
Орос-украины дайн дэгдсэнээс хойш дэлхийн зах зээл дээр үр тарианы ханш 50%-аар өссөн бөгөөд ОХУ энэ улирлын байдлаар үр тарианы экспортоос 1.9 тэрбум ам.долларын орлого олжээ. Турк, Иран зэрэг орнуудад нийлүүлсэн оросын үр тарианы хэмжээ мэдэгдэхүйц өссөнийг статистик харуулж байна.
Оросын Хар тэнгисийн флот Украины Одесс боомтыг бүслэн хааснаас болж улаан буудай, наранцэцгийн үр зэрэг ХАА-н гаралтай бүтээгдэхүүн ачсан украины хөлөг онгоцнууд задгай далайд гарч захиалагчдад барааг нь хүргэх боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл, ОХУ гол өрсөлдөгчөө жагсаалаас гаргачихаад байгаа юм. “Оросууд эдийн засгийн хоригийг цуцлах хүртэл Одесс боомтыг нээхгүй гэсэн нь хүнсийг дайны зэвсэг, улс төрийн хэрэгсэл болгон ашиглаж буй хэлбэр” хэмээн Лондонд төвтэй Chatam House тинк-танк институтийн эрсдэлийн судалгаа хариуцсан захирал Т.Бентон өгүүлжээ.
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн тэргүүн Д.Бисли Швейцарын Давос хотноо хуралдаж буй Дэлхийн эдийн засгийн форумд оролцохдоо “Украины боомтуудыг нээхээс татгалзсан явдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдлын эсрэг дайн зарласантай ижил хэрэг. Хүнсний хомсдол 1%-аар өсөхөд дүрвэгсдийн хөдөлгөөн 2%-аар нэмэгддэг. Өдгөө дэлхийн 43 орны 49 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэхэд ойрхон байна” гэж мэдэгдсэн юм. Мөн Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен тус форумд үг хэлэхдээ “Оросууд украины үр тарианы агуулахуудыг зориудаар бөмбөгдсөөр байна” хэмээн шүүмжилсэн.
Украин нь дэлхийн зээлд улаан буудай, наранцэцгийн тос, эрдэнэ шиш, зөгийн бал, тахианы махны томоохон нийлүүлэгч бөгөөд дайн эхэлснээс хойш тус улсын ХАА-н гаралтай бүтээгдэхүүний экспорт (жишээ нь: үр тарианы экспорт 15 сая тонноор буурсан) огцом буурснаар дэлхий даяар хүнсний бүтээгдэхүүний үнэ ханш өсөж, улмаар өлсгөлөнгийн аюул дагуулж байгаа билээ.