Оросууд цэргээ татаж байгаа нь зөвхөн тактикийн шинжтэй нүүдэл

ОХУ Киев, Чернигов орчмоос цэргээ татах тухай мэдэгдсэн нь байлдааныг бүрмөсөн намжаах бус хүчээ дахин бүлэглэж, улмаар Донбасс дахь ажиллагааг эрчимжүүлэх зорилготой
Оросууд цэргээ татаж байгаа нь зөвхөн тактикийн шинжтэй нүүдэл
© Stringer

Өчигдөр Туркийн Истанбул хотноо болсон Орос-Украины энхийн яриа хэлэлцээнд оролцсон ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд А.Фомин “Талуудын хооронд харилцан итгэлцлийг бэхжүүлэх зорилгоор оросын тал Киев, Черниговын чиглэлд байлдааны ажиллагаагаа үндсээр нь хумих шийдвэр гаргасан” хэмээн мэдэгдсэн юм.

Тэгвэл үүнийг нааштай алхам, энхийн хэлэлцээрт хүрэхэд ойртлоо гэхчлэн өөдрөгөөр авч үзэхэд дэндүү эртэднэ гэдгийг цэргийн шинжээчид анхааруулж байна. Тэдний хувьд оросын арми Украин дахь үндсэн хүчээ Донбасс орчимд төвлөрүүлэх тактикийн маневр хийж байна хэмээн үзэж буй.

Энэхүү таамгийг нотлох мэт ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу “Украин дахь цэргийн тусгай ажиллагааны эхний шат амжилттай хэрэгжиж, Украины армийн байлдааны чадварыг үлэмж хэмжээгээр сулрууллаа. Одоо бидний дараагийн зорилго бол Донбассыг бүрэн чөлөөлөх явдал” гэжээ.

Сар гаруй үргэлжилсэн ширүүн тулалдааны эцэст оросын цэргүүд стратегийн чухал байршилтай Мариуполь хотыг буулгаж авсан. Ингэснээр Донбассыг Крымын хойгтой хуурай замаар холбох дэд бүтцийн гол зангилааг хяналтдаа оруулаад байгаа юм.

Оросууд Киевийг эзэлж нэгэнт хүчрэхгүй байгаа тул нөөцөө тарамдалгүй Донбасс-Крымын коридорыг аюулгүй болгоход бүх хүчээ чиглүүлэхээр шийдсэн гэж дүгнэж болохоор байна.

Истанбул дахь ээлжит яриа хэлэлцээ өндөрлөсний дараа Украины Ерөнхийлөгчийн зөвлөх О.Роднянський Блүүмберг телевизэд өгсөн ярилцлагадаа “Тэднийг (оросуудыг) хэлэлцээний ширээнд суулгаж, тохиролцоонд хүрэх цорын ганц зам бол дайны талбар дахь Украины давамгайлал, илүү өргөн хүрээтэй эдийн засгийн хориг арга хэмжээнүүд л байх болно” хэмээн сануулжээ.

Эх сурвалж: Bloomberg

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn