Сармагчны цэцэг өвчний тархалттай хэрхэн тэмцэх вэ?

Ирэх саруудад буюу зуны амралтын үеэр баяр наадам, үдэшлэг, амралт зугаалгад хүмүүс олноороо явснаар энэ өвчний тархалт улам бүр эрчимжиж болзошгүй гэж ДЭМБ-ын мэргэжилтнүүд үзэж байна.
Сармагчны цэцэг өвчний тархалттай хэрхэн тэмцэх вэ?

Баруун болон Төв Африкийн улсуудад түгээмэл бүртгэгддэг “сармагчны цэцэг” өвчин хэмээх вирусийн гаралтай халдварт өвчний тархалт Европын улс орнууд болон бусад бүс нутагт нэмэгдэж буйд дэлхийн эрүүл мэндийн салбарынхан сэтгэл түгшиж байна.

5 дугаар сарын 21-ний байдлаар, сармагчны цэцэг өвчний халдварын нийт 92 тохиолдол лабораторийн шинжилгээгээр батлагдаж, сэжигтэй 28 тохиолдол бүртгэгдээд байна.

Сармагчны цэцэг өвчин өмнө нь гарч байгаагүй орнуудад тархаж байгаа учир тандалт судалгааны ажлаа өргөжүүлж, энэ өвчний тархалтыг хэрхэн бууруулах талаар улс орнуудад ойрын өдрүүдэд нэмэлт заавар, зөвлөмж өгөхөөр ажиллаж байна гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/ мэдэгдэв.

Сармагчны цэцэг өвчний одоогийн тархалт болоод эрсдэлийн талаар дор бичсэнтэй танилцана уу.

Энэ өвчин хэр аюултай вэ?

АНУ-ын нийгмийн эрүүл мэндийн нэгэн мэргэжилтний хэлснээр, энэ өвчин нь одоогоор нийгмийн эрүүл мэндэд буюу бүх нийтэд эрсдэл учруулах эрсдэл бага байна.

Сармагчны цэцэг өвчин туссан үед халуурах, толгой өвдөх, булчин өвдөх, биен дээгүүр, ялангуяа нүүр, гар болон хөлөн дээгүүр товгор юм туурч, загатнах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

Энэ нь салхин цэцэг өвчинтэй холбоотой боловч шинж тэмдгийн хувьд харьцангуй хөнгөн аж. Тухайлбал, АНУ-д Баруун Африкийн омгийн сармагчны цэцэг өвчний халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нас баралтын түвшин 1%-тай байна. Халдвар авсан хүмүүс 2-4 долоо хоногийн дотор бүрэн эдгэрдэг гэж албаны хүн хэлжээ.

Вирусийн гаралтай энэ өвчин нь дэлхий даяар Ковид-19 цар тахлыг өдөөсөн SARS-CoV-2 вирус шиг амархан халдварлаж дамждаггүй гэнэ.

Мэргэжилтнүүдийн хэлснээр, одоо бүртгэгдэж буй сармагчны цэцэг өвчин нь арьсан дээгүүр нь тууралт гарч эхэлсэн хүний биед ойртож хүрсэн тохиолдолд халдварлаж байгаа бөгөөд халдвар авсан хүмүүсийг бүрэн олж тогтоовол тархалтыг зогсооход тийм ч хэцүү биш ажээ.

“Ковид бол агаар дусал, амьсгалын замаар дамждаг халдварлах чадвар маш өндөр өвчин. Сармагчны цэцэг өвчний хувьд тийм биш” гэж АНУ-ын Массачусетсын Нэгдсэн эмнэлгийн доктор Мартин Хирш хэлжээ.

“Одоо чухам юу тохиолдож байна вэ гэхээр сармагчны цэцэг өвчин нь хүмүүсийн дунд бэлгийн замаар дамждаг халдварт өвчнүүдийн нэгэн адил тархаж байгаа нь дэлхий даяар тархалтыг нэмэгдүүлж байна” гэж ДЭМБ-ын мэргэжилтэн, тархвар судлаач Дэвид Хейманн мөн мэдэгдсэн байна.

Эрүүл мэндийн мэргэжилтнүүд юунд санаа зовж байна вэ?

ДЭМБ-ын мэдэгдсэнээр, урьд өмнө нь тархаж байгаагүй газруудад сармагчны цэцэг өвчин тархаж буй нь “хэвийн бус үзэгдэл” юм.

Сармагчны цэцэг өвчний одоогийн тархалтын гарал үүсэл болон вирус ямар нэгэн байдлаар хувьсан өөрчлөгдөж байгаа эсэхийг эрдэмтэн судлаачид тогтоохоор ажиллаж байна.

Хамгийн сүүлд Израил, Швейцар болон Австри улсад сармагчны цэцэг өвчний халдварын тохиолдлууд бүртгэгдсэнээр халдвар тархсан улсуудын тоо 15 боллоо.

Нийт бүртгэгдсэн халдварын дийлэнх нь Их Британи, Испани болон Португалд бүртгэгдээд байна.

АНУ-ын Бостон хотод сармагчны цэцэг өвчний халдварын нэг тохиолдол одоогоор бүртгэгдээд буй бөгөөд мэргэжилтнүүдийн хэлснээр, тус улсад халдварын илүү олон тохиолдол бүртгэгдэх магадлал өндөр байна.

Ирэх саруудад буюу зуны амралтын үеэр баяр наадам, үдэшлэг, амралт зугаалгад хүмүүс олноороо явснаар энэ өвчний тархалт улам бүр эрчимжиж болзошгүй гэж ДЭМБ-ын мэргэжилтнүүд үзэж байна.

Сармагчны цэцэг өвчний халдвараас хэрхэн сэргийлж, хамгаалах вэ?

Их Британи эрсдэлт бүлгийн хүмүүсийг, тухайлбал, сармагчны цэцэг өвчин туссан хүмүүсийг эмчилж буй эмнэлгийн ажилтнуудыг салхин цэцгийн вакцинаар вакцинжуулж эхэлжээ.

Мөн АНУ-ын Засгийн газар мэдэгдэхдээ “Манай улсын Стратегийн үндэсний нөөцөд хүн амаа бүрэн вакцинжуулахад хангалттай хүрэлцэхүйц хэмжээний салхин цэцгийн вакцин бий” гэжээ.

Мөн салхин цэцэг өвчний үед хэрэглэдэг вирусийн эсрэг эм тарианууд бий бөгөөд эдгээрийг сармагчны цэцэг өвчин туссан хүмүүсийг эмчлэхэд тодорхой нөхцөлд ашиглаж болно гэж АНУ-ын албаны хүн хэлсэн байна.

Илүү өргөн хүрээнд авч үзвэл энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд бие дээгүүр нь юм туурсан болон бие нь өвдсөн хүмүүсээс зай барьж, халдвар авсан байж болзошгүй хүмүүсийг тусгаарлаж, эмчлэх хэрэгтэй гэж эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд зөвлөж байна.

“Вирусийн тархалт гэдэг шинэ зүйл биш. Олон хүчин зүйл, тухайлбал аялал жуулчлалын салбар сэргэж буй болон уур амьсгалын өөрчлөлтийн улмаас вирусүүдийн тархалт эрчимжиж байна” гэж Канадын Саскачеваны их сургуулийн харьяа Вакцин ба халдварт өвчний байгууллагын вирус судлаач Анжела Расмуссен хэлжээ.

Эх сурвалж: Reuters

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn