуйвалдаан, болзошгүй төрийн эргэлтийн ард Шойгу байсан, тиймээс түүнийг урвалтын хэргээр шүүхэд дуудсан хэмээн зарим нь хэлж байна. Нөгөө хэсэг нь, Украин дахь цэрэг, дайны ажиллагаа бүтэлгүй байгаа тул эрх мэдлээс зайлуулж, гэрийн хорионы дэглэмд оруулсан гэж байна. Мөн АНУ, Их Британи Кремлийн цэрэг, дайны төлөвлөгөөний нарийн ширийнийг олж мэдэж дэлгэсний дараа Путиний эхлүүлсэн цэвэрлэгээнд өртсөн гэх хувилбар явж байна. Бас нэг хувилбар яригдаж байгаа нь, Шойгугийн 31 настай охин Ксениагийн Украины далбааны цэнхэр, шар өнгийн хувцастай зураг Инстаграмд орсон нь түүнийг зайлуулах нэг шалтаг болсон бололтой. Daily Mail мэдээлж буйгаар, Украиныг түрэмгийлэн буулгаж авах төлөвлөгөө нь гацаанд орж бүтэлгүйтсэн тул Путин буруутныг хайж, эхнээс нь ангуучилж эхэлсэн аж.

Цэрэг, дайны ажилагааг эхлүүлснээс хоёр гурав хоногийн дотор Киевийг эзэлнэ гэж байсан төлөвлөгөө нь нуран унасан нь цэргийн нууц ажилагааны мэдээлэл алдагдсантай холбоотой гэж үзсэн бололтой. Путин Холбооны аюулгүй байдлын албаны дарга Александр Бортников, зэвсэгт хүчний ерөнхий штабын дарга Валерий Герасимов нарыг мөн буруутгаж байгаа хэмээн Британийн хэвлэл баталж байна. Ерөнхий штабын орлогч дарга Игорь Костюковыг мөдхөн эрх мэдлээс зайлуулахаар болжээ. Украины эсрэг цэргийн ажиллагааг эхлүүлэхээс өмнө Путин гадаад тагнуулын албаны дарга Сергей Нарышкинтай эвгүй, доромж байдлаар харилцаж байсан юм.

Шойгу Санкт Петербургийн КГБ-ийн экс ажилтнуудын тойргоос гаралтай. Цэргийн боловсрол байхгүй, иргэний инженерийн дипломтой. Төрд янз бүрийн алба хашиж байгаад 2012 онд Путиний тушаалаар Батлан хамгаалахын сайд болжээ. Оросын түүхийг гүнзгий судалсан, ан гөрөө, загасчлах зэрэг Путинтэй адил хоббитой. Тэд хөвч тайга руу энэ зорилгоор хэд хэдэн удаа хамт явж байв. The Siberian Times мэдээлснээр, Шойгу англи, япон, хятад, турк зэрэг есөн хэлээр чөлөөтэй ярьдаг аж.

Сайд Шойгугийн үндэс угсааг яривал орос хүн биш. Эцэг нь тува үндэстэн, ээж нь украин. Монголын хил орчмын нутагт мэндэлжээ. Шойгу Путиний хажууд шадарласнаасаа хойш асар их өмч хөрөнгөтэй болсон хэмээн сөрөг хүчний лидер Алексей Навальный ярьдаг. Москвагийн ойролцоох Барвихад 18 сая доллароор үнэлэгдэх япон маягийн зуслантай. Мөн Флоридад охиныхоо нэр дээр тансаг байшин, дарвуулт хөлөг онгоц худалдаж авчээ.

Украины эзлэн түрэмгийллийн цэргийн хамгийн том хариуцлагатай этгээд хаана байж болох вэ хэмээн дэлхий нийт асууж байна. Путиний хажууд сүүдэр мэт байж байх ёстой хүн хаачсан бэ? Хэрвээ Путин цөмийн дайн эхлүүлье гэвэл Шойгугийн хурууны хээгүйгээр ямар ч цөмийн зэвсгээ идэвхжүүлж чадахгүй.

Эх сурвалж: www.infobae.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn